Ардчилсан намын ҮБХ-ны анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо

АН-ын Үндэсний бодлогын хорооны анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр болжээ. Зөвлөлдөх уулзалтаар Бодлогын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх зэрэг цаг үеийн асуудлыг  хэлэлцсэн байна. Мөн орон даяар зохион байгуулагдаж буй Үзэл баримтлалаа таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аяны талаарх мэдээллийг ҮБХ-ны гишүүдэд өгчээ. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд ҮБХ-ны гишүүд 16 бодлогын салбар зөвлөлд хуваагдан ажиллаж байна. Засгийн газрын  бүтцийн дагуу ажиллаж буй бодлогын зөвлөлүүд цаашид мэргэжлийн хүрээнд  судалгаа, шинжилгээнд тулгуурлан ажиллана гэв. Зөвлөлдөх уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Цаг нь болсон уу болсон. Гэхдээ өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн болон хууль зүйн үндэслэл байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Эрх баригч намын 65 гишүүний 50 нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нь хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдчихоод байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чадамж байгаа юу. Үүнийг сайн бодолцох хэрэгтэй" гэв. Зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)