Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Онцгой байдлын комиссын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд нийслэлийн Онцгой байдлын газар, авто зам хөгжлийн газар, Ус суваг удирдах газар, Геодизи усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн мэргэжилтэн албан хаагчид оролцсон байна.

Ажлын хэсгийн ахлагч Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нөхцөл байдалтай холбогдуулж гишүүдэд үүрэг чиглэл өглөө. Тэрээр “Үер усны гамшгийн үеэр шуурхай албаныхан хүн хүч тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллана. Байгууллага бүр гамшгийн үеэр ажиллах төлөвлөгөөний тодотгол хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Авто замын доогуур байгаа инженерийн шугам сүлжээний цэвэрлэгээ, нэвтрэх чадварт байнга хяналт тавьж ажиллана. Нийслэлийн дүргүүдийн Засаг даргын дэргэдэх Онцгой комиссын хэлтэс үер усны гамшгийн үед нийтийн эзэмшлийн зам талбай дээр их хэмжээний ус тогтох, замын хөдөлгөөнд саад учруулах, нүхэн жорлонд ус орж хальсан тохиолдолд хөрсний ариутгалыг хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

Мөн нийтийн тээврийн замын хөдөлгөөнийг төлөвлөгөөний дагуу зохицуулж, иргэд оршин суугчдад үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх  мэдээ мэдээллийг шуурхай өгч ажиллахыг даалгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)