Сонгуулийн жилийн “төсөв”-ийг сонжихуй

“Бадарчин баярлах болоогүй” гэдэг шиг эдийн засгийн өнөөгийн сэргэлтэд эрх баригчид санаа амарч болохгүйг олон улсын байгууллагууд анхааруулаад буй. Сүүлийн хоёр жил -1.6 хувиас 6.9 хувь руу “ниссэн” Монголын эдийн засгийн өсөлт энэ онд үргэлжлэх боловч ирэх оноос сайжрахгүйг л товчоор хэлсэн нь энэ.

Азийн хөгжлийн банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7, 2020 онд 6.3 хувь болно. Түүнчлэн урсгал дансны алдагдал нь 2020 онд эргээд ихэсч ДНБ-ий 13.0 хувьд хүрэхээр байгаа. Учир нь энэ онд төсвийн зардал нь нэмэгдэнэ.

Дэлхийн банк: Эдийн засгийн өсөлт 2019 онд 7.2 хувьд хүрч, 2020-2021 онд ойролцоогоор 6.9 хувьд хүрч тогтворжих хандлагатай байна. Энэхүү төсөөлөлд нөлөөлөх хэд хэдэн эрсдэл байгаа. Тухайлбал, 2020 оны сонгуулиас шалтгаалан улам хүндрэх улс төрийн тодорхой бус нөхцөл байдал. Магадгүй энэ нь мега төслүүдийг гацаах эрсдэлтэй. Түүнчлэн дэлхийн түүхий эдийн зах зээлд нөлөөлөх, БНХАУ болон АНУ- ын хооронд худалдааны дайн зэрэг нөлөөлнө.

Монголбанк: 2020 онд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарна. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н IPO, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл ирээдүйд эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө.

Сангийн яам: Ирэх онд эдийн засаг найман хувиар өснө гэж тооцоолсон. Үүнд дөрвөн хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, татварын шинэчлэл, төсвийн хөрөнгө оруулалт, цалин тэтгэвэр нэмэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт. Уул уурхайн салбар ирэх онд 9.9 хувиар өснө. Энэ өсөлтийн нөлөөгөөр ДНБ- ий хэмжээ 2020 онд 3.7 хувиар мөн нэмэгдэнэ.

Ерөнхийдөө 2020 оны Монголын эдийн засгийн дүр төрхийг ийнхүү таамаглаж байгаа юм. Шалтгаан нь ирэх онд УИХ- ын ээлжит сонгууль болох тул төсвийн сахилга бат алдагдах магадлалтай. Тэгвэл шинэ сартай уралдан баталсан ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021, 2022 оны төсвийн төсөөлөлд нөхцөл байдлыг хэрхэн авч үзсэнийг сонжъё.

Төсөв 1.2 их наядаар данхайна

Сонгуулийн жилийн төсвийн орлогыг энэ оныхоос 1.2 их наяд төгрөгөөр өсгөж, 11.1 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ. Энэ бол Төсвийн хүрээний мэдэгдэл дэх тоо. Харин зарлага 13.2 их наяд байх нь. Ингэснээр ирэх оны төсөв хоёр их наядын алдагдал хүлээхээр байгаа ч УИХ-ын гишүүд сонгуулийн жилээ бодоод нүдээ аниад “кноп”-дчихлоо. Гэхдээ энд бас төсөөлөл бодитой болох боломж бий юм.

2020 оны эхний өдрөөс Татварын багц хууль хэрэгжиж эхэлснээр татварын орлого нэмэгдэнэ гэж үзсэн байна. Тэр утгаараа татварын орлогыг 1.2 их наядаар нэмж, 9.8 их наядыг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарч байгаа дараагийн нэг зүйл нь орлогын 30 орчим хувийг дангаар бүрдүүлдэг гаалийн салбарын шинэчлэл юм. Учир нь, Монгол Улс гаалийн техник тоног төхөөрөмж муутай улмаас энэ орлогоо тэр бүр тодорхой, бүрэн бүрдүүлж чаддаггүй байна. Тиймээс ч ашигт малтмал хууль бусаар хил нэвтрүүлэх болон дагалдах бүтээгдэхүүнээс татварын орлого дутуу тооцох гэх мэт асуудлууд явсаар ирсэн. Энэ нь гаалийн мэдээ, тухайн салбарын байгууллагын мэдээлэлтэй зөрдөгөөс тодорхой харагддаг. Тиймээс гаалийн шинэчлэлээ ирэх онд дуусгаснаар төсвийн орлогод тодорхой өсөлт гарна гэж үзэж байна. Товчхондоо, Татварын багц хууль, гаалийн шинэчлэл нь ирэх онд төсвийн орлого нэмэгдүүлэхэд чухал гэжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Улсын баялаг БНХАУ руу зургаан боомт дамжин гардаг. Эдгээр боомтоор гарч байгаа ашигт малтмалаа бүрэн хянаж чаддаг болохоор ажиллаж байна. Ер нь гарч байгаа баялгийнхаа чанарт нийцсэн татвар ногдуулахын тулд олон улсын стандартад нийцсэн гаалийн лабораторийг бий болгож, тээврийн хэрэгсэл болгоноос дээж авдаг тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Дээр нь импортоор орж ирж байгаа нефьт бүтээгдэхүүний чанарын асуудал яригддаг. Мөн бага үнэтэй оруулж ирсэн учраас гээд татвар бага төлдөг үзэгдэл бий. Тиймээс дөрвөн боомт дээр нийт долоон нефьт бүтээгдэхүүний лаборатори байгуулахаар төлөвлөсөн. Тэнд хэн нэгэн хүн дураараа аашлах явдал байхгүй болно гэсэн үг.

Гадаад худалдаанд хүлээх алдагдал нэмэгдэнэ

Гадаад худалдааны бараа эргэлтийг ирэх онд 14.5 тэрбум ам.доллар байна гэж төсөөлсөн байна. Үүнээс экспорт 7.8, импорт 6.7 тэрбум ам.доллар байна. Тэгвэл импортын өсөлтийг ирэх онд дэд бүтцийн салбарт хийх томоохон төслүүдийн хэрэгжилтээс үүдсэн барилгын материалын худалдан авалт тэргүүлэх бол өсөлтийн удаах шалтгаан нь уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт өсөхтэй зэрэгцэн нэмэгдэх дизель түлшний импорт аж. Ингэхээр үйлдвэрлэл, экспортын өсөлт нь төлбөрийн дансны алдагдлыг нэмэгдүүлэх аж. Тэгвэл валютын орох урсгалыг тандъя. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний ханшийг ирэх онд дунджаар 75.5 ам.доллар байхаар таамаглаж, энэ оны төсөөллөөс таван ам.доллараар буулгав. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, БНХАУ-ын эдийн засгийн сааралт, Евро бүсийн сулрал, дэлхийн худалдаа, үйлдвэрлэлийн бууралт, санхүүгийн зах зээлийн эрсдэл үргэлжилсээр байхыг ОУВС дурдав.

Энэ ажиглалтаас үүдэн ОУВС “Дэлхийн эдийн засгийн төсөөлөл”-өө шинэчилж, АНУ- ын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 3.7 хувь байна гэсэн таамгаа бууруулсан. Мөн Хятадын эдийн засаг сүүлийн 30 орчим жил байгаагүй хэмжээнд саараад байна. Энэ нь цааш үргэлжлэхийг тус тайланд танилцуулсан.

Эдгээр шалтгааны улмаас дэлхийн зах зээл дээр эрдэсийн ханш сайнгүй байх төсөөлөл байгаа тул манайх нүүрсний дундаж үнийг ийн буулгаж тооцжээ. Тэгвэл зэсийг тонн тутамд нь 6290 ам.доллар байхаар таамагласан нь энэ оны төсөвт баталсан дүнтэй ижил байгаа. Гэтэл зэсийн ханш энэ онд манай төсөвт баталсан дүнгээс дандаа бага байгааг дашрамд дурдъя.

Төсвийг төсвийн зарцуулалтыг тайлагнахад үрнэ

Эдийн засгийг эрсдэлд оруулах гурван хүчин зүйлийн нэгээр “Сонгуулийн мөчлөгтэй холбоотой төсвийн зарцуулалт” гэж дотоодын эдийн засагчид нэрлэдэг. Учир нь сонгуулийн “оноондоо” бэлдээд зарцуулалтыг нэмдэг гэдэг.

Манай улс 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын тэрбум, 2023 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлөх болон БНХАУ-ын Төв банктай хийсэн своп хэлцлийн зэрэг төлбөрүүд хүлээгдэж байгаа тул бүсээ чангалах бодлого төсөв дээр жил улиран барьж байгаа.

Гэвч энэ оны төсөвт үр ашгаа өгөх бус, урсгал зардал нэмэх барилга, байшингийн ажилд төсвөө зарцуулж байгааг дотоодын төсвийн шинжээчид шүүмжилсэн. Тухайлбал, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цаашид орлого олох зүйлд бус аймаг, сумын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилгад зарцуулагдахаар батлагдсныг тооцсон байдаг. Тэгвэл ирэх оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцож, нэн шаардлагатай зургаан зүйлд түлхүү зарцуулна гэж үзжээ. Үүнд, цалин, тэтгэвэр нэмэх, төрийн албан хаагчдыг цахим бүртгэлжүүлэх, төсвийн зарлагын хуваарилалтын үр ашигтай, ил тод байдлыг салбар бүрээр иргэдэд цахимаар хүргэх, тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн хуваарилалтын тэгш байдлыг хангах чиглэлээр эхлүүлсэн шинэчлэлийг үргэлжлүүлэхэд зарцуулахад гол болгох гэнэ. Харин дээрх ирэх оны төсвийг ихэвчлэн цахим шинэчлэлд шингээх нь дээрх зургаан гол зарцуулалтаас харж болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)