Нарендра Моди Энэтхэгийг ШХАБ-ын нэг төв болгож чадах уу

Эдийн засаг нь жил бүр тогтмол 10-аас дээш хувиар өсч байх үед БНХАУ-ыг бүгд “Гайхамшиг” гэж нэрлээд, жилд ойролцоогоор 6-7 хувийн өсөлттэй байсан Энэтхэгийг тоогоогүй. Гэтэл Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, цаашдаа хэрхэхийг хэн ч хэлж чадахгүй байхад Энэтхэг нөгөө л жигд хэмнэлээ хадгалсаар өдгөө бүс нутгийн гол тоглогч болохоор ил гарч ирээд байна. Энэ ахиц дэвшлийг гаргахад гол нөлөө үзүүлсэн хүн нь Ерөнхий сайд Нарендра Моди юм. 2014 оноос Ерөнхий сайдаар ажилласан тэрээр саяхан болсон сонгуульд дахин ялж, албан тушаалдаа 2024 онд хүртэл үлдэхээр болоод байгаа билээ. “Тэд” булан энэ удаа Энэтхэгийн ард түмний итгэл найдвар болоод байгаа Нарендра Модигийн тухай болон түүний удирдлага дахь Энэтхэг улсын зорилго юу байх тухай сэдвийг хөндөж байна.

Цайны наймаачны хүү Ерөнхий сайд болсон нь

Нарендра Демодардас Моди 1950 оны есдүгээр сарын 17-нд Энэтхэгийн Гужарат мужийн Ваднагар хотноо зургаан хүүхэдтэй айлын гурав дахь нь болон мэндэлжээ. Түүний бага насны талаар мэдээлэл хомс. Багадаа эцгийнхээ ажилд туслан цай наймаалдаг байсан, 17 настайдаа гэрээ орхин эх нутгаараа даяанчилсан гэхээс өөр тоймтой мэдээлэл байдаггүй. Харин улс төрийг хар багаасаа сонирхож, хүүхдээрээ шахуу байхдаа Раштрия сваямсевак сангх буюу “Эх орны сайн дурын зарц нарын зөвлөл” хэмээх үндсэрхэг байгууллагад элсэн олон жил гишүүнчлэлтэй явсан гэнэ.

1970-аад онд Раштрия сваямсевак сангх нь хууль бус байсан тул Нарендра Моди зооринд амьдарч, суртал ухуулгын материал бэлтгэх аюултай ажлаа хийдэг байсан гэнэ. Нарендра Моди улс төр судлалын мэргэжлийг Делигийн их сургуульд эзэмшиж, хожим Гужарат муждаа энэ чиглэлээрээ зэрэг хамгаалжээ.

Тэрээр 1987 онд “Бхаратия Жаната” намд элсэж, албан тушаалын шат дамжлагаар зугуухан өгссөөр 1995 онд Үндэсний нарийн бичгийн дарга болж, 1998-2001 онд ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна. Улмаар 2001 онд Гужарат мужийн Ерөнхий сайд болжээ.

Гужаратыг удирдаж байхдаа тэр үндэсний хэмжээний нэр алдрыг олж авсан юм. Хувьчлалыг тууштай явуулж, гадаад харилцаагаа хөгжүүлэн хөрөнгө оруулалт татсанаар мужийнхаа эдийн засгийг Энэтхэгийн өөр аль ч мужид байхгүйгээр хөгжүүлж чадсан байна. Гужарат муж гаднаас орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр улсдаа тэргүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр мөн нэгдүгээрт бичигдэж байв. Гэхдээ бүх зүйл шулуун дардан байсангүй. 2002 онд Гужаратад дэгдсэн шашин хоорондын мөргөлдөөнд хандсан хандлагыг нь энэтхэгчүүд одоо ч шүүмжилдэг байна.

2013 онд Бхаратия Жаната намаа Парламентын сонгуульд удирдаж орох үүрэгт тохоогдож, тэр жилийнхээ намар Ерөнхий сайдад нэр дэвшигч хэмээн албан ёсоор зарлагдсан юм. Улмаар 2014 онд Ерөнхий сайд болсон билээ.

Энэтхэгчүүд популизмыг таягдлаа

2014 оны сонгуулийн дараахь энэтхэгчүүдийн сэтгэл санааны байдал, сая явагдсан сонгуулийн дараахь байдлыг харьцуулж харвал тэнгэр газар шиг ялгаатай. 2014 онд Нарендра Моди, “Бхаратия Жаната” нам Энэтхэгийг үе улиран захирч ирсэн Ганди, Неругийн гэр бүлийн ноёрхлыг нураасан юм.

Тэгэхэд сонгогчдын дунд “Элитүүд элитээрээ л байна, энгийн ард түмний эгэл боргил амьдралыг мэдэхгүй, тиймээс энгийн хүнийг сонгож, амьдралд ойрхон бодлого явуулах, бодит үр дүн гаргах хэрэгтэй” гэсэн философи давамгайлж байсан юм. Тиймээс цай худалдагчийн хүү болж төрсөн эгэл удам нь Модигийн ялалтад нөлөөлсөн. Гэхдээ 2001-2014 онд Гужарат мужийг удирдахдаа эдийн засгийг нь сэхтэл босгосон нэр хүнд нь түүнийг Ерөнхий сайд болгосон юм. Энэтхэгчүүдийн сонголт буруу байгаагүй гэдгийг өнгөрсөн таван жилийн эдийн засгийн өсөлтөөс харчихаж болно.

Тэгвэл энэ удаа энэтхэгчүүд Нарендра Модиг улс орноо хөгжүүлнэ, хүчирхэг Энэтхэг орныг бүтээж чадна хэмээн итгэлтэйгээр сонгосон. 2014 онд 543 суудлын 283-ыг авсан “Бхаратия Жаната” нам энэ сонгуулиар суудлынхаа тоог 300 болгон нэмсэн нь Нарендра Модигийн өнгөрсөн таван жилийн ажилд өгсөн үнэлгээ байсан юм. Гандигийн удмынхны удирддаг Үндэсний конгресс нам 2009 оны сонгуулиар 262 суудалтай байсан бол 2014 оны сонгуулиар 100, энэ жилийнхээр 96-хан суудал авсан. Үндэсний конгресс намын дарга Рахул Ганди нам нь сонгуульд ялбал тариачин өрх бүрт жилд 1000 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж олгохоор амалж сонгуульд орсон бол Нарендра Моди Энэтхэгийг эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн болгоно гэсэн амлалт өгсөн.

Нарендра Моди энэтхэг хүний толгойноос амь зуух тухай мөчид бодлыг бага, багаар арчиж, хувь хүний хөгжил дээр тулгуурласан, өндөр хөгжилтэй хүчирхэг улсыг байгуулах тухай шинэ мөрөөдлийг суулгаж чадсан гэдгийг энэ сонгууль бүрэн утгаараа нотолсон юм. Энэтхэг шиг ядуу буурай иргэд олонтой улсын хувьд Р.Гандигийн популист амлалтыг таягдана гэдэг маш том ялалт билээ.

Нарендра Моди Энэтхэгийг ШХАБ-ын нэг төв болгож чадах уу

Энэтхэгчүүд хоногийн хоол биш, улсаа цэрэг, эдийн засгийн хүчирхэг гүрэн болгох сонголтыг хийсэн болохоор Нарендра Моди гадаад бодлого тал дээр идэвхтэй ажиллах нь тодорхой байгаа. Тэрээр тангараг өргөх ёслолдоо ШХАБ-ыг удирдаж буй Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жеенбековыг урьсан нь анхаарал татсан. Шинжээчдийн өгүүлж байгаагаар бол энэ нь Энэтхэг ШХАБ-д идэвхтэй гишүүн, нэг төв байхыг эрмэлзэхийн дохио гэнэ. Ер нь тангараг өргөх ёслолыг нь харахад л түүний цаашдын хийх ажлын талаар нэлээд ойлголт авчихаж болохоор байна. Төв Азийн Киргизиэс Ерөнхийлөгчийг нь урьсан, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийг уриагүй. Тэгсэн хэрнээ “Найрсаг хөрш байх” бодлогынхоо хүрээнд Бенгалын булангийн санаачилгын гишүүн орнууд болох Балба, Мьянмар, Тайланд, Бутан улсаас төлөөлөгч урьсан байх жишээтэй. Мөн Пакистаны Ерөнхий сайд Имран Ханыг урьжээ.

Энэтхэгийн эдийн засгийн нөөц боломж, идэвхтэй гадаад бодлого нь БНХАУ-ын Төв Ази дахь нөлөөлийг хазаарлах ногт байж магадгүй гэж харах хүн олон байна. Энэтхэг улс хоёр жилийн өмнө ШХАБ-ын гишүүнээр элссэн бөгөөд БНХАУ, ОХУ-ын аль нэгний далбаан дор биш, өөрсдөө өөрийн гэсэн бүлэгтэй болох том амбийцтай байгаа нь аль хэдийнэ мэдэгдсэн. Нарендра Моди Ази дахь Хятадын ноёрхлын эсрэг тууштай зогсдог гэдгээрээ алдартай. Амжилт ч олж байгаа. Шри Ланка улс БНХАУ- аас их хэмжээний мөнгө авч, нөлөөнд нь бараг бүрэн автаад байсан бол шинэ гарч ирсэн удирдагчид нь Энэтхэгээс тусламж гуйсан. Төв Азийн орнуудад хийх хөрөнгө оруулалтын хэмжээгээ өсгөж байгаа. Геополитик судлаач Вадим Козюлиний хэлснээр бол Олон улсын дамжин өнгөрөх тээврийн (Умард-Өмнөд) хонгил хэмээх механизмыг ажиллуулахад Энэтхэг улс лидерийн үүрэгтэй орж болох гэнэ.

БНХАУ-ыг “хазаарлах” аян

БНХАУ-тай бодитой өрсөлдөхөд Энэтхэгт нэг том давуу тал байгаа нь боловсон хүчний хангамж юм. Ер нь Энэтхэгийн эдийн засаг өсч байгааг хөдөлмөрийн насныхан нэмэгдэж байгаатай холбож ойлгох явдал бий. 2005-2007 онд тус улсын эдийн засгийн өсөлт ойролцоогоор 9 хувьтай гарсан. Түүнээс хойш дунджаар долоон хувийн өсөлтийг хадгалж яваа. Энэ хооронд хүн амын өсөлт нь ч хоёр дахин нэмэгджээ.

1991 онд буюу тус улсын парламент эдийн засгаа либеральчлахад төрсөн залуус одоо яг нөхөн үржихүйн идэвхтэй насан дээрээ иржээ. Хүн амын 40 хувийг тэд бүрдүүлдэг болсон байна. Энэ нь улс төрийн салбарт ч нөлөөлөх бодит хүчин зүйл болж хувирав. Энэтхэгийн Засгийн газрын сайд нарын дундаж нас 65 байдаг. Тэр ч байтугай Нарендра Модигоос өмнө Энэтхэг улс тусгаар тогтносноос хойш төрсөн (1947 онд тусгаар тогтносон) нэг ч Ерөнхий сайд байгаагүй юм.

Энэтхэг улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд явж байгаа нь үнэн ч илүү эрчимжүүлэхийн тулд хөрвөх чадвар сайтай, уян хатан бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэх хүмүүс ч байгааг үгүйсгэж болохгүй. Баян хоосны ялгаа ихтэй, “мөнчгөрөөрөө” амжилтад хүрэх боломж бараг “0”-тэй тэнцүү гээд асуудал бий. Өөрөөр хэлбэл, нэгэнт ядуу айлд л төрсөн бол тэр чигтээ дуусах магадлал өндөр. Томчууд нь хоорондоо ураг барилдаж, амьдралаас хэт тасарсан, жирийн иргэдийн цалин хөлс дэндүү бага гээд хөгжиж байгаа улсад байдаг бүх л бэрхшээл тэнд байна. Залуус өсөөд л байдаг, ажлын байр байдаггүй.

Тодруулбал, эдийн засгийн өсөлт нь ажиллах хүчнийхээ өсөлтийг гүйцэхгүй бэрхшээл байгаа. Тэд энэ бэрхшээлээ шийдвэрлэж, БНХАУ-ыг гүйцэн шинэ зууныг эрхшээх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)