Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын талаар эрдэмтэд чууллаа

“Аж үйлдвэрийн 4-р хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Аж үйлдвэрийн IV хувьсгалыг зөв ашиглаж чадвал хөгжиж буй орнууд хамгийн их үр ашгийг нь хүртэх боломжтой гэдгийг олон улсын нэртэй эрдэмтэн судлаачид судалгаа, бүтээлдээ дурдаж байлаа.  Монгол Улс  дэлхийн томоохон зах зээлүүдтэй ойр оршдог, хүн ам цөөнтэй, хүн ам нь дэлхийн дунджаас дээгүүр боловсролын түвшинтэй, байгалийн баялаг ихтэй. Энэ давуу байдлаараа аж үйлдвэрийн IV хувьсгалыг зөв ашиглаж чадвал үр ашгийг нь өндөр хүртэх боломж бүхий суурь нөхцөл сайтай орны тоонд зүй ёсоор тооцогдож байгаа аж.

МУИС-иас зохион байгуулж буй тус эрдэм шинжилгээний хуралд давхардсан тоогоор 6 улсын 80 илтгэгч оролцож,  22 аман илтгэл, 8 постер илтгэл, нийт  30 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд  улс орны өмнө тулгараад байгаа томоохон сорилт болсон олон асуудал хөндөгдсөн юм.  

Дашрамд дурдахад, Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын үндсэн хөгжлийн асуудлуудыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замуудыг судлан, тодорхойлох зорилгоор өнгөрсөн жил  ШУА-иас санаачлан “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурлыг хийж байсан.

Энэ үеэр “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ”, “XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд”, “Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь”, “Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ”, “Хүн үү, робот уу” гэсэн сэдэвт илгэлүүд тавигдаж байжээ.

Түүнчлэн 2018 оны долдугаар сард ШУА  эрдэмтэн судлаачдын өргөн бүрэлдэхүүнийг хамруулж  ээлжит Их чуулганыхаа өргөтгөсөн хуралдааныг Төрийн ордонд хийсэн юм. Энэ үеэр  мөн л Аж үйлдвэрийн дөрөв дэх хувь хувьсгалын  үеийн Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлуудыг хэлэлцэж, төр засгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байлаа. Энэ үер  аж үйлдвэрийн дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь шинжлэх ухаан технологийн дэвшил бөгөөд хиймэл оюун ухаан тоон технологийн эрин үеийг бий болгож улс төр, нийгэм эдийн засагт хүн нөлөөлөх үйл явцыг аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж тодорхойлсон. Мөн Монгол Улсын хувьд хүний биеийн хүчээр үйлдвэрлэл эрхэлдэг байдлыг халж мэдлэг оюун ухааны нөөц боломж, технологийн дэвшлийг ашиглах замаар үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг эрдэмтэд  хэлж байлаа.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)