"Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах процесс ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэхээр байна"

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах болсонтой холбоотойгоор ажлын хэсэг байгуулах асуудлыг  хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ “Бүлгийн хуралд оролцсон гишүүд бараг 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн. Гэхдээ гишүүд 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг авна гэж заасныхаа дагуу хэлэлцэх ёстой гэдгийг хэлсэн. Үүний дагуу төслөө хэлэлцээд ард түмний саналаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Тэгэхээр энэ процесс бараг ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэхээр байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сарын эхээр хэлэлцээд Я.Содбаатар гишүүнээ ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сар орчим хугацаанд ажиллаад үүнд үнэлэлт дүгнэлт, өгч цаашид юуг анхаарах шаардлагатай байгааг онцолсон. Энэ асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Байнгын хорооноос тогтоол баталж Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Үүний дагуу хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүнээр ахлуулан байгууллаа” гэсэн юм.

Дээрх мэдээллийг хийснийхээ дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон Я.Содбаатар гишүүн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Үндсэн хуулийн төслөө хэлэлцэнэ гэхээр хаврын чуулганы дараа үргэлжлүүлээд ээлжит бус чуулган хуралдуулна гэсэн үг үү?

Д.ТОГТОХСҮРЭН: -Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг дөрвөн хуулиар зохицуулагддаг.

1. Үндсэн хууль

2. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль

3. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

4. Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэсэн дөрвөн хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр хаврын чуулганаар Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэ ж амжихгүй болчихож байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэж эхлээд үргэлжлүүлээд ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага үүсч байгаа юм. Ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй, зөвхөн УИХ өөрөө хэлэлцэхэд л долдугаар сарын 25 хүргэхээр байгаа. Ард нийтийн санал асуулга явуулбал, аравдугаар сар гарна.

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэр зэрэг хангалттай байна гэж үзэж байгаа вэ?

Я.СОДБААТАР: -Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилтийг нэлээд нарийвчилж авч үзэж байгаа. Засгийн газар бол өөрөө 50.4 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн. Анх Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ирэхдээ 68 хувийн биелэлттэй гэж байсан юм билээ. Гэхдээ ТЭЗҮ нь хийгдсэн төслүүдийг нь ажил хийсэнд тооцохгүй байгаа. Жинхэнэ бодитоор ажил нь эхэлсэн, тухайлбал, газар шорооны ажлаа эхлүүлсэн бол тухайн ажлыг нь үнэлж дүгнэж байгаа. Хууль батална зорилтоо хэрэгжүүлж баталсан ч хэрэгжих хугацаа нь болоогүй байгаа бол бас ажил хийсэнд тооцохгүй байгаа. Ингээд үзэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 50.4 хувьтай гарч байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. МАН ын бүлэг энэ Үндсэн хуульд дангаар толгой мэдэн гар хүрч болохгүй. Ард түмний санал асуулга зайлшгүй болчихоод байгаа үед өнгөц хуумгай хандаж балохгүй. Энэ хуульд суурь өөрчлөлт зайлшгүй болсон. Төр Шашин Боловсрол Эрүүлийн хамгаалал Байгаль гэсэн гол 5 юмаа бизнесийн шуурганд хамгаалалтгүй тавьж орхисон Үнсэн хуультай 29 жил Сонгуулийн хуулиа Үндсэн хуульдаа хөдөлгөөнгүй хадаж өгч чадаагүй 29 жил гээд өмнөхийн олон алдааг цааш үргэлжлүүлэх аргагүй болжээ. Одоо ажил хөдөлмөрт чанагдаж болвсорсон амьдрал мэддэг 40 нас хүрсэн хүнийг төрд сонгох хэрэгтэй байна. Төр ариун байх чухал болохоос биш тогтвортой гэх нь түүнээс чухалгүй. Намчирхсан мунхаглал бүр ч чухалгүй.

    0 0 Хариу бичих
  2. cонирхолтой

    0 0 Хариу бичих