Үндсэн хуулийн өөрчлөлт: Таван байр суурь

Анхдугаар шинэ Үндсэн хуулиа манай улс 1992 онд баталсан. Үүнээс хойш нэг удаа өөрчлөлт оруулсан нь 2001 оны дордуулсан долоон өөрчлөлт. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд “эцэг” хуульд өөрчлөлт оруулахаар дөрвөн удаагийн парламент таван удаа хуулийн төсөл өргөн мэдүүлж байжээ. Хамгийн сүүлд 2012-2016 оны парламент 47 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцээгүй. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж, зургадугаар сарын 6-нд эцэг хуулийн өөрчлөлтийг “ангийн дарга”-даа барив. Өөрчлөлтийг өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн хэлэлцэж эхэлсэн юм. Хоёр хэлэлцүүлэг явуулсны дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэхээр төлөвлөсөн бөгөөд одоо хэлэлцэж байгаа төсөлд 1992 оны Үндсэн хуулийн 28.5 хувийг өөрчлөхөөр тусгасан билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гишүүд болоод судлаачдын байр суурийг хүргэж байна.

Д.Лүндээжанцан: Долоон өөрчлөлтийн нэгийг нь сэргээж, тавыг нь засч сайжруулна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч

-2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөө хэр маргаан, шүүмжлэл дагуулдаг. Үе үеийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачлага УИХ-ын гишүүдээс цөөнгүй гарч, нэмэлт, өөрчлөлтийн  5 төслийг  өргөн мэдүүлж байсан ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж парламентаар хэлэлцэгдээгүй. Энэ нь тулгамдсан асуудлууд шийдэгдэхгүй ужгирч, үе үеийн Улсын Их Хурлын анхаарлын төвд байх байнгын сэдэв болж, нийгэмд хүлээлт үүсгэхэд хүргэж  байна.

Иймд энэ удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс санаачлан, өргөн мэдүүлж байсан төслүүдэд хөндөгдсөн асуудлуудын хувьд авах гээхийн ухаанаар хандсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа 2000 онд орсон 7 нэмэлт, өөрчлөлтийн нэгийг уг эхээр нь сэргээж, тавыг нь засан сайжруулна. Тухайлбал,

-Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах;

-Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах;

-Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах;

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандууллаа.

Эдгээр багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувийг хамарч байгаа юм.

С.Бямбацогт: Үндсэн хуулийн хөндөгдөөгүй зүйл, заалтад өөрчлөлт оруулахгүй       

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хүрээнд хөндөгдсөн асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж, засаж сайжруулах асуудал яригдана. Түүнээс Үндсэн хуулийн хөндөгдөөгүй зүйл, заалтад өөрчлөлт оруулах асуудал байхгүй. Төсөлтэй холбогдуулан Засгийн газраас ирүүлсэн санал чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулагдана, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд байр сууриа илэрхийлэх боломж нээлттэй.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг олонх хүч түрж батлах асуудал огт байхгүй, олон талын байр суурийг сонсож, аль болохоор нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэхэд анхаарч, ард нийтийн санал асуулгаар эцэслэн батална.

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийг нэг намын бүлэг өөрчлөх эрхгүй

УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага байна гэдгийг бид хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан. Тухайн үедээ Үндсэн хуулийг өөрчлөхөд гурван шаардлага байна гэдгийг ч хэлсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтээс санал авах зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндийг унагаж байгаа асуудлыг засах ёстой гэсэн. Мөн Үндсэн хуулийг хэлэлцэх үед бид зарчмын шаардлага тавина гэдгийг ч тэр үед хэлж байлаа. Энэ байр суурь өнөөдөр ч хэвээрээ.

Үндсэн хуулийг нэг намын бүлэг өөрчлөх эрхтэй юу. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцэж, батлах ёстой. Орж ирсэн төсөл бүгд батлагдаж, олонхийн кнопоор явах ёсгүй. Үндсэн хуулийг хэлэлцэхэд бид мэдээж оролцоно. Гэхдээ нарийн харвал энэ Үндсэн хуулийг сөрөг хүчингүй өөрчлөх нь. Үндсэн хуульд орж буй цаг, таслал бүхнийг нарийн хянах ёстой. Бүх саналыг нягтлах хэрэгтэй. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу, нягталсан уу гэдгийг эргэж харах хэрэгтэй. Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх вий гэдэг болгоомжлол бидэнд бий.

О.Мөнхсайхан: Дордуулсан долоон өөрчлөлтийг засах шаардлага байна

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор

Өнгөрсөн 27 жилийн хугацаа шулуун дардан байгаагүй. Олон бэрхшээл тулгарч заримыг нь шийдэж, мөн орхигдуулсан зүйл ч бий. Энэ бэрхшээлүүдийн дийлэнх нь хөгжиж байгаа аль ч улсад тулгардаг. Гэхдээ тодорхой цөөн зүйл нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд тодруулга хийж шийдэгдэх шаардлагатай. 2000 онд тухайн үеийн Ерөнхийлөгч, УИХ хоорондын харилцаанд үүссэн хямралыг шийдэхийн тулд Үндсэн хуульд долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан. 1996-2000 онд УИХ-ын 76 суудлын 50-ыг авсан олонх чуулганы хуралдаанаа хийж хуулиа баталж чадахгүй, Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшүүлэх асуудал Ерөнхийлөгч дээр гацдаг зэргийг засахын тулд тэрхүү өөрчлөлтийг хийсэн. Гэсэн ч УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг зөвшөөрсөн нь УИХ-аас Засгийн газарт тавих хяналт, энэ хоёр эрх мэдэл бие биеэсээ тусдаа байх нөхцөлийг бүдгэрүүлсэн.

Түүнчлэн 76-хан гишүүнтэй парламент гэсэн онцлогоо харгалзаагүйгээс болоод 39 гишүүн цуглаад 20 нь хууль батлах боломжтой болсон. Энэ мэтчилэнгээр 2000 оны нэмэлт, өөрчлөлт шүүмжлэлтэй тулгардаг. Үүнийг засаж залруулах нь зөв хэмээн яригдсаар ирсэн.

Мөн өнгөрсөн хугацаанд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт сул, Засгийн газрын хэт тогтворгүй байдал, шүүх эрх мэдлийн бие даасан байдал сул байгаагаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал сөхөгдсөн. Эдгээрийг засч залруулах ёстой.

Б.Гүнбилэг: Санал нэгдээд байгаа өөрчлөлтүүдээ хийгээд явах ёстой

Хуульч, доктор

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент амжихгүй байх гэж хойш сууж болохгүй. Эцэг хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж хүн бүр ярьдаг ч дорвитой алхам хийлгүй явж ирсэн. Энэ удаагийн парламент бүгд санал нэгдээд байгаа өөрчлөлтүүдээ хийгээд явах ёстой. Заавал ард нийтийн санал асуулга гэхгүйгээр хууль тогтоогчид өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд явах боломжтой гэж үзэж байна. Ингэхгүй бол дахиад өч төчнөөн жил ярина. Би залуу хүн, бараг миний нас гүйцэх юм уу гэмээр. Тийм учраас хэлэлцээд л явах ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. өнөөгийн энэ Хуульчид гээд байгаа Нөхдүүд Та нар Өөрсөдөө Ичих хэрэгтэй Учир нь юу гэхээр Та нар Олонхоороо түрий барьж ҮХ-д Өөрчлөлт оруулах гэж байгаа МАН УИХ-ын Гишүүд Төрийн өндөр Албан тушаалтангуудтай нийлж ҮХ-д Өөрчлөлт оруулна гээд ярьж байдаг Наад МАН УИХ-ын Гишүүдэд чинь ҮХ-д Өөрчлөлт оруулах ямарч Ёс зүйн хэм хэмжээ Чадвар чадамж байхгүй тэгээд ч тэд Өөрсөдөө байнга Хууль зөрчиж Гэмт хэргийн шинжтэй Үйлдэл гаргаж Хуулиа завхаруулж Иргэд олон нийтийн зүгээс байнга Наадуулаас чинь Хариуцлага нэхсэн Шаардлага тавьж Албан тушаалаасаа хүртэл Огцорохыг шаардаж байгаа ш дээ Хуульчид Та нар Өөрсөдөө Хууль завхаруулагчидтай нийлжчихээр эцэст нь энэ Улс оронд Хэн Хууль ёсоо дээдэлж Хуулиндаа захирагдах болж байнаа Энэ байдлыг чинь харахаар хичнээн Сайн Хууль журамтай байгаад ч Хууль зөрчигч Хуульчид хоорондоо нэгдчихээр яах болж байнаа

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ