Төрийн ордны арын цэцэрлэгийг хэзээ нээх вэ, УИХ-ын дарга аа

Улаанбаатар хотод иргэд амарч зугаалах ая тухай орчин бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн ховорхон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг л зорьж очихоос бус ажил, гэрийнхээ ойролцоо саатах ногоон байгууламж бүхий цэцэрлэг байхгүй гэхэд болно. Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд нээлттэй байсан ч 2013 оны есдүгээр сарын 16-нд "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс буу зэвсэг барин тус цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж ордон руу дайрсны улмаас хаасан. Харин одоогоос яг жилийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилгаар тус цэцэрлэгийг нээлттэй болгож байлаа. Гэвч өнөөдөр хаалттай байна.

Ц.Мөнх-Оргил гишүүн жилийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдод хандан "Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох санал гаргасан гэвч хаалттай хэвээр нь байлгах саналтай байгаа юм шиг байна. Төрийн ордны тухай хуулиар УИХ үүнийг хариуцдагийн хувьд нээлттэй болгож өгөөч УИХ-ын дарга аа. Манай тойргийн сонгогчдоос “Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгож өгөөч” гэсэн санал их ирж байгаа. Би энэ саналыг зөвхөн гишүүний хувьд ч биш Улаанбаатар хотын иргэний хувиар гаргаж байна. Үдэш орой болохоор, эсвэл жагсаал цуглаан болбол хаачихдаг байж болох байх. Бүр болохгүй бол Төрийн ордны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, эсвэл тогтоолын төсөл санаачилмаар байна. Дэмжих гишүүн олон байгаа байх. Ялангуяа хотоос сонгогдсон гишүү дэмжих байх" гэж байсан юм.


УИХ-ын дарга М.Энхболд түүний саналд хариу өгөхдөө "Нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Өмнө нь арын хоёр хаалга нь нээлттай байж болоод л байдаг байсан шүү дээ. Тиймээс УИХ-ын Тамгын газар Төрийн тусгай хамгаалалттай газартай яриад нээлттэй болгоорой. Өглөө, оройдоо хүмүүс ороод салхилж байна биз" гэж байлаа.

УИХ-ын даргын өгсөн энэхүү үүрэг чиглэлийн дагуу Төрийн ордны арын цэцэрлэг олон нийтэд нээлттэй болж байлаа. Харин энэ жил нээх үү, Г.Занданшатар дарга аа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)