Дипломатчид уу, дипломат паспорттай наймаачид уу

  Түүхийн сурвалжаас үзвэл эзэн Чингис хаан дэлхийг нэгэн тугийн дор нэгтгэн захирахдаа цэрэг, зэр зэвсгийн хүчнээс гадна дипломат аргыг өргөн хэрэглэж байжээ. Тэр үеэс монгол төрийн алтан аргамж хэмээх өргөмжлөл бий болж, элч төлөөлөгч нар дипломатуудынхаа аюулгүй байдал, эрх ямбыг илтгэсэн ГЭРЭГЭ хэмээх зэрэг дэв бүхий таних тэмдэг олгож байж. 

Г.Отгонбаяр  "Хувьчлагдсан алтан аргамж" нийтлэлээс 

Монгол улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаатай. Монгол улсаас хилийн чанадад 29 оронд Дипломат төлөөлөгчийн газар, 2 улсад Байнгын төлөөлөгчийн газар, 11 оронд Ерөнхий консулын газар, 1 оронд Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай тухай Гадаад Харилцааны яамны албан ёсны вэб хуудсанд дурджээ. Харин анхны улстайгаа дипломат харилцаа тогтоосноос хойш 73 дахь жилтэйгээ золгож буй. Харамсалтай нь эх орноо төлөөлөн гадаад улсуудад сууж буй дипломат ажилчдын хийсэн үйлдэл нь эерэг биш сөрөг сурталчилгаа болох нь ихэслээ. Тухайн улсдаа сурч, ажиллаж, амьдарч буй нутаг нэгтнүүддээ үйлчилгээ үзүүлэх үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж чаддаггүй Монголын дипломатчид өөрсдийн бизнестээ санаа тавиад завгүй байдаг бололтой. 

Сүүлийн жишээ нь "цагаан тахал" хэмээн нэрлэгдэж дэлхий дахинд түгшүүрийн дохио хангинуулах болсон хар тамхины хэрэгт Монголын дипломат ажилчид холбогдсон явдал байв. Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу 3 сая еврогийн үнэ бүхий геройныг албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдаад буй. ГХЯ-наас уг хэргийг цааш нь судлах шаардлагатай, Турк улсад үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд яагаад Герман улсад явж байсан, их хэмжээний хар тамхийг нийлүүлэгчдийг нь тогтоох хэрэгтэй гэхчилэн мэдэгдсэн. Монголын дипломатууд хар тамхи зөөвөрлөсөн, контрбандын хэрэгт холбогдсон анхны тохиолдол энэ биш юм. 

2001-2003 он.

н.Алтансайхан, н.Баялаг-Эрдэм, н.Баярхүү нар нь ХБНГУ, Франц, Бельгид улсуудад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус тамхины наймааны хэрэгт холбогдов.

2003-2007 он.

Австри улсад ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан С.Эрдэнэ ХБНГУ-д тамхины хууль бус наймааны хэрэгт үйлдсэн хэмээн хоригдон шалгуулав.

Монгол улсаас Бельги улсад суугаа ЭСЯ-ны ажилтан н.Баярхүү Англид; Унгарт суух ЭСЯ-ны ажилтан н.Цэрэнсодном мөн л тамхины наймааны хэргээр мөн онд баригдав.

ХБНГУ дахь Монгол улсын Элчин сайд Б.Даваадорж “Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” гэж мэдүүлж байсан ч түүнийг машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн сэжиглэж байв. Мөн түүнд холбогдох 201800 еврогийн хэрэг гэгч нь мөнгө угаасан гэмт хэрэг байж болзошгүй хэмээн дуулиан дэгдээж байсан. Хувийнх нь данс руу, таван удаагийн үйлдлээр орсон 200 гаран мянган еврогоо тэрээр “Танил, ах дүүсийн машин, тавилга захиалахаар шилжүүлсэн мөнгө” хэмээн тайлбар хийж байв.

Беларусийн Брестэд сууж асан Монгол Улсын консул Д.Далайжаргалыг Польш улсад тамхины хууль бус наймаа эрхлэгч н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гарган авч, оргуулсан хэргээр саатуулж байсан.  

Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулав. 

Женевт Элчин сайдаар сууж асан Х.Бэхбат мөн л хууль бус тамхины наймааны хэрэгт тус бүр шалгагдсан. 

2005 оны 3 дугаар сарын 23.

Монгол улсаас Болгар улсад суугаа ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажилладаг Д.Шатарбал Монгол улсын дипломат дугаар бүхий албаны машиндаа 120 орчим кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын тусгай албаныханд баригдав. Элчин зөвлөх Д.Шатарбалын тээвэрлэж явсан хар тамхи нь тухай үеийн ханшаар 23 сая ам.доллартай тэнцэхүйц байжээ. Олон улсын хууль сахиулах байгууллагынхны хяналтад байдаг “Black Morgan” гэх бүлэгтэй холбоотой байсан түүнийг Болгарын хууль, хяналтын албаныхан 5 сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь, эд мөрийн баримттайгаар баривчилсан нь энэ байжээ. Монгол улсын дипломат албаны ажилтан, элчин зөвлөх Д.Шатарбалд холбогдох хэргийг 2006 онд Монгол улсад шилжүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдаж байв.

2005 он.

Монгол улсаас ХБНГУ, ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүд нийлсэн 12 дипломатч Украин, Болгар зэрэг улсуудаас ЕХ-ны улсууд руу хууль бус бараа зөөвөрлөхдөө Монгол улсын дипломат ажилтан гэсэн нэр, эрх ашиглан дипломат шуудан гэсэн өнгөлөн далдлалт хийн татваргүй нэвтрүүлдэг, байсан нь илрэв. Вьетнам хамтрагчдынхаа хамтаар 7.7 сая ширхэг тамхийг хууль бусаар зөөвөрлөсний улмаас 1.2 сая еврогийн хохирол учирсныг тухай ХБНГУ-ын гаалийн ажилтнууд тогтоосон байдаг. Герман улсын Лейпцик хотод төвлөрсөн уг хууль бус наймаанд гол үүрэг гүйцэтгэгч хил гаргаж өгдөг этгээдүүд нь Москва дахь ЭСЯ-ны зөвлөх н.Ганболд, түүний эхнэр н.Сэлэнгэ нар байлаа. н.Ганболд эх орондоо буцаж ирсэн бол эхнэр н.Сэлэнгэ нь ХБНГУ-ын хуулийн дагуу ял шийтгэгдэхээр болсон.

2016 оны 6 сар.

Украйн, Румын улсын хилийн Дьяково боомтоор Будапешт дахь Монгол улсын ЭСЯ-д нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр “дипломат шуудан”-ын наалт ашиглан нийт 29145 хайрцаг тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаад баригдсан.  Д.Дөхөмбаяр нь 2015 оны наймдугаар сард өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарсан ч дипломат ажилтны паспортоо өгөлгүй, хууль бус наймаа хийхдээ ашиглаж явсан нь тогтоогдсон байдаг.

2017 оны 4 сар.

Украйн-Унгарын хилийн Лужанка боомтоор Монгол Улсын иргэн  О.Лхагвацэрэн /Д0000949 дугаартай дипломат паспортоороо/  хууль бусаар ихээхэн хэмжээний тамхи нэвтрүүлэхийг завдан саатуулагдсан. Паспортын мэдээллийг шалгахад иргэн О.Лхагвацэрэн нь 2014 оны нэгдүгээр сарын 30-нд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлын албаны нарийн бичгийн дарга гэх төрийн албан хаагчийн статусаар Гадаад харилцааны яаманд дипломат паспорт мэдүүлж авсан нь тогтоогдсон. Хил хамгаалах ерөнхий газраас  авсан тодруулгаар иргэн О.Лхагвацэрэн нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд энгийн паспортоор Турк улсад нэвтрээд эх орондоо ирээгүй байгааг олж тогтоосон гэдгийг ГХЯ-наас албан ёсоор мэдэгдэж байв.

2019 он.

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ дипломат ажилтнуудын гэмт хэргийн түүхэнд байгаагүй нэн шинэ бизнесийг үүрэгт ажлынхаа хажуугаар давхар эрхлэх болжээ. Д.Мөнх-Эрдэнэ нь Ерөнхий консулаар ажиллаж буй таван жилийнхээ хугацаанд Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зардаг тухай мэдээлэл Зариг.мн зэрэг мэдээллийн сайтуудаар цацагдаад байна. 

Д.Мөнх-Эрдэнэ нь   2016 оны 7-р сард Монголоос “Mersedes Benz Maybach” маркийн автомашинд  А -1234 дипломат дугаар авч хилээр гарган  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн, мөн оныхоо наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн, 2018 оны 4-5-р сард “Lexus -570” маркийн хоёр ширхэг автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хятад иргэдэд хууль бусаар худалдсан гэх асуудлаар шалгагдаж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. БНХАУ-ын шалган нэвтрүүлэх байгууллагууд өнгөрсөн оноос эхлэн Бээжин дэх ЭСЯ, Хөх хот дахь ЕКГ, Эрээн дахь КГ-ын автомашинуудыг хилээр орж гарах үед нь нарийвчлан шалгадаг болсон аж. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын дипломат дугаартай автомашиныг худалдан авсан иргэдийг 2018 оны 11-р сарын 30-нд БНХАУ-ын хуулийн байгууллагаас баривчилан шалгаж байгаа гэсэн мэдээлэл ч цацагдаад байна. 

Ихэвчлэн тамхины хууль бус наймааг дипломат паспортаа ашиглан, дипломат шуудангийн наалт ашиглан хийдэг байсан Монголын дипломатчидын бизнесийн хүрээ өргөжин тэлж хар тамхи, автомашины худалдаа эрхлэх болсныг илтгэх томоохон хэдэн жишээ нь энэ. Энгийн иргэдэд мэдэгдээгүй ямар гэмт хэргүүд үйлдснийг бид таашгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Наймаачид биш ээ дипломатын талаар бол бүр ярихын ч хэрэггүй Эд чинь хүнд гэмт хэрэгтнүүд ирээдүйг сүйтгэсэн алуурчид

    0 0 Хариу бичих
  2. гадаад хэргийн яам нь гадаад контрбандын яам болчихсон хэрэг үү ?

    0 0 Хариу бичих