Нэг км замд 21 хогийн сав

Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт” цуврал  сурвалжилгаа уншигч танд хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Зүүн дөрвөн замын уулзвараас Сэлбэ гүүр хүртэлх нэг километр замд хэчнээн хогийн сав байгааг сурвалжиллаа. 

Нийслэлийн хэмжээнд 2500-3000 хогийн сав байрлуулсан аж. Энэ тоо байнга өөрчлөгдөж байдаг нь иргэдийн буруутай үйлдлийн улмаас эвдэрч гэмтэн нөхөн сэргээдэгтэй холбоотойг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн хэлсэн юм.

Хогийн сав нь энгийн болон дахивар гэсэн хоёр сонголттой ч иргэд тэр бүр хогоо ангилан хаядаггүй гэнэ. Энгийн хэсэгт дахин ашиглах боломжгүй хог, хаягдлыг харин дахивар саванд ашиглах боломжтой ундааны хуванцар сав, лааз, цаас зэргийг хаях ёстой. 

Нийслэлчүүдээс жилд 1 сая тонн хог гарч Морингийн даваа, Цагаан даваа, Нарангийн энгэрт байрлах төвлөрсөн хогийн цэг рүү очдог байна.  

Хог хаягдлыг зориулалтын саванд хийлгүй ил задгай хаяснаар орчноо бохирдуулан эвгүй үнэр тархах, хотын өнгө үзэмжид төдийгүй эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг учраас  “Хоггүй Улаанбаатар”-ын төлөө иргэн бүр үүргээ ухамсарлан хариуцлагатай хандах нь чухал юм.

Хог хаягдлыг бууруулахад иргэдийн ухамсар маш чухал. Тухайлбал, нэг удаагийн болон бага савлагаатай бүтээгдэхүүн авахаас татгалзан 1 кг-аар савласан 25 ширхэг гурил авалгүйгээр 25 кг-аар савласан гурил авснаар та 25 ширхэг цаасан уут хаягдахаас сэргийлж чадна.

Түүнчлэн ганцхан удаа хэрэглээд хаяхын төлөө гялгар уут худалдан авч үр хойчдоо бөөн хог үлдээхээс татгалзаж, даавуун уут хэрэглэж занших хэрэгтэй. Учир нь хог хаягдал байгальд задрах хугацаа харилцан адилгүй. Жишээ нь сонины цаас 1-3 сарын дараа задардаг бол бичгийн цаас 2 жилийн дараа задардаг. Түүнчлэн лааз, хуучин гутал, барилгын банз 10 жилийн дараа байгальд бүрэн задардаг бол автомашины аккумлятор, тугалган цаас, зай 100 жилийн дараа задарна. Харин хуванцар сав 180-200 жил, хөнгөн цагаан лааз 500-1000 жилийн дараа задардаг.

Тиймээс амьдарч буй гэр орон, ажлын байр, нийслэл хотдоо хогоо ил задгай хаяхгүй зориулалтын хогийн саванд хийж хэвшицгээе.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)