Энэ өдөр түүхэнд: Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр

Оны 163  дахь өдөр, шинэ он хүртэл 202 хоног үлдлээ.

Өнөөдрийн тэмдэглэлт өдөр

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн зургадугаар сарын 12-ныг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг.  Үндэсний статистикийн хорооноос 2006-2007 онд явуулсан "Монголын хүүхдийн хөдөлмөрийн  судалгааны тайлан"-гаас үзэхэд Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 11,5 хувь буюу 71330 хүүхэд ажил эрхэлж байна. Хүүхдийн ажил эрхлэлтийн түвшин 2002-2003 оны байдлаар 10,1 хувь  байснаа  2006-2007 онд    11,5 хувьд хүрч өссөн байна. Ажил эрхэлж байгаа хүүхдийн 88,9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт байна. Нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 89,5 хувь нь өрхийн бизнесийн үйл ажиллагаанд цалин хөлсгүйгээр оролцогч, 8,8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 1,6 хувь нь зохих цалин хөлстэй оролцогч хэлбэрээр ажил эрхэлж байна. Мөн нийт ажил  эрхэлж байгаа хүүхдийн 16,0 хувь буюу 11400 орчим хүүхэд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой нөхцөл бүхий ажлын байранд ажиллаж байна.  

Орос Холбоот улсын баярын өдөр

Энэхүү баяр нь Орос улсын түүхийн гол үйл явдлуудыг сануулдаг өдөр юм. 1990 оны энэ өдөр Орос улсад тусгаар тогтносон улсын тунхаглалыг баталсан юм. 1991 оны 6-р сарын яг энэ өдөр залуу Орос улсад ерөнхийлөгчийн анхны сонгууль болсон юм. Энэхүү баяр нь албан ёсоор тусгаар тогтнолын Тунхаглал баталсанд зориулагдаж байгаа ч Орос улсад ерөнхийлөгчийн институци бий болсны ойтой бас холбоотой юм.Уламжлал ёсоор энэ үдэш Улаан талбайд оросын урлагийн одуудын гайхамшигтай тоглолт болно. Сонирхолтой баримтууд

Зөвлөлтийн социалист Орос улсын  тусгаар тогтнолын тунхаг нь 15 зүйлээс бүрэлдсэн хуудас хагасын хэмжээтэй байв.
Үнэн хэрэгтээ уг тунхагт Орос нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд үлдэнэ  гэж заасан байв.
1991 оны зургаадугаар сарын 12-нд  Ленсоветын депутатуудын санаачлагаар Ленинградад бүх нийтийн санал асуулга явуулан хотод түүхэн нэрийг эргүүлэн өгч Санкт-Петербург гэж нэрлэхээр болжээ. Энэ өдөр Хойд нийслэлийн мэрийн сонгууль явагджээ.
Зургаадугаар сарын 12-нд  Великий Новгород, Ижевск, Кемерово, Киров, Комсомольск-на-Амуре, Красноярск, Пенза, Пермь, Саранск, Сургут, Тамбов, Ульяновск, Уфа хотуудад хотын өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ.

Сонирхолтой түүх

Хорт утааны багийг бүтээжээ

1849 онд Америкийн патентын товчоо хорт утааны багийг бүтээсэн Льюис Хаслеттад патент олгожээ. Түүний бүтээлийг эхлээд “Уушгины протектор” гэж нэрлэж байсан ба амьсгалах клапантай хэсэг болон эсгий шүүлтүүрээс уг баг бүтэж байлаа.

 “Клеопатра” кино дэлгэцнээ анх гарчээ

1963- Нью-Йорк хотноо Элизабет Тейлорын гол дүрийг нь бүтээсэн "Клеопатра" хэмээх түүхэн киноны анхны үзвэрийн ёслол болжээ.Зураг авалт нь Итали, Испани, Англид явагдсан уг киног бүтээхэд бараг дөрвөн жил зарцуулж, 44 сая доллар зарлагджээ. Элизабет Тейлор шан хөлсөндөө нэг саяас илүү мөнгө шаардсан бөгөөд нийтдээ долоон сая хүртэл хэмжээний доллар авсан гэх мэдээлэл байдаг.

Өнөөдөр түүхэнд

27- Ром хотын ойролцоо Фидена гэх газар дөнгөж барьж дуусгасан асар том амфитеатрын байгууламж нуржээ. Барилгачид хөрөнгөөс нь завшин хэврэг суурь тавьсан нь  нурах гол шалтгаан болсон гэдэг. Тэр өдөр Фиденад 20-50 мянган ромчууд  амиа алдсан гэх мэдээлэл байдаг.

1665- Хойд Америкийн Шинэ Амстердам хотыг Нью-Йорк гэж өөрчлөн нэрлэсэн байна. Европчууд гарч ирэхээс өмнө өнөөгийн Нью-Йоркийн нутаг дэвсгэрт Манахаттоу ба Канарси гэх индиан овогийнхон амьдарч байсан нь тэнд хийгдсэн малтлагаар тодорхой болсон байв.

1668- Шведийн дундад Европын эртний их сургуулиудын нэг байгуулагдсан байна. 

1798- Санкт-Петербургт журамт бүсгүйчүүдийн гэх Екатерининий сургууль нээгджээ.

1867- Австри,Унгарын эзэнт гүрэн үүсчээ.

1897- Карл Элзенер швейцарь цэргийн хутгаа патентжуулжээ.

1905- Олон улсын хүнд атлетикийн холбоо байгуулагдав.

1909- Анхны «XII Блерио» онгоц тэнгэрт хөөрчээ. Түүнийг Луи Блерио жолоодож, Альберто Сантос-Дюмон, Андре Фурнье нарын зорчигч сууж ниссэн байна.

1920- Панамын сувгийг албан ёсоор нээв. 

1926- Литва улсын радио “Каунас” эхний нэвтрүүлгээ цацлаа. 

1945- Францад хэвлэлийн хяналтыг хүчингүй болгожээ. 

1955- Якутад алмазны анхны орд нээгдсэн байна. 

1964- Африкийн хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Нельсон Мандела бүх насаар хоригдох ялаар шийтгүүлэв.

1965- ЗХУ сугар гарагийг судлах сансрын “Венера-4” аппаратыг хөөргөлөө. 

1965- Малайзийн үндэсний мөнгөний нэгж “ринггит” болжээ.

1970- Английн жүжигчин Лоуренс Оливье түүхэнд лорд цол авсан анхны жүжигчин болжээ.

1990- ЗХУ-д олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд тавих улсын хяналтыг цуцалсан байна.

1991- Борис Ельцин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Санал хураалтад 79 498 240 хүн оролцов.

1994- Австри Улс Европын холбоонд элсэхээр болов.

2000- Чеченийн БНУ-ын тэргүүнээр Ахмат Кадыров томилогдлоо.

2009- АНУ-ын телевизийн бүх станц аналогоос тоон системд шилжиж эхэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)