Эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн тоо 34 хувиар өсчээ

 “Монгол  Улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ”-ний талаархи зөвлөгөөнТөмөр зам дахь цагдаагийн газарт өчигдөр боллоо.

Зөвлөгөөнд НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны хүндэт Ерөнхийлөгч, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, ШШБЕГ-ын Мааньт дахь Албадан эмчилгээний газрын дарга дэд хурандаа З.Энхмаа, Баривчлах төвийн дарга дэд хурандаа Д.Чинзориг, мөн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн нийтийн хэв журам хамгаалах  тасгийн дарга, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнүүд, албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа хариуцсан ахлах байцаагч нар оролцсон юм.

Мэргэжлийн байгууллагын судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийн, мөн нийгмийн хэв журмыг зөрчиж, эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирж буй эмэгтэйчүүдийн тоо урьд өмнөхөөс огцом өссөн нь харагдаж байна.

Тухайлбал, Төмөр зам дахь эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд 2018 онд 4106 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн нь 2017 оноос 1095 буюу 26,6 хувиар өссөн, 2019 оны эхний 5 сарын байдлаар 2526 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 866 нэгж буюу 34,0 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.

2016-2018 оны хооронд эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн давтамжийг судлахад жилд хоёр удаа эрүүлжүүлэгдсэн эмэгтэй 377, гурав дахь удаагаа 72, дөрөв дэх удаагаа 22, тав дахь удаагаа 13, зургаа дахь удаагаа 4, долоо дахь удаагаа 2, найман удаа эрүүлжүүлэгдсэн эмэгтэй 8 байсан. Мөн 21 эмэгтэй оюутан, 16 эмэгтэй сурагч эрүүлжүүлэгдсэн нь эмэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ өссөн. Насны хувьд 25-45 насны буюу ид залуу насны эмэгтэйчүүд илүү ихээр архи хэрэглэж байна” гэсэн статистик мэдээллийг өглөө. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)