Наадмын төсөв

Наадам хаяанд иржээ. Үндэсний сурын харваагаар салхи хагалдаг долдугаар сарын 7-ны өдрөөс тооцох юм бол “дэлхийд ганцхан” монгол наадам үндсэндээ долоон өдөр үргэлжилдэг. Дэнж хотойхоос ч аргагүй нүсэр, сүрлэг баяр. Зардал сүйтгэл ч өндөр.

Энэ жил л гэхэд гурван өдөр цэнгэн баярлахын тулд гурван тэрбумыг зарцуулах нь. Энэ мөнгө улсын төсвөөс гарна.

Угтаа татвар төлөгчдийн халааснаас гэсэн үг. Тийм атал наадмын төсөв зардал өндөр байна гэж нэг их шүүмжилдэггүй. Дэлхийд ганцхан, жилдээ ганц болдог наадам юм чинь хэдэн тэрбумаар наадахад яадаг юм гэж боддог байж мэднэ. Эсвэл наадмын төсөв хувь хүний халааснаас гардаггүй болохоор нэг их тоодоггүй юм болов уу. Наадам тэмдэглэхэд Цагаан сар шиг айл өрх бүрээс асар их зардал гардагсан бол өдийд наадмыг муулах кампанит ажил ид эхэлсэн байх биз. Тиймгүй болохоор чих амар л байна. Гэхдээ энэ нь бүх юм өөгүй, хийгүй, амар сайхандаа жаргасан гэсэн үг биш. Гурван тэрбум төгрөгийг юу юунд, хэрхэн зарцуулж байна вэ гэж татвар төлөгчийн хувьд хардах эрх иргэдэд бий.

Тэр тусмаа Төв цэнгэлдэх хийгээд Хүй долоон худагийг зорьж очоод эмх замбараагүй байдал, тоос шороо хоёрт дарагдаж бухимддаг ч бөх, морь, сураа үзэхдээ огшиж омогшин, хуушуур, айраг хоёртоо сэтгэл нь цадчихдаг гандан буурашгүй наадамчдын хувьд мөнгөндөө таарсан үйлчилгээг наадмын комиссоос нэхэх ёстой. Хэдий болтол морь, бөх хоёр нь будлиан маргаангүй сайхан болох л юм бол наадам сайхан боллоо хэмээн амны бэлэг бодож гүндүүгүй монгол зан ханхлуулж суух юм бэ.

Хамгийн гол нь жилээс жилд наадмын төсөв данхайтал нэмэгдээд байгаа атлаа түүндээ хүрсэн эмх цэгц, зохион байгуулалт, тоглолт үзвэр, шинэлэг үйлчилгээ бий болгосон зүйл бага. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолт ямар байх нь одоогоор оньсого хэвээр. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын хурал дээр найруулагчийнх нь хэлсэн үгнээс зарим нэг төсөөлөл авч болох юм.

Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл:

Наадмын нээлт, хаалтын ёслолын өнгө будгийн зорилго нь бид дэлхийн хөгжилтэй хөлтэй нийлэхийг зорьж байна. Олимп, хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулдаг жишиг рүү дөхөж, шинэ технологи нэвтрүүлэх юм. Наадмын талбай өнөөдөр нэлээд хүнд. Олон жил бид наадам хийсэн. Тэрийг эвдэж яаж шинэ, өөр өнгөөр харуулах вэ гэдэг талаас, үндэсний бахархал, соёлын биет болон биет бус өв арт, урлаг, бүтээл тал руу наадмын гол концепц явна. Гаднын жуулчид ирж үзэх тул орчин үе рүү хандуулж хийж байгаа.Наадмын нээлтийн үеэр тайзны засалтыг хийхдээ 2012 оны Лондонгийн олимп, 2018 онд ОХУ хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтээр хэрэглэж байсан технологийн хэрэглэнэ. Энэ бол даавуун хэвлэл 3D технологи.

Цэнгэлдэхэд чихцэлдэхэд

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд наадамчид авто машинаа тавих зайгүй болтол эргэн тойрных нь газрыг эрх мэдэлтнүүд худалдан авч, орон сууц, барилга байгууламж барьчихсан. Төв цэнгэлдэх хүрээлэн нь хүртэл хувь хүний мэдлийнх. 2000-аад оны үед нийслэлийн өмчийн оролцоотой “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувь нь хувь хүний мэдэлд очсон юм билээ. Гэтэл жил бүрийн наадмаар төсвийн мөнгөөр Төв цэнгэлдэхийн хэдэн сандал, сүүдрэвчийг будах, дэвжээг нь зүлэгжүүлж тохижуулах гэх мэт ажлыг хийдэг.

Тухайлбал, 2012 онд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, цэнгэлдэх орчимд байгуулах авто зогсоолын урсгал засварт 100 гаруй сая төгрөг зарцуулж байсан бол 2013 онд Төв цэнгэлдэх орчимд дахин 300 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил хийж байжээ. Тухайн үед “Онлайн парламент” ТББ- ынхан үүнийг буруушааж, төсийн мөнгийг үрэн таран хийж байна хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулж байсан юм. Үнэхээр л жил бүр наадмын өмнө Төв цэнгэлдэхийн урсгал засварт хэдэн зуун сая төгрөгийг цацсаар байгаа нь үрэлгэн, харалган зардал юм.

Нөгөө талаар хэчнээн арчилж тордоод Төв цэнгэлдэх хүрээлэн ачааллаа дийлэхгүй болж байгаа аж. Батгаамжийн хувьд 15 мянган хүний суудалтай. Гэтэл энэ жил л гэхэд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг үзэх гэж гадаадын 15 мянган жуулчин захиалга өгчээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газар 1500-хан тасалбарын квоттой тул захиалга өгсөн жуулчдын 90 хувьд нь татгалзсан хариу өгсөн байна.

Уг нь монгол наадмыг үзэхээр Төв цэнгэлдэхийг дүүргэх хэмжээний жуулчин гадаадаас ирсэн бол аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт болох байлаа. Нэг жуулчин ирэхэд 10 ажлын байр бий болдог гэж үзэх юм бол наадам үзэхээр ирсэн 15 мянган жуулчин Монголд 150 мянган ажлын байр бий болгоод буцах байж. Саалиа бэлдэхээс саваа бэлдэх хэрэгтэйг Төв цэнгэлдэхийн энэ жишээ харуулав.

Ирээдүйд Хүй долоон худагт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах бололцоотой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай, наадамчдыг амарч зугаалахад зориулж спорт, соёлын төвийг байгуулахаар төлөвлөсөн ч энэ бүхэн одоогоор цаасан дээрээ байгаа. Энэ ажлыг гардан зохион байгуулах “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар зургаан жилийн өмнө байгуулагдсан байдаг.

Ямар ч байсан 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнтэй болтлоо одоо байгаа Төв цэнгэлдэхээ тойрон бухимдаж, бужигнаж, хуушуурдаж, чихцэлдэж дугаарлан бөхөө үзэхээс өөр сонголтгүй. Дэлхийд ганцхан монгол наадмыг үзэж чадахгүй болж гэртээ үлдсэн 13500 жуулчид бол цаашаа. Тийз захиалж чадсан 1500 нь ч тийм азтай гэж бодохгүй байна. Бидний энэ байж байгаа маань л тэдэнд сонин содон санагдах биз. Түүнээс биш монгол наадмыг өнөөдөртөө жуулчдад биш монголчууд өөрсдөдөө зориулж дэглэж, найруулж, омогшиж, цэнгэж буй билээ. Гэхдээ зорьж ирээд цэнгэлдэхэд чихцэлдэхэд илүүдэх юмгүй л. Долдугаар сарын эхээр Монголыг зорьж ирэх жуулчдад дараахь өгүүлбэрийг уншуулчихсан байхад бас гэмгүй.

Монгол наадам 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн. Монгол наадам буюу Эрийн гурван наадам нь Монголын эртний уламжлалт баяр наадмын зан үйл бөгөөд эрт дээр үеэс эрхэм хүндтэйгээр уламжлагдан тэмдэглэгдсээр ирсэн билээ. Монгол наадам нь Хурдан морины уралдаан, Бөхийн барилдаан, Сурын харваанаас бүрддэг ба ардын аман болон язгуур урлаг, ардын мэдлэг түүнчлэн уламжлалт гар урлалыг ч өөртөө багтаасан Монгол ардын зан үйлийн цогц ёслол юм.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын мэдээнээс

Баяр наадам хямардаггүй

Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. Түүнээс хойш наадмын төсөв огцом өссөөр ирж. 2012 онд 870 сая төгрөгөөр наадамлаж. Түүний дараа жил 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2015, 2016, 2018 онуудад 2.9 тэрбум төгрөгөөр наадам тэмдэглэсэн байна. Харин 2017 оны наадмын төсөв 3.04 тэрбум төгрөг болж байсан аж.

Санхүү хямарч, эдийг засаг хүндэрч байсан ч төрийн их наадмын төсөв арифметик прогрессоор өсч иржээ. Наадмын 2.9 тэрбумын төсвийг юу юунд зарцуулдгийг өмнөх жилүүдийн жишгээр харахад,

- 11.6 хувь буюу 336 сая төгрөгийг бай шагналд,

- 34 хувь буюу 991 сая төгрөгийг урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд,

- 19.7 хувь буюу 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,

- 9.5 хувь буюу 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд,

- 25 хувь буюу 731 сая төгрөгийг зохион байгуулалт буюу бусад арга хэмжээнд зарцуулдаг байна.

Дээр дурдсан зардлууд бол Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх өнгөрүүлэх улсын комиссын захиран зарцуулдаг төсөв. Үүн дээр аймаг, сумдын наадмуудын зардал нэмэгдэнэ. Аймаг, сумдын наадмын хувьд зардал төсөв нь улсын наадмынх шиг нуга суга нэмэгдэх боломжгүй. Учир нь Засгийн газраас тогтоосон хэм хэмжээтэй. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор аймаг, сумдын наадмын жишиг санхүүжилтийн хэмжээг тогтоож өгсөн байдаг.

Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд зориулан төсвөөс гаргах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг аймагт 10 сая төгрөг, суманд 5 сая төгрөг байхаар тус тус тогтоожээ.

Мөн энэ тогтоолоор бөх, уяач, харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг баталсан аж.

Засгийн газрын дээрх тогтоолын дагуу аймаг, сумдын наадмын нийт төсөв 1.86 тэрбум төгрөг болж байна. Улсын наадмын төсөвтэй нийлээд монголчууд бид 4.76 тэрбум төгрөгөөр нааддаг гэсэн үг. Наадмын энэ их төсвийг таная гэвэл боломж бий санагдана. Олон жилийн дунджаас харахад урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээ, тохижилт, үйлчилгээний ажилд наадмын зардлын ихэнх нь зарцуулагддаг аж. Ёслол, хүндэтгэлээ тансаглалаас холдуулж, соёл, урлагийнхны тоглолтыг цомхон бөгөөд тодорхой болгож, тохижилт, үйлчилгээний ажлыг жил бүр нүд хууран гурилдах биш олон жилийн настай, чанартай гүйцэтгэх юм бол төсвийнхөө ч мөнгийг хэмнээд, төр түмнээрээ сайхан наадаж болмоор.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Наадмыг жаахан зардал чирэгдэл багатай тэмдэглэж баймаар юм, зүгээр л ард иргэдээ аятайхан баярлаж, зугаацаж цэнгэх боломжийг нь бүрдүүлээд өгчих хэрэгтэй, тэрнээс тэр цэнгэлдэхэд очоод чилтэл суугаад, хэдэн махан бөмбөг, нийгмийн шааруудын ноцолдохыг харуулах нь одоо ямар ч утгагүй л дээ, нээлт хаалтыг ч гэх нэг их сүржигнэлгүй ерөнхийлөгч зурагтаар үг хэлээд нээж хаагаад явчихад болохгүй юмгүй л баймаар

    1 0 Хариу бичих