Метан нүүрстэй өрсөлдөх үү?

Шинэ мэдээ

Манай улсын “Эрдэнэс Метан” болон Австралийн “Жейд метан” компаниуд Тавантолгой бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох хөрөнгө оруулалтын гэрээг тавдугаар сарын 17-нд байгуулав.

Энэ бол “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс өнгөрсөн 2018 онд гаргасан “Эрдэнэс метан” компанийн нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэн, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олохыг чиглэл болгосон шийдвэрийн үр дүн юм. Энэ дагуу “Эрдэнэс метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаар Австралийн “Жейд метан” компани шалгарсан юм байна.

Тус компани сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан метан хийн нөөцийг нарийвчлалтай тогтоох бөгөөд гарч болох эрсдэлийг өөрсдөө хариуцан ажиллахаар болжээ. Энэ удаа нөөц тогтоох чиглэлд илүү баталгаатай, бодитой судалгаа хийнэ. Монголчууд метан хийг ашиглах чиглэлд нэг алхам урагшилна гэсэн үг.

Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү

Монгол Улсад метан хийн зах зээл хөгжих бүрэн боломж, бас ирээдүй бий. Өнөөдөр бид нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах том ажлын эхлэлийг тавилаа.

Нажид ихтэй намгийн хий

Метан хийг эрчим хүчний нөөц баялаг, эх үүсвэр гэдэг талаас нь манай улсад төдийлөн судалж байсангүй. Түүнээс биш монголчууд метан хийтэй танилцсан цаг хугацаа нэлээд олон арван жилээр хэмжигдэнэ. 1996 онд нүүрсний давхаргын метан хий дэлбэрсэн нь Налайхын уурхай хаагдах гол шалтгаан болж байсан юм. Магадгүй тэр үеэс метан хий хүний амь нас, эрүүл мэндэд асар хортой, аюултай гэдгийг илүү мэддэг болсон байх.

Метан хий гэдэг бол намгийн хий юм. Энэ нь дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн хийнүүдийн нэг. Байгаль дээр нүүрс, байгалийн хий, нефть зэрэгтэй хамт байдаг. Тиймээс эдгээр нөөц баялгийг олборлох, тээвэрлэх, боловсруурах явцад метан хий их хэмжээгээр ялгардаг байна. Гарал үүслийн хувьд биологийн болон уул уурхайн гаралтай гэж ангилж болно. Биологийн метан хий нь хатуу хог хаягдал булсан газрууд, мал амьтны ялгадас, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хот суурингийн бохир ус цэвэрлэх системд байгаа органик бодисын задралаас ялгардаг. Веган буюу ургамал хоолтнууд махан хоол идэх нь хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг гэж үздэг нь үндэслэлтэй бөгөөд мал, амьны гаралтай хоол хүнс, ялгадас зэргээс метан хий ихээр ялгардагтай холбоотой.

Метан хий шинж чанарын хувьд бусад хүлэмжийн хийнүүдээс илүү аюултай, маш хортой. Мөн байгаль дээр удаан хугацаанд задралгүйгээр хадгалагддаг. Энэ шинж чанар нь дэлхийн дулааралд нөлөөлдөг байна.

Тухайлбал, нүүрсний олборлолтын үед болон уул уурхайн бусад үйл ажиллагааны явцад чөлөөлөгдсөн метан хий агаар мандалд 15 жил задрахгүйгээр хадгалагддаг ажээ. Үүгээрээ метан хий дэлхийн дулааралд нүүрс хүчлийн хийнээс 21 дахин илүү нөлөөлж байгаа гэдгийг судлаачид тогтоосон байна.

Метан хийг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол 2030 он гэхэд метаны ялгарал өнөөдрийхөөс 45 хувиар нэмэгдэж, байгаль орчны доройтол, дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлнө гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан байна. АНУ, БНХАУ, Украин, Австрали, ОХУ, Энэтхэг зэрэг улсууд метан хийн үндсэн ялгаруулагч гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл эдгээр хөгжингүй улс гүрнүүдийг хүлэмжийн хийг хамгийн ихээр “үйлдвэрлэж” байгаа гэж хэлж болно.

Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, байгаль экологийн доройтлыг бүрмөсөн зогсоох боломжгүй бөгөөд харин хүлэмжийн хийг аль болох бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг зохих хэмжээгээр сааруулах тухай л дэлхийн улс орнууд ярьж байна. Тиймээс ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах болжээ. Үүнийг ногоон эрчим хүчний ноёрхол эхэллээ, ногоон хувьсгал яллаа ч гэж бичих болж. Олон улсын эрчим хүчний агентлаг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нүүрснийхээс давсан тухай хоёр жилийн өмнө мэдэгдэж байв. Үүнтэй зэрэгцээд өнөөх аюул занал дагуулдаг, хор хөнөөлтэй гэгддэг нажид ихтэй намгийн хий метан болон байгалийн хийн хэрэглээ ч түүнээс дутахааргүй нэмэгдэж байгаа ажээ.

Уламжлалт бус нөөц

Байгалийн хий, метан хийг хөгжингүй улс орнууд эрчим хүчний салбартаа өргөн ашиглаж байна. Байгалийн хийн хэрэглээгээр АНУ, ОХУ, Иран, Катар, Канад, Хятад, Норвеги, Нидерланд зэрэг улсууд тэргүүлдэг. Харин уламжлалт бус нөөц метан хийн хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч байгаа ажээ.

Метан хийн олборлолтоороо АНУ, Канад, БНХАУ дэлхийд тэргүүлж байна. Манай улс нүүрсний нөөц баялаг ихтэй. Үүнийг дагаад нүүрсний давхаргийн метан хийн нөөц чамлахааргүй гэж үздэг.

Монголчуудын хувьд метан хийн асуудал эрэл судалгааны түвшиндээ яваа. Эдүгээгээс 11 жилийн өмнө буюу 2008 оноос нүүрсний давхаргын метан хийг олборлох, ашиглах тухай ярьж эхэлсэн ч энэ нь таван жилийн өмнөөс ажил хэрэг болох шатандаа орж анхны албан ёсны гэрээ хэлцлүүд хийгджээ.

Тухайлбал, 2014 оны хоёрдугаар сард Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болж байв. Уг төслийг Солонгосын төрийн өмчит “Ko­rea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэхээр талууд хамтарсан санамж бичиг байгуулсан юм. Ингэснээр эрчим хүчний уламжлалт бус нөөц буюу нүүрсний давхаргын метан хийг судлах, түүнийг ашиглах технологийг нэвтрүүлэх ажил албан ёсоор эхэлсэн билээ. Дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч “Korea Gas Corporation” компанид монголчууд итгэж байв. Тиймээс 2015 он гэхэд метан хийн туршилтын үйлдвэрээ барьчихна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байсан юм.

БНСУ-ын төрийн өмчит “Ko­rea Gas Corporation” компани нүүрсний давхаргад байгаа метан хийг гаргаж, цэвэршүүлэх байгууламж оруулж ирж угсарсан байна.

Ингээд Тавантолгойн ордын Бор тээгийн хэсэгт өрөмдлөг эхлүүлэх явцад өвлийн улиралд цооногоос их хэмжээний ус гарч хөлджээ. Үүнээс болоод эрлийн ажил зогсоход хүрсэн аж. Метан хий нь нүүрсний давхаргад их хэмжээний устай хамт байрладаг. Тиймээс эхэлж өрөмдөхөд их хэмжээний ус гардаг байна. Австраличууд нүүрсний давхаргаас гардаг энэхүү усыг хөдөө аж ахуй, газар тариаланд ашигтайгаар боловсруулж нэг сумаар хоёр туулай буудаж чадсан туршлага бий. Австралийн Квийнсланд мужийн “Квийнсландын газ” буюу QGC компани метан хийг шингэрүүлэн олборлох дэлхийн анхны үйлдвэрийг гурван жилийн өмнө байгуулжээ. Тус компанийн олборлолтын талбай нь Их Британийн газар нутгаас ч том хэмжээтэй.

Метаны хийн олборлолт байгалийн хийтэй харьцуулахад бохирдол бага. Аюулгүй байдлын хувьд ч илүү ажээ. QGC-ийнхэн метан хийн цооногоос гарсан усны 97 хувийг цэвэршүүлэн орон нутгийнханд худалдан, газар тариалан, хөдөө аж ахуйд ашиглуулдаг байна. Цооногоос гарсан метан хийнээс усыг нь ялгасны дараа өндөр даралтаар нягтруулан шахаж шингэрүүлнэ. Ингэж шингэрүүлсэн хийгээ 540 км зайтай Куртис арал руу тээвэрлэж улмаар Хятад, Япон, Энэтхэг, Сингапур руу экспортолдог ажээ. Мөн нийт олборлосон хийнхээ багахан хэсэг буюу 16 хувийг нь дотоодын зах зээлд гаргадаг байна. Гэтэл энэ нь Квийнсланд мужийн нийт хийн хэрэгцээний 40 хувь болдог гэхээр QGC- гийн олборлож байгаа метан хийн хэмжээ үлэмжхэн болох нь мэдэгдэнэ.

Австралийн дээрх жишээтэй Тавантолгой дахь метан хийн эрлийн ажлыг харьцуулах аргагүй ч технологийн хувьд яах аргагүй адилхан нөхцөлд өөр өөр үр дүнд хүрсэн нь анхаарал татна. Энд тодруулахад, эрлийн ажил гэдэг бол хайгуул биш. Лабораторийн судалгаа л гэсэн үг юм. Юутай ч Тавантолгойн нүүрсний давхаргын цооногоос гарсан ус хөлдсөн бэрхшээл хүндрэлээс гадна энэхүү эрэл судалгааг хамтран гүйцэтгэж байсан “Korea Gas Corporation” компани 2016 онд улсын төсвөөсөө санхүүжилт авч чадаагүй нь ажил зогсох бас нэг шалтгаан болжээ

Эрлийн үзүүрт “Эрдэнэс метан”

Метан хийн эрэл судалгаа цааш үргэлжлэх ёстой гэдэг байр суурь баримталж байсан тул Засгийн газар 2017 оны хоёрдугаар сард шийдвэр гаргаж “Эрдэнэс Монгол” компанийн охин компани “Эрдэнэс метан”-ыг байгуулсан юм. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн талбайд бүхэлд нь метаны эрэл хийх гэрээ байгуулан ажлаа эхэлжээ. Энэ ажилдаа гадаадын туршлагатай, томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд 2016 онд нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээг таван компани байгуулжээ. Тэдгээрээс нэг л компани бүтээгдэхүүн хуваах гэрээ буюу хайгуулд шилжихээр гэрээ хэлцэл хийсэн байна. Энэ нь Монгол Улсад нүүрсний давхаргын метаныг олборлох чиглэлээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуулын ажил эхлэхээр хэлэлцээ хийх шатанд хүрсэн анхны тохиолдол болсноороо онцлог ажээ.

Ийнхүү Тавантолгойн ордод нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолт хийхээр 2016 оноос судалгаа хийсэн Австралийн “Golden Horde” компани Тавантолгойн орд зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон аж.

“Golden Horde” компани Засгийн газрын хүсэлтээр Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн тойм нөөцийн судалгааг тус нүүрсний ордод сүүлийн 30 жилд явуулсан геологийн судалгаа, хайгуулын ажлын үр дүнд тулгуурлан хийж, 4.3-8.6 триллион фут шоо хийн нөөц байх боломжтой хэмээн Засгийн газар, “Эрдэнэс Монгол” компанид танилцуулсан байна. Тавантолгойн нүүрсний ордын метан хийн чанар нь ч сайнд тооцогдож байгаа аж. Тухайлбал, Тавантолгойн уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ 84.5-92.5 хувь гэсэн судалгааны үр дүн гарч. Тэгвэл дэлхийн хэмжээнд нүүрсний давхарга дахь метан хийн агуулга 30-80 хувь байвал дундаж чанартай хэмээн үздэг байна.

Метан хийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоогоод улмаар олборлох шатанд хүрлээ гэхэд хаашаа хэрхэн тээвэрлэж, зах зээлдээ хүргэх вэ гэдэг асуудал урган гарна. Хийн нэг сул тал нь газрын тос шиг нэг саванд бөөгнүүлэх эсвэл алт шиг шууд газар дээр нь баяжуулах боломжгүй. Тиймээс газар дээрээс нь хийн хоолойгоор дамжуулан тээвэрлэх шаардлагатай. Эсвэл шууд орон нутгийн хэрэгцээнд нийлүүлж болно. Гурав дахь хувилбар нь жижиг оврын цахилгаан станц барих явдал.

Хангалттай хэмжээнд метан хий олборлосон тохиолдолд Хятад руу экспортолж болно. Бусад тохиолдолд эдийн засгийн үр өгөөж бага. Улаанбаатар руу хийн хоолой татахад дэд бүтэц хөгжөөгүй тул хүндрэлтэй.

Гэхдээ Монголын метан хийн салбарт ирээдүй бий. Нүүрсний давхаргын метан хийн нөөцөөр ОХУ дэлхийд толгой цохидог бол Канад хоёрдугаарт, БНХАУ гуравдугаарт ордог. Урьдчилсан таамаг нөөцөөр бол манай улс Хятадын өмнө орох магадлалтай. Тодруулбал манай улсын нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөцийг 17-43 их наяд куб метр гэж тооцоолжээ. Хэрвээ 43 их наяд куб метр нөөц нь батлагдвал 28 их наяд куб метр метан хийн нөөцтэй Хятадаас давж гарна гэсэн үг ажээ. Нөгөө талаар Монголд буй нүүрсний ордуудад Тавантолгойн жишгээр хайгуул судалгаа хийж метаны нөөцийг тогтоох аваас ирээдүйн эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр нүүрсний давхаргад нуугдаж байж мэдэх юм.

Австралийн “Жейд Метан” компанийн гүйцэтгэх захирал Жосеп Бүркэ

Монгол Улс метан хийн гол хэрэглэгчдийнхээ зах зээлд ойрхон байгаа нь маш том давуу тал юм. Байгалийн хийн нөөц Улаанбаатар хотоос 600 гаруй км буюу харьцангуй ойр орших учраас үүнийг өрсөлдөх гол давуу тал гэж харж байна. Хятад улс байгалийн хийг бусад улсаас авахдаа далайн хамгийн хойд боомтоороо дамжуулан авдаг. Үүний оронд Монголоос байгалийн хий, метан хийг экспортлох юм бол Хятад хамгийн бага зардлаар үндсэн хэрэглэгчдэд хүргэх боломж байна.

“Эрдэнэс Метан” компанийн гүйцэтгэх захирал Д.Амар

Манай компани 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш нүүрсний сав газрууд дахь метан хийн судалгааны ажлыг нэгдсэн мэдээллийн бааз суурьтай болох ажлаас эхлүүлсэн. Улмаар орд тус бүрээр метан хийн нөөцийг олж тогтоох, түүний үндсэн дээр техник, технологийн шийдэл бүхий Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлд анхаарч ажиллах болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Утаа, угаараас салах хамгийн дөт, оновчтой шийдэл бол метан хий ашиглах явдал. Байгальд учрах хор хөнөөл бага, бусад байгалийн баялагийг олборлохын тулд маш их хэмжээний газар нутаг сүйдэгддэг бол метан хий цооног өрөмддөг болхоор хор хохирол багатай, монголд хамгийн тохирсон шмйлэл болов уу? Хүрэлсүхийн ЗГ түүхэнд бичигдэж үлдэх хамгийн чухал шийдвэр болж үлдэхийг ч үгүйсгэх аргагүй.

    0 0 Хариу бичих
  2. Метан хийн тухай Монголчууд бүр эртнээс мэддэг байсан юм билээ. Агуйн хий гэхээр бүгд ойлгох байх. Дээшээ хий гарах боломжгүй хүнхэр харнхуй агуйд хүн ороод юм харахын тулд гал гаргахад их дуу гаран гал гарч хүн ухан алдан унадаг тухай олон ном зохиолд бичигдсэн байдаг даа. Монгол нутгийн хувьд таван толгойгоос бүүр урагшаа структурын өрөмдлөг хийхэд 2-3 мянган метрд нүүрсний асар их биетэд хүрдэг юм гэсэн. Тэндээс метан хий олборлох өргөн боломжтой боловч газрын хавтангын хөдөлгөөнөөс / газар хөдлөлтөөс / болоод метан хий их хэмжээгээр дээш дэгдэн агаар мандалд гардаг юм билээ. Тиймээс аль аль талаас сайн судалж ашиглах нь зөв болов уу.

    2 0 Хариу бичих