Ираныг “боомилох” төлөвлөгөө-2

“Иран дайн хүсч байгаа бол энэ нь тэдний албан ёсны төгсгөл байх болно” Д.Трамп

“Хэрвээ гаднын улс орон халдлага хийвэл Ираны арми хариуг нь төмөр нударгаар өгөх болно” Али Хаменей (Ираны лалын хувьсгалын эцэг, иранчуудын оюун санааны лидер)

Арабын нэгдсэн Эмиратад газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц дэлбэрч, АНУ Ираныг хорлон сүйтгэсэн гэж хардсанаас болж Вашингтон Тегераны харилцаа эрс хүйтрэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 19-ний өдөр Твиттер хуудсандаа “Иран дайн хүсээд байвал тэр нь албан ёсны төгсгөл нь байх болно шүү. Нэгдсэн улсыг хэзээ ч бүү сүрдүүлж бай” гэж бичсэн бөгөөд Иран дутахгүй хариу барьсан юм. Пентагоны тэргүүн Паторик Шэнахэн “Вашингтон Ирантай дайтах бодолгүй байгаа” гэснээр хэрүүл намжсан ч Вашингтоны зүгээс хэрүүлийг орхиж чадахгүй харин ч заналхийлсэн шинжтэй үйлдлүүдийг тасралтгүй явуулж байна. 21-нд Д.Трамп “Тэд эхэлж утасдах юм бол хэлэлцээр хийхэд бэлэн” гэсэн ч Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “Иранчууд албадлагаар хэлэлцээр хийдэггүй юм. Иранчуудыг сүрдүүлэхээ боль, бас хамтран ажиллана гэж хүлээх хэрэггүй” гэсэн хариу барьснаар нөхцөл байдал дахин хурцадсан юм.

АНУ-ын Батлан хамгаалах яам Ойрхи Дорнодод цэрэг зэвсгийн нэмэлт хүч илгээх төлөвлөгөөгөө өнгөрсөн пүрэв гаригт Конгресст танилцуулав. Хэмжээ нь тодорхойгүй ч CNN, “Ассошиэйтед пресс”, ВВС агентлагуудын мэдээлж байгаагаас үзвэл 5-10 мянган цэрэг офицер буюу нэлээд томоохон хэмжээний хүчийг Персийн буланд хуралдуулах асуудал яригдсан. АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал (CENTCOM) эхний ээлжид бүрэлдэхүүнээ 5000- аар нэмэгдүүлэх хүсэлтийг Пентагонд хүргүүлээд буй. АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын хяналтын бүсэд Ойрхи Дорнодын Иран, Афганистан, Ирак, Сири, Йемен, дундад Азийн Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркмен, Узбекистан зэрэг улсууд багтдаг. Мөн Улаан тэнгис, Персийн булан, Энэтхэгийн далайн баруун хэсгийн олон улсын усанд хяналтаа тогтоосон байдаг юм.

“Ямартай ч CENTCOM-оос хүсэлт ирүүлсэн нь үнэн, харин Цагаан ордон зөвшөөрсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэж “Ройтерс”-ын мэдэгдэлд дурджээ. Мэдээллийн томоохон агентлагууд энэ асуудалд анхаарал хандуулан шинэ мэдээллийг шуурхай эрэлхийлж байгаа ч асуудал юу, юугүй шийдэгдчихгүй гэдгийг анхааруулахаа мартахгүй байгаа юм. Учир нь, нэгд, CENTCOM-ын дэлхийн өнцөг булан бүрт байрлаж байгаа анги нэгтгэлийн удирдлагууд нэмэлт хүч авах хүсэлтийг жил бүр л Пентагонд явуулдаг. Хоёрт, Цагаан ордон шийдвэр гаргахдаа Пентагонтой заавал зөвшилцдөг. Гуравт, 10 000 цэргийг нэмэлтээр илгээхээр боллоо гэхэд нэг хэсэг нь л Персийн буланг зорьж, үлдсэн нь зөвхөн зэвсэгт мөргөлдөөн үүссэн тохиолдолд л фронт руу илгээгдэхээр нөөцөнд байх ёстой юм.

Пентагон эхэндээ Иран АНУ-ын флот руу халдан довтлох юм уу, цөмийн бөмбөг бүтээх ажлаа яаравчилбал 120 мянган цэрэг илгээнэ хэмээн сүрдүүлж байв. Тэд одоогийн байдлаар нисэх онгоц тээвэрлэгч “Авраам Линкольн”, десантын хөлөг онгоц “Арлингтон”-ыг өөр таван хөлөг онгоцын хамт Персийн буланд байршуулаад буй. Мөн Катар дахь цэргийн бааздаа Б-52 бөмбөгдөгч онгоцуудыг сойжээ. Ираны талаас дайныг эхлүүлсэн тохиолдолд баллистик болон далавчит пуужин устгах чадвартай “Patriot” пуужингийн системийг хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоцыг аваачихаар бэлэн болгосон байна.

Нөхцөл байдал иймдээ тулсан тул ОХУ байдлыг намжаахыг уриалсан мэдэгдэл хийхэд хүрсэн юм.

Иран бусад улстай хамтарч ажилласан, шалгуулсан, үүргээ биелүүлсэн. Гагцхүү олсон мөнгөө буруу зүйлд зарцуулсан нь АНУ-ыг уурлуулснаас ийнхүү дахин занаанд нь орж байна. Ирантай байгуулсан зургаан улсын хэлэлцээрээс АНУ өөрийн санаачилгаар гарсан. Улмаар хорлон сүйтгэх ажиллагаагаар далимдуулан хоригоо улам чангалахаар зүтгэж байна.

Ираны дотоод, гадаад нөхцөл байдал хүнд байна

Хассан Роухани Ерөнхийлөгч болсныхоо дараа барууны орнуудтай цөмийн хөтөлбөрөө барьцаалсан хэлэлцээр хийж байж эдийн засгийн хоригоо цуцлуулсан билээ. Энэ бол 2015 оны асуудал бөгөөд тэр үед АНУ-ын нэг бус улстөрч “Тэд олсон мөнгөө зэвсэглэлд зарцуулна, алан хядагчдыг санхүүжүүлнэ” хэмээн анхааруулж байсан. Энэ нь ч үнэн болж хувирсан.

Иран улс хоногт 4.1 сая баррель газрын тос олборлодог үзүүлэлтээрээ дэлхийд V, экспортын хэмжээгээрээ (хоногт 1.3 сая баррель) XII, тогтоогдсон нөөцийн хэмжээгээр IV жагсдаг. Гэсэн ч эдийн засаг нь сүүлийн 10 гаруй жил маш тогтворгүй байсан юм. Үүнд АНУ тэргүүтэй барууны орнуудын хориг гол үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой.

Гаднын дарамт шахалт эдийн засгийг нь сүйрүүлж байсан ч иргэдийн цээжинд үндэсний үзлийн галыг өрдөж байв. Тэрхүү жилүүдэд бүсээ чангалан тэвчиж байсан иранчуудад Ерөнхийлөгч Хассан Роухани итгэл төрүүлж, хориг цуцалсны дараа гарах эдийн засгийн өсөлтийг “Ард иргэддээ наана” хэмээн амалсан юм. Гэвч хориг цуцлагдаж, ДНБ 2016 онд 12.5 хувиар өссөн ч иргэдийн амьдрал дээшлээгүй.

Иран улс газрын тосны экспортоос орж ирсэн 300 тэрбум ам.доллароо Сирийн дайн, цэрэг, зэвсэгтэй холбоотой зүйлд зарцуулж орхижээ. Амьжиргааг сайжруулна, хэрэггүй зүйлд мөнгө үрэхгүй гэж амлан 2017 оны тавдугаар сарын сонгуульд ялалт байгуулсан тэрээр Сирийн дайнд ОХУ-тай нэг жигүүр болж тулалдсанаар асар их зардал гаргаж буй.

Иран улс Сирийн дайнд 2000 гаруй хүнээ алдсан. Дайнд хөндлөнгөөс оролцож байгаа улсын хувьд харьцангуй их тоо.

Эдийн засгийн өсөлтөөс хүртэж чадаагүйдээ бухимдсан иргэд 2017 оны арванхоёрдугаар сард ”Өндөгний үнэ нэмэгдсэн” шалтгаанаар гудамжинд хүртэл гарч ирсэн билээ.

Тухайн үед Ерөнхийлөгч Хассан Роухани, бүх иранчуудын оюун санааны удирдагч Али Хаменей тэргүүтэй томчууд нь бослогын ард илүү ч үгүй, дутуу ч үгүй АНУ, Израиль, Саудын Араб улс байгаа гэж мэдэгдсэн. АНУ бол Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэгч гол улс. Харин Израиль бол Ираны гол дайсан гэж тооцогддог улс. М.Ахмединежад Ерөнхийлөгч байхдаа “Израилийг газрын хөрснөөс арчина” гэж мэдэгдэж байсан ч удаатай. Харин Саудын Араб бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө Ирантай өрсөлдөгч. Ийм учраас л төрийн өндөр албан тушаалтнууд дээрх гурвыг нэр цохсон хэрэг.

Үнэхээр ч тэмцэгчдэд АНУ, Израиль улс эчнээгээр итгэл өгсөн байхыг үгүйсгэхгүй. Учир нь бослого тэмцэл ид өрнөж байх үед Д.Трамп “АНУ босогчдыг дэмжинэ” гэж, Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху “Ардчилсан Иран улс Израилийн анд нөхөр” гэж мэдэгдэл хийсэн юм.

Тэр үеийн нөхцөл байдал одоо ч хэвээрээ байна. Иргэдийн амьжиргаа хүнд хэвээр. Гадаад нөхцөл байдлын хувьд АНУ-ыг эс тооцсон ч байдал таатай бус. Азербайжан, Армен гэх мэт улсууд Ираны дэглэм хэрхэн өөрчлөгдөж, төрийн эрхэнд хэн гарвал өөрсдөд нь илүү ашигтай вэ гэдэг асуудлаар санал бодлоо уралдуулсаар байгаа нь нэгийг хэлнэ. Иранд азербайжанчууд тийм ч их байдаггүй. Гэсэн ч “Хоёр перс хүний нэг нь азербайжан байдаг” гэж сайрхдагийнхаа хувьд, Ираны асуудалд анхаарал хандуулах нь мэдээж. Азербайжанаас гадна Армен улс ч тэдэнтэй ижил нөхцөл байдалтай учраас байдлыг анхааралтай ажиглаж буй.

АНУ эдийн засгийн хоригоо болиод дайн хийхээр сүрдүүлж байгаа нөхцөл байдалд, иранчуудын хариу үйлдэл юу байх вэ гээд жинхэнэ асуудал одоо л дөнгөж эхэлж байна.

АНУ Ирантай үнэхээр дайтах уу

АНУ хэдий хурц мэдэгдэл хийж байгаа ч Ирантай дайтах магадлал бага гэж мэргэжилтнүүд үзэж байгааг эхлээд хэлье. Хүн ам олонтой (81 сая), шашны зөрчил байхгүй (95 хувь нь шийт) учир дотроос нь хагалахад хэцүү. Хаглаад Х.Руханиг унагсан ч оронд нь гарч ирэх хүмүүс нь М.Ахмединежад зэрэг илүү үндсэрхэг үзэлтнүүд тул Вашингтонд ашиггүй гэх мэт шалтгааныг шинжээчид дурдаж буй.

Цэрэг зэвсгийн хувьд, Иран улс нь Ойрхи Дорноддоо хамгийн хүчирхэг армитай. “Global Firepower”-ын 2017 оны чансаанд байнгын хүч нь 534 мянга, үүн дээр нэмээд 400 мянган эр байлдааны идэвхитэй нөөцөд байдаг гэнэ. Стокгольмын олон улсын судалгааны интитутын тайланд өгүүлснээр бол тус улс 2016 онд ДНБ-ий гурван хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулжээ.

Ираны байлдах чадвар ямар байгааг шинжээчид мөн дэнслээд эхэлсэн. Тэдэнд 1500 километрийн тусгалтай Шихаб-3 хэмээх пуужин бий. Өөрөөр хэлбэл, тэд АНУ-ын цэргийн бааз байрладаг Израиль, Турк зэрэг улсуудад цохилт өгөх боломжтой. Эргийн хамгаалалтын хувьд харин хэцүүхэн байж магадгүй. Ираны Тэнгисийн цэргийн хүч АНУ- ын хаана ч хүрэхгүй. Сөргөлдөгч талуудын хооронд байлдааны ажиллагаа Иракийн нутагт эхэлж болохыг тэд мөн үгүйсгэхгүй байна.

Тэгвэл манай хойд хөршид энэ дайн хэрхэн нөлөөлөх вэ. Орчин үеийн Ираныг судлах төвийн эрдэмтэн Ражаб Сафарао энэ талаар “Хэрвээ АНУ Тегераны дэглэмийг өөрчилж, засгийн эрхэнд өөрийн хүүхэлдэйгээ гаргах юм бол Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикстан, Туркмен зэрэг Төв Азийн бүх улс Вашингтоны нөлөөнд автаж эхэлнэ. Каспийн тэнгист АНУ-ын тэнгисийн цэргийн флот байршина. Гүрж НАТО-д элсэнэ. Каспийн тэнгис, Төв Азийн орнуудын байгалийн баялаг зах зээлд гарч ирснээр манай улсын нефтийн хэрэглээ, үнэ навс унана. Улмаар дэлхийн нефтийн зах зээлийг АНУ дангаараа атгах болно. Орост нэг ч холбоотон үлдэхгүй. Армен хүртэл Вашингтоныг дагана” хэмээн ярьж байна. Тиймээс ОХУ-ын хувьд энэ дайн маш ашиггүй нөхцөл байдлыг үүсгэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)