А.Алтан-Од: Манай эмнэлэг 24 цагаар гэмтэл согогийн яаралтай оношилгоо, мэс засал, тусламж, үйлчилгээг үзүүлдэг

“Мөнгөн гүүр” эмнэлгийн гэмтэл, согог, мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч А.Алтан-Одтой бэртэл, гэмтлийн тусламж үйлчилгээний талаар ярилцлаа.

Танай эмнэлэгт ихэвчлэн ямар төрлийн бэртэл, гэмтэлтэй иргэд хандаж байна?

Манай эмнэлэг долоо хоногийн 24 цагаар гэмтэл согогийн яаралтай мэс заслын журмаар тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Үйлчлүүлэгчдийн ихэнх хувийн гэмтэл нь мөчдийн гэмтэл буюу гар, хөл хугарах болон улирлын чанартай гэмтэлтэй иргэд их ирдэг. Тиймээс мөчдийн гэмтлийн хагалгаа их хийгддэг. Гэмтэл, бэртлийн тухайд голчлон доод гэмтэл их байдаг.

Долоо хоногийн дунджаар авч үзвэл, нийт ирсэн үйлчлүүлэгчдийн 40-45 хувь нь доод мөчний гэмтэлтэй, бусад хувийг нь нуруу нугас, тархи, дээд мөчдийн гэмтэл эзэлж байгаа.

Манайд хандаж байгаа иргэдийн гэмтэл, бэртэл заавал хүнд байх шаардлагагүй, хөнгөн гэмтэлтэй иргэд ч ирээд үзүүлээд зөвлөгөө, анхны тусламжийн үйлчилгээгээ авах боломжтой.

Бэртэл, гэмтэлтэй иргэд заавал харьяа дүүргийнхээ гэмтлийн тасаг дээр очоод дугаарлан цаг авах шаардлагагүйгээр манайд хандан үзүүлж, давтан үзлэгээ цаг товлон авдаг.

Иргэд бэртэж, гэмтлээ гэхэд хэрхэн анхны тусламжийг зөв авах вэ?

Хэрвээ бэртэж, гэмтсэн л бол эмнэлэгт ханд. Энэ нь хамгийн зөв шийдвэр. Учир нь мэргэжлийн эмчид хандан онош нь зөв тогтоогдсоноор эмчилгээ зөв хийгдэн өвчний эдгэрэлт түргэн явагдана. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй байгаа бол анхны тусламжаа зөв хийх хэрэгтэй. Жишээ нь, гараа зүслээ гэхэд зарим иргэд шархны анхдагч цэвэрлэгээ, боолт хийхгүйгээр уушгины улаан, ямар нэгэн тос дур мэдэн түрхчихдэг нь маш буруу юм. Гар дор ямар нэгэн ариутгагч бодис байхгүй бол бохирдлоос сэргийлээд зүссэн гараа цэвэр усаар угаагаад л цэвэр боолт хийхэд л хангалттай. Мэдээж хэрэг дараа нь эмчид үзүүлэх шаардлагатай.

Мөн урин дулааны улиралд нохойнд хазуулах, түлэгдэх зэрэг бэртэл, гэмтэл ихэсдэг. Нохойд хазуулахад нохойн шүлсэнд нь галзуугийн нян тээгч амьдардаг учраас ил шархаар дамжин хүний биед орж сөрөг үр дагаварт хүргэдэг. Нохойнд хазуулсан хүмүүс шарх нь дээрээ тухайн нохойныхоо үсийг тавин цусыг нь дусаах зэрэг анагаах ухаанд нотлогдоогүй буруу алхмуудыг хийдэг. Ингэснээр шархыг улам дордуулах, эдгэрэлтийг удаашруулах, халдвар оруулах бүүр цаашлаад эд эрхтний өвчлөл үүсгэн тухайн хүний гар хурууны хөдөлгөөн удаашрах, хаван хавдар үүсгэх сөрөг үр дагавар дагуулдаг. Тиймээс эхний ээлжинд гарын доорх материалаар нохойн шүлсийг нь арчин, бохирдсон цусыг нь усаар угаан цэвэр боолт хийгээд заавал эмнэлэгт хандах шаардлагатай. Амьтанд хазуулсан шарх бохир учраас эмнэлгийн байгууллагад хандаж шарх дээрээ анхдагч цэвэрлэгээг хийлгэж дараагийн шатны галзуугийн эсрэг вакцин тариулах ёстой. Мөн шороон дээр унаж гар, хөлөө шалбалсан тохиолдолд ч эмнэлэгт ирж татрангийн эсрэг вакцин хийлгэх ёстой байдаг.

Мөн түгээмэл тохиолддог бэртэл, гэмтлийн нэг болох түлэгдэлт дээр иргэд буруу аргаар анхны тусламж үзүүлдэг. Түлэгдсэн шарх дээрээ элсэн чихэр, гутлын тос, саван, амьтны цус түрхчихсэн ирсэн тохиолдлууд ч бий. Түлэгдсэнээр тухайн хүний арьсны бүрэн бүтэн байдал алдсан байхад буруу арга хэрэглэснээр арьсаа хоёрдогч халдвараар халдварлуулдаг.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин бага байгаагаас болоод иймэрхүү байдалтайгаар эмнэлэгт ханддаг. Түлэгдсэн л бол урсгал хүйтэн усанд 10-15 минут байлгаад цэвэр боолтоор боон эмнэлэгт хандана. Түлэгдэлт том, жижиг байх нь хамаарахгүй. Түлэгдэлт бие мах бодийн бодисын солилцоонд маш их хөнөөл учруулж, уургийн алдагдалд оруулдаг. Цаашлаад бөөрний дутагдалд оруулдаг болохоор ГССҮТ болон манай эмнэлэг дээр ирэхэд 24 цагийн туршид яаралтай тусламжийг үзүүлнэ.

Манай эмч нар бүгдээрээ төрөлжсөн нарийн мэргэжлийнх учраас чиглэл чиглэлээрээ тархи, нуруу нугас, гар сарвуу, дурангийн мэс засал болон мөчдийн гэмтлийн тусламж үйлчилгээг долоо хоногийн 24 цагаар тасралтгүй үзүүлж байгаа.

Иргэд хагалгааны заалтгүй ч манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болно. Манай эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын тасаг 25 орны багтаамжтай. Улирлын чанартайгаар үйлчлүүлэгч ихэссэн үед бид 30 хүртэлх хүн хүлээн авч хэвтэн эмчлэх боломжтой. Яаралтай түргэн тусламжийн тасгаараа өдөрт 60-75 боолт хийн цэвэр шархны цэгцэлгээ хийх хүчин чадалтай.

Бэртэж гэмтсэн тохиолдолд оношилгоо чухал. Ямар тоног төхөөрөмжөөр оношилгоо, үйлчилгээг үзүүлж байна?

Манай эмнэлэг олон давуу талтай. Үүний нэг нь оношилгооны төв дээр суурилсан учир өөр эмнэлэг рүү шинжилгээ өгөөд ир гэх асуудалгүйгээр 24 цагийн турш толгой, их бие, мөчдийн компьютер томограф, MRI оношилгоо, хэвлийн эхо, рентген, дижитал оношилгоо бүгд хийгддэг.

Мөн манай эмнэлгийн клиник лаборатори 24 цагаар ажиллаж байгаа нь маш том давуу тал болдог. Учир нь ажлын бусад цагаар өвчтөн үйлчлүүлэгч ирээд яаралтай хагалгаанд ороход клиник лаборатори оношилгоог маш сайн хийх шаардлагатай байдаг. Ингэснээр тухайн өвчтөний эдгэрэлт, амьдралын хэв маяг нь зөв эрүүл амьдрах нөхцөлийг нь 100 хувь хангаж өгч байна гэсэн үг юм. Зөвхөн мэс заслын эмч байлаа гээд хагалгааг ганцаараа хийж цаашид өвчтөнийг хариуцна гэсэн ойлголт байхгүй. Бүх төрлийн мэс заавал зайлшгүй багийн үйл ажиллагаа шаарддаг. Тиймээс манай сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн тасаг мөн адил 24 цагаар ажиллаж тусламж, үйлчилгээг хүргэдэг.

Оношилгооны тал дээр манай эмнэлэг 2019-2020 онд Ангиографийн шинжилгээг буюу судас нь доторх оношилгоо, ходоодны дурангийн шинжилгээг шинээр нэвтрүүлж эхэлж байна.

Нийгмийн даатгал төлдөг иргэд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд лист бөглүүлэх нь амаргүй байдаг. Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд эрүүл мэндийн даатгалаа ашиглан, лист буюу эмнэлгийн хуудас авах боломж байдаг уу?

Манай эмнэлэг магадлан итгэмжлэгдсэн. Бид Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтарч ажилладаг учраас хэвтэн үйлчлүүлэгчдээ тодорхой хэмжээний хөнгөлөлтөд хамруулдаг. Эмчилгээгээ хийгдээд гарсан хүн бүрд бид лист буюу эмнэлгийн хуудсыг өгдөг.

Ард иргэдээ зөвлөмж хүргэхэд зун цаг болж, орон нутгийг чиглэсэн аялал зугаалга ихсэж байгаа болохоор нэгдүгээрт аюулгүй байдлаа хангасны үндсэн дээр тээврийн хэрэгслээ жолоодох хэрэгтэй. Мөн иргэд хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гарын дор эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зүйлийг бүрэн ханган авч яваарай гэж зөвлөмөөр байна. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлснээр цаашдын асуудал яригддаг урчаас анхны тусламжийг хайрцгийг аялж, зугаалах бүрдээ заавал авч явж хэвшээрэй.

Түүнчлэн аялж, зугаалж байгаад амьтанд хазуулах, хатгуулах тохиолдолд заавал эмнэлгийн байгууллагад хандаарай гэж уриалмаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. царайлаг мундаг эмчдээ ажлын амжилт хүсье .

    0 0 Хариу бичих
  2. Amjilt

    0 0 Хариу бичих