30 орны 400 гаруй тамирчин Монголд жюү жицүгээр өрсөлдөнө

Ирэх долдугаар сарын 14-20-нд Улаанбаатар хотноо Жюү Жицүгийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Монголын Жюү Жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

- Жюү Жицүгийн IV удаагийн Насанд хүрэгчдийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хэрхэн авсан бэ?

-Энэ тэмцээн нь 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Азийн хүүхдийн наадам 2020”-д жюү жицү төрөл орсон учраас “Test Event” болгон Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг монголд анх удаа зохион байгуулж байна. Мөн энэ үеэр өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Өнгөрсөн жил Казакстан Улсын Актау хотод болсон Азийн хурлаар Тайланд, БНСУ, Тайвань, Филиппинтай манайх өрсөлдөн ялж тэмцээний эрхийг авсан. Гол ялах болсон шалтгаан нь “Азийн хүүхдийн наадам-2020” Монголд болох байсан учраас анх удаа энэ төрөл уг наадамд орж байгаа нь нөлөөлсөн. 

Тэмцээнийг улс орнууд аялал жуулчлалаа нэмэх зорилгоор авах сонирхолтой, өрсөлдөөн ихтэй байдаг. 

-Энэ удаагийн  наадамд хэчнээн орны тамирчин ирэх бол?

-Өнгөрсөн жилийн тэмцээнд 20 гаруй орны 400 тамирчин оролцсон. Энэ жил бид тэр тоогоо барих байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ тэмцээн дээр Өсвөрийн ААШТ нэмэгдсэн учраас 30 гаруй орны 400 гаруй тамирчин оролцох байх гэсэн таамагтай байна.  Тэмцээний бүртгэл 16-нд дуусах учраас тоо эцэслэн гараагүй байна.

Өсвөрийн ААШТ Хүүхдийн наадмын дүрмээр зохион байгуулагдана. Оросын Сибирь, Якут зэрэг зургаан бүсийн тамирчид оролцох учраас оролцогч ихтэй болох байх.

-Бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж байна. Тэмцээнд БСШУСЯ 80 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Бид “Улаанбаатар” олон улсын тэмцээнээ энэ жил гурав дах удаагаа хийнэ. Түүгээрээ спорт туризмыг дэмжих спорт аялал жуулчлалын байгууллагаа дэмжихээр хамтран нэлээд ажлыг хийж байгаа. Энэ хүрээндээ тэмцээнд ирж байгаа 400 хүн буюу спортын шилдгүүдийн ард гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгч, цахим сүлжээнд дагагчид гээд тэр хүмүүст Монгол орноо сурталчлах тал дээр ашиглая гэсэн том зорилго барьж ажиллаж байгаа. Ирж байгаа шилдэг тамирчдыг зөвхөн хооронд нь барилдуулаад явуулах бол амархан байна. Хамгийн гол нь бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай холбоо юу хийж чадах уу, энэ 400 хүнээр дамжуулан улс эх орноо яаж сурталчилж чадах вэ гэдэг дээр Монголын чадварлаг залуусыг баг болгон авч ажиллаж байна.

Сая бид ирсэн тамирчдаа байрлуулахаар хоёр зочид буудалтай гэрээ хийлээ. Монголчууд тэмцээн уралдаан болохоор мөнгө үрээд байна гэж харах гээд байдаг. Үүнийг ойлгох нэг нь ойлгодог ч зарим хүмүүст дэмий зүйл хийж байгаа мэт харагддаг. Хэдийгээр хоёр хүн барилдах тэмцээн болж байгаа ч ач холбогдол нь шууд болон шууд бусаар эдийн засагт орох үр нөлөө өндөр байдаг. Энэ тэмцээнд улсаас 80 гаруй сая төгрөгийн зардал өгсөн. Харин бид өнөөдөр гэхэд л гаднаас ирэх тамирчдынхаа зочид буудлын гэрээнд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх жишээтэй. Бусад аялал жуулчлал дагасан дэлгүүр, үйлчилгээний байгууллага гээд 400 гаруй хүн үйлчлүүлэх эдийн засгийн тооцоо судалгааны баг ажиллаж байгаа. Тэмцээн уралдаан зохиох нь ямар үр ашигтай байдаг вэ гэдэг дээр том судалгааны баг ажиллуулж байна. Шууд бус үр нөлөө нь манай холбооны үйл ажиллагаа батжин бэхжинэ. Материаллаг баазууд нэлээд хангагдана. Манай холбооны зохион байгуулах ур чадварын түвшин Азийн холбоо болон дэлхийн холбоондоо үнэлгээний түвшинд очиж эхэлнэ. Бид Дэлхийн холбооны үйл ажиллагаанд оролцоход Монголын холбоо хэр чадварлаг байж чадах уу гэдгийг харуулах энэ том боломжийг ашиглахыг хичээж байгаа.

-Монголыг төлөөлж хэчнээн тамирчин оролцох уу. Эх орондоо тэмцээн уралдаан зохион байгуулах нь олон давуу талыг үүсгэн оролцох тамирчдын тоо ч гэсэн өсдөг?

-Бид өмнө нь ААШТ-т маш их зардал гаргаж тамирчдаа оролцуулдаг байсан бол энэ удаад эх орондоо зохион байгуулснаар зардал бага гарна. Мөн зохион байгуулагч орон гэдгээрээ нэг жинд 4 тамирчин оролцох боломж бүрдэж байгаа. Тиймээс манай тамирчид бүрэн хамрагдах боломжтой. Энэ тэмцээн “World  Games” гээд том наадмын оноо өгдөг Азийн томоохон тэмцээнүүдийн нэг юм. Бүсний ангилалгүйгээр тамирчид оролцдог нь манай тамирчдад том боломжийг олгож байгаа. Өнгөрсөн жил Актау руу 5 тамирчин явуулж байсан бол энэ жил 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Манай тамирчид бүсний ангилалгүй Бразилын жюү жицүгийн төрлөөр алтан медаль аваагүй байгаа. Бүсний ангилалтай ААШТ, ДАШТ-ээс алт, мөнгөн медалиуд авч байсан. Өнгөрсөн жил ААШТ-ээс хүрэл медалийг манай эмэгтэй тамирчин Ц.Удвал хүртсэн. Тиймээс эх орондоо хийж  буй энэ боломжийг ашиглаад анхны Азийн аварга төрөх байх гэж найдаж байгаа.

-Залуус жюү жицугийн төрлөөр хичээллэн гаднын тэмцээн уралдаанаас ганзага дүүрэн ирж байгаа мэдээлэл тасрахгүй байгаа?

-Тийм шүү. Ялангуяа хүүхдүүд энэ төрөлд маш сайн оролцож байгаа.Энэ спортын төрлийн дэлхийн холбоодын барьж байгаа гол чиг хандлага нь тэмцээн уралдаан гэхээсээ илүү хүн амын эрүүл мэнд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг. Ямар нэгэн шахалт шаардлагагүй, мөнгө хаяхгүйгээр спортын энэ төрөл өөрөө хөгжөөд явж байна.  Монголд энэ спорт олимпийн бус төрөл гээд дэмжлэг аваад байдаггүй ч хүн амын эрүүл мэндэд тэр тусмаа эрүүл байх үндэс нь спорт өөрөө том хэрэглүүр болж байдаг учраас эрчимтэй хөгжиж байгаа.

-Жюү жицугийн төрөл хэрхэн үүсэж, хөгжсөн түүхээс товч сонирхуулахгүй юу?

-Жюү жицу бол жүдогийн эцэг спортын төрөл. 1800 оны сүүлээр жүдо  жюү жицугээс үүссэн. 1900 оны эхэн үеэс жүдог хөгжүүлэх гэж Япончууд Бразилд очсон. Тухайн үед Япон өөрөө жүдо, жюү жицу гэдгээ ялгадаггүй байсан. Тэднийг Бразилд очиход Японы жюү жицугийнхэн ирлээ гэж ойлгосон. Тэнд Япон багшид шавь орж хичээллэж байсан хүмүүс голдуу хэвтээд хийгддэг арга барилыг аван Бразил жюү жицу гэж урсгал бий болгосон. Өдгөө дэлхийд түгээд байгаа энэ спортын төрөл жюү жицүгээс жүдо, жүдогоос Бразил жюү жицу үүссэн түүхтэй. Яг л гэр бүлийн аав хүү шиг уялдаа холбоотой спортын төрлүүд юм.

-Танай холбоо үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байна?

-Манай холбоо 2007 оны арваннэгдүгээр сард албан ёсоор байгуулагдан гэрчилгээгээ авсан. 2010 оноос Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулан идэвхтэй үйл ажиллагаа нь эхэлсэн. Энэ жил 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ийм дэмий юмны тэмцээн з/б-ж ядуу э/з-таа дарамт болох хэрэггуй л юм байгаа юм даа

    0 0 Хариу бичих
  2. Амжилт

    0 0 Хариу бичих
  3. Temtseend orj bolhuu yaj bvrtgvvlehwe???

    0 0 Хариу бичих
  4. Super bna shuu... amjilt

    0 0 Хариу бичих
  5. Залуусдаа амжилт хүсье

    0 0 Хариу бичих