Ерөнхийлөгчийн саналыг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр тусгана гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан тус бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Энэ төсөлд 62 гишүүн гарын үсэг зурсан цаашид дэмжигдээд явна. Улс төрийн намуудтай зөвшилцөнө. 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталснаас хойш өнгөрсөн хугацаанд 7 удаа төсөл өргөн барьсан. 2012-2016 оны парламент 48 гишүүн гарын үсэг зурж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байсан. Энэ төслийн 70-80 хувь нь энэ төсөлтэй ижил зүйл заалтууд байгаа” гэв.

Парламентаар уг асуудлыг хэлэлцэхэд ямар ч саад байхгүйг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Тэрээр “Журмын тухай хуулиар бүх зүйл графиктай. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа график илүү тодорхой болно. Наадмын өмнө хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Үе шат бүрээр шийдэл гаргана. Наадмын дараа ард нийтийн санал асуулга явуулах уу гуравдугаар хэлэлцүүлэг хийх үү гэдгийг шийднэ. Манай намын 62 гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурсан. Түүнээс хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэх байр суурьтай гишүүн манай намын бүлэгт байхгүй. Өнөөдөр бүлэг хуралдаж, байр сууриа дахин нэгтгэлээ. Гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн төсөлд ийм зүйл заалт тусгамаар байна гэх санал олон гаргасан. Тэр бүгдийг оруулах боломжгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нийт хуулийн 33 хувиас илүүгүйг өөрчилж болохгүй. Одоогийн өргөн барьсан төсөлд 20 гаруй хувийг нь өөрчлөхөөр тусгасан байгаа. Харин өргөн барьсан төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа яригдаж байгаа зүйл заалтуудыг ингэж тэгж өөрчилнө гэсэн зарчмын саналууд гаргаад хэлэлцээд явж болно ” гэсэн юм.

Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзжээ. Харилцан зөвшилцөж, Ерөнхийлөгч зарим асуудалд байр сууриа илэрхийлсэн байна. Түүний хөндсөн асуудлуудыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр авч хэлэлцэхээр болжээ.

Мөн УИХ дахь АН-ын зөвлөлийн даргатай УИХ-ын дарга мөн өнгөрсөн баасан, бямба гаригт уулзаж, “эцэг” хуулийн өөрчлөлтийн талаар яриа хөөрөө өрнүүлсөн ч дорвитой шийдэлд хүрч чадаагүй, яриа хэлцэл үргэлжилж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)