Б.Батцэнгэл: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль Европт магадлан итгэмжлэгдсэн бакалаврын хөтөлбөрүүддээ элсэлт авна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) сургалт хариуцсан дэд захирал, профессор Б.Батцэнгэлтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө танай сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар асуумаар байна. Олон улсын стандартад нийцсэн инженерийн боловсролын хөтөлбөр гэдгээрээ уншигчдын маань сонирхлыг татаж байгаа байх? 

-Манай сургууль Уул уурхайн боловсруулах инженер, Механик инженер, Эдийн засагч инженер, Хүрээлэн буй орчны инженер гэсэн дөрвөн бакалаврын хөтөлбөртэй. Эдгээр бакалаврын хөтөлбөр Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаар олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. Ингэснээр сургалтын хөтөлбөрүүд маань олон улсын стандартад тэнцэж, төгсөгчид маань Европын холбоо, дэлхийн их сургуулиудад үргэлжлүүлэн сурах, аль ч компанид ажиллах боломжтой болж байгаа юм. Манай сургуулийн сургалтын хөтөлбөрүүдээс гаднын сургуулийн оюутнууд кредит солилцоо хийх давуу тал бий болж байна.

Германы инженерийн боловсролын стандартыг хангаж, монгол онцлогоо тусгасан чанартай хөтөлбөрүүд тул олон улсад амжилттай магадлан итгэмжлэгдэж чадсан.

-Монгол онцлогийг тусгасан гэдгээ тодруулахгүй юу?

-Манай хүүхдүүд анхэлсэж орж ирэхдээ мэдлэгийн түвшин зарим талдаа Германы стандарт хөтөлбөрт шууд элсэн орох боломжгүй байдаг. Иймд бид нэг жилийн инженерийн бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдгээр сурагчдад байгалийн ухааны болон хэлний мэдлэгээ сайжруулах боломж олгодог.

Бакалаврын хөтөлбөрүүдийг Монголд шаардлагатай мэргэжилтний мэдлэг ур чадвар, ажлын байрны шаардлага зэргийг харгалзан үзэж Германы хамтрагч их сургуулиуд болох Аахэний техникийн их сургууль, Фрайбергийн техникийн их сургууль, Дрармштатын их сургуулийн профессорууд болон манай сургуулийн багш, профессоруудын оролцоотойгоор боловсруулсан. Бид жил бүрийн хавар зохион байгуулдаг сургалтын хөтөлбөрийн хурлаараа шинэ хөтөлбөр боловсруулахын зэрэгцээ хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг хянаж сайжруулдаг. Үүний үр дүнд хөтөлбөрүүд маань амжилттай магадлан итгэмжлэгдсэн гэж үзэж байна.

-Тэгэхээр өөрийн орны онцлогийг тусгасан хөтөлбөр болсон гэж болох нь ээ?

-Энэ хөтөлбөрүүдийн онцлог нь юу вэ гэвэл хэд хэдэн зүйл бий. Германы инженерийн хөтөлбөрийн онцлог нь үйлдвэрийн дадлага голлосон байдаг. Үүнийг тусгасан. Оюутнууд маань олон улсын түвшинд ажиллах учраас хэлний мэдлэг сайн, олон соёлын орчинд ажиллах ур чадвартай болох ёстой. “Soft skill” гэж ярьдаг зөөлөн чадваруудыг нь хөгжүүлж байж олон улсын түвшинд, олон улсын багтай ажиллах инженер болно. Тэр мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготойгоор бид үр дүнд суурилсан боловсролыг түгээж байгаа гэж хэлж болно.

Дадлага ихтэй гэдэг нь зургаан долоо хоногийн суурь дадлага, гуравдугаар курсээ төгсөх үедээ хавар 14 долоо хоногийн уртын дадлагад гардаг. Ийм уртын дадлага манай улсын бусад сургуулиудад байдаггүй. Уртын дадлагад оюутнуудаа гаргаж инженерүүдийг дагалдуулж, үр бүтээлтэй ажиллуулах нөхцөлийг бий болгохын тулд үйлдвэр, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнтэй үр бүтээлтэй хамтын ажиллагааг чухалчилдаг. Бид томоохон компаниудтай харилцаа холбоогоо сайжруулж байгаа бөгөөд компаниуд хэдийнээ төгсөгчдийг маань үнэлж эхлээд байна. Жишээ дурдахад “Оюутолгой” компани байнга манай дадлагын оюутнуудыг авч байна. Анхны төгсөгчид маань “Оюутолгой” компани, түүний туслан гүйцэтгэх компаниудад ажиллаж эхлээд байна. Хамтрагч томоохон үйлдвэрүүд болох “Энержи ресурс” ХХК, “МАК” ХХК, “Эрдэнэт” ХК манай оюутнуудыг суурь болон мэргэжлийн дадлагад авч бидний ажлыг байнга дэмждэгт бид талархаж байдаг билээ.

Ер нь уул уурхайн болон технологийн чиглэлийн компаниудтай бид нягт хамтарч ажилладаг. Компаниуд урт хугацаагаар оюутнуудыг дадлагажуулахад тэдэнд ч гэсэн цаашдаа өөрсдийн инженерүүдийг бэлдэх боломж бүрддэг. Бид жил бүр “Үйлдвэрийн өдөрлөг” зохион байгуулж, компаниудыг урьж, үйлдвэрийн дадлагыг дүгнэн, цаашид хийх, анхаарах ажлыг төлөвлөн ярилцаж, оюутнуудтай үйлдвэр, ажил олгогчдын төлөөллийг уулзуулдаг. Энэ үеэр зөвхөн үйлдвэрийн дадлага төдийгүй судалгааны чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцдаг.

Сургалтын хөтөлбөрийн өөр нэг онцлог бол оюутнуудын багаар ажиллах чадвар, бүтээлч, шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх бөгөөд инженерийн төсөл, төгсөлтийн судалгааны төсөл зэрэг хичээлүүдийг энд дурдаж болно. Сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээл бүрт зөвхөн мэдлэгээс гадна ур чадвар, хандлагыг төлөвшүүлэхийг хичээдэг. Сургууль төгсөх үедээ оюутнууд маань инженерийн чиглэлээр олж авсан мэдлэг, ур чадваруудаа “Final Study Project” буюу Төгсөлтийн судалгааны төсөл гэдэг хичээлээр нэгтгэн дүгнэдэг гэж хэлж болно.

-Төгсөлтийн төсөл сонирхолтой юм байна?

-Энэ хичээл нэлээд өргөн хүрээнд зохион байгууллагддаг. Зөвхөн манай сургуулийн төдийгүй Америк, Германы оюутнууд оролцож үйлдвэрийн бодит асуудлыг шийдвэрлэх судалгааг гурван долоо хоногийн хугацаанд багаар ажиллан гүйцэтгэдэг. Дармштат сургуулийн профессор Хампе, АНУ-ын Саутдакотагийн их сургуулийн багш Ребяка, манай сургуулийн мэргэжлийн профессор багш нар оюутнуудыг удирдан чиглүүлж ажилладаг. Хампе багш анх инженерийн төсөл хичээлээс л эхлэн бидэнд байнга тусалж, дэмжиж ирсэн. Ноднин жил бид “Энержи ресурс” компани дээр төгсөлтийн судалгаанытөслөө хийж гүйцэтгэсэн. АНУ-аас тав, ХБНГУ-аас гурван оюутан ирж хамтарч ажилласан. Өмнө жилийнхтэй харьцуулахад энэ жил хамрагдах гадаад оюутны тоо улам өссөн. Америкаас 10, Германаас 8 оюутан, мөн манай хамтрагч Эрдэнэтийн технологийн дээд сургуулийн нэг багш, 4 оюутан тус тус оролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын даланг дахин боловсруулах боломж, байгаль орчны асуудал, механикийн шийдлүүд зэргийг судалсан. Олон улсын багт соёлын, мэдлэгийн ялгаа гарна. Гэхдээ оюутнууд харилцан ойлголцож гурван долоо хоногт амжилттай ажиллаж нийт таван баг өөрсдийн хийсэн ажлыг танилцуулж, Төгсөлтийн төслийн тайлангаа хамгаалсан.

Нэгдүгээр ангид анх нэг долоо хоногийн хугацаатай инженерийн төсөл хичээл ордог бөгөөд энэ нь оюутнуудыг багаар ажиллах аливаа даалгаврыг шийдвэрлэхэд шаардлагатай арга барилд сургах зорилготой. Харин төгсөлтийн судалгааны төсөл хичээл бол илүү бодит асуудлыг шийдвэрлэхдээ мэдлэгт суурилсан, инженерийн шийдэл гаргахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, дадлыг олгох зорилготой юм. Тухайн процесст шаардлагатай реакторыг барихад шаардагдах материал, дулааны тооцооллыг хийхээс гадна байгаль орчны асуудлыг мөн авч үзэх ёстой. Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил, өгөгдлүүдэд анализ хийж, судалгаа тооцоололд суурилсан шийдэл гаргана. Оюутнууд энэ хичээлийг эзэмшсэн бүх мэдлэг, ур чадвар энэ хичээл дээрирж зангидагдаж байна гэж дүгнэсэн бөгөөд үүнээс үзэхэд сургалтын хөтөлбөрт туссан хичээлүүдээс олж авсан мэдлэг, ур чадварыг энэ хичээлээр шалгаж болох юм. Үүнээс гадна оюутан судалгааны сэдвийн хүрээнд бакалаврын ажил хийдэг. Бакалаврын ажлыг үйлдвэртэй хамтарсан эсвэл тухайн профессорын судалгааны ажилын хүрээнд хийж болно. Ажил олгогчдын зүгээс манай оюутнуудын төлөвшил, англи хэлний чадвар, мэргэжлийн мэдлэг ур чадвар, биеэ дааж өөрийгөө хөгжүүлэх чадавхыг үнэлдэг.

-Танай төгсөлтийн дараах сургалтууд ямар онцлогтой вэ?

-Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент магистрын хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань энэ жил анхны төгсөлтөө хийх гэж байна. Ажил эрхэлж буй хүмүүст ажлынхаа дараа, хагас бүтэн сайн өдөр суралцах боломжийг олгож байгаагаараа илүү давуу талтай.

Мөн Австрийн Лөбен, Германы Фрайбергийн техникийн их сургуулиудтай хамтарсан магистрын хөтөлбөр ирэх хичээлийн жилээс эхлүүлэхээр элсэлтээ аваад байна. Бидний цаашдын зорилго бол одоо хэрэгжиж байгаа бакалаврын хөтөлбөрүүдэд суурилсан судалгааны магистрын хөтөлбөр боловсруулж, судлаач оюутан бэлдэнэ.

-Төгсөлтийн төсөл болон бусад судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юу?

-Оюутнуудын төгсөлтийн судалгааны төслийн үр дүнг бид “Эрдэнэт” үйлдвэрт рүү өгнө. Өмнөх жилийнхийг “Энержи ресурс” компанид танилцуулсан. Судалгааны үр дүнг тухайн үйлдвэр, компани өөрсдөө хөрөнгөө гаргаад хэрэгжүүлэх боломжтой. Оюутнуудаас гадна манай судлаач багш нарын тухайн компанитай хамтарч хийж байгаа ажил шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байдаг. Жишээ нь Эрдэнэтийн овоолгод зэсийн уусгалт хийдэг компанитай хамтран тэдний процессыг сайжруулах чиглэлийн судалгааны ажил хийгдэж байна.

Мөн хаягдал үнсийг ашиглан урхайн нөхөн сэргээлтэд шаардлагатай материал гаргаж авах судалгаа хийгдэж байна. Налайхын уурхайд гэхэд ухсан нүх үлдчихсэн  байдаг. Уурхайн үйл ажиллагааны дараа байгаль орчнынөхөн сэргээлт хийлгүй хаягдсан нүх, элэгдсэн талбай олон байдаг. Ийм нүхийг дээрх материалаар дүүргэх боломжтой. Яг тоосго шиг бат бөх материал болсон бөгөөд үүнийг ашигласнаар нуралт үүсэх эрсдэлээс сэргийлэх юм. Энэ мэт олон судалгааг манай герман, монгол профессорууд хийж байна.

-Танай сургуульд суралцахад тодорхой тэтгэлэг авч болдог гэсэн. Эдгээр тэтгэлгийг элсэгчид сонирхож байгаа байх?

-Манай сургууль оюутнууддаа хоёр төрлийн тэтгэлэг олгож байгаа. Нэг нь Монгол Улсын Засгийн газраас олгодог сургуулийн нэрэмжит тэтгэлэг. Энэ тэтгэлэг амжилттай сайн сурч байгаа оюутнуудаа 50-100 хувь төлбөрөөс чөлөөлөх боломж олгодог. Нийт оюутны 20 хувьд нь энэ тэтгэлгийг олгож байна.

Мөн DAAD гээд Германы Засгийн газрын тэтгэлэг бий. Германы эрдмийн солилцооны албанаас жил бүр 20 оюутанд сурч байх хугацаанд нь сар бүр 200 евро, сургалтын төлбөрий ннэг удаагийн 2500 евро тэтгэлгийг олгож байна. Өөрөөр хэлбэл,цалинтай оюутан гэсэн үг.

Манай МГТИС-ийн онцлог нь оюутнуудаа үнэлэхдээ дан ганц хичээлийн дүнг харгалздаггүй. 50хувь нь хичээлийн дүн, 50 хувь нийгмийн оролцоог хардаг. Оюутан өөрөө идэвхтэй байх хэрэгтэй. Нэр хүндтэй байх ёстой. Ийм шалгуур хангасан шилдэг оюутнууд тэтгэлэг авах боломжтой.

Мөн Фрайбергийн техникийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт дөрөвдүгээр ангидаа долдугаар семестерт тэтгэлэгтэйгээр хамрагдах боломжтой.  Үүнээс гадна оюутнуудаа нэгдүгээр курсээ төгссөнийх нь дараа Герман руу 14 хоногоор “Summer school” буюу танилцах дадлагад явуулдаг. Энэ үеэр тэд  мэргэжлийн чиглэлийн үйлдвэр, уурхайн газруудтай, мөн германы урлаг, соёлтой танилцдаг.

-Төгсөгчдөөс тань Германд ажиллаж, үргэлжлүүлэн суралцах боломжтой юу?

-Энэ сарын 11-нд бид хоёр дахь төгсөлтөө хүлээн авсан. Хоёр эмэгтэй оюутан “Оюутолгой” компаниас төгсөгч инженерийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах  урилга хүлээн авлаа. Төгсөгчдөд маань хамтрагч компаниудаас хэдийнээ ажлын байрны урилга ирсэн, шууд ажилд орох боломжтой байгаа нь манай сургуулийн сургалтын чанарыг илтгэж байна гэж хэлж болно.Нэг төгсөгч маань энэ намраас дээр дурдсан гурван улсын хамтарсан магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцана.

Анхны төгсөгчид маань 100 хувь ажиллаж байгаа бөгөөд тэд ихэвчлэн төгсөөд ажилд шууд орохыг чухалчилж байгаа нь харагддаг. Ер нь гадаадад магистрт сурахаасаа өмнө нэгээс хоёр жил Монголдоо ажиллаад, ажлын туршлагатай болсны дараа явах нь оновчтой байдаг. Манай сургууль олон улсын стандартын инженерийн боловсрол олгож Монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөх мэргэжилтнийг бэлдэж байгаагаараа давуу талтай. Бакалаврын түвшинд дөнгөж ЕБС төгссөн 17-18 настай хүүхдүүдийг гадагшаа хамаагүй явуулчихаар үндсэндээ гадаад хүн бэлдээд байгаа юм. Тийм залуус Монголдоо ирж ажиллах нь ховор.

Тиймээс Монголдоо бакалаврын түвшинд сурах арга барилд суралцаад, цаашдын нарийн мэргэжил, судалгааны тодорхой чиглэл, зорилготой болсны дараа гадаадад ахисан түвшний сургалтанд суралцвал илүү гэж боддог.

-Элсэлтийн шалгалт удахгүй болох гэж байна. Танай сургууль энэ жилийн элсэлтээ хэрхэн зохион байгуулах вэ?

-Манай сургуулийн нэг онцлог бол бүх хичээлийг англи хэлээр заадаг. Тиймээс англи хэлний тодорхой шалгуурыг хангасан байх шаардлагатай. Зургадугаар сарын 21-нд Налайх дүүрэг дэх манай сургуулийн хотхонд, мөн Дархан, Эрдэнэт, Сэлэнгэд нэгэн зэрэг элсэлтийн шалгалтаа авна.

Шалгалт зургадугаар сарын 21-ний 13 цагаасэхэлнэ. Тухайн өдөр “Мишээл экспо” төвөөс элсэгчдээ тусгай унаагаар өглөө 09 цаг 30 минутаас хүргэнэ. Зөвхөн англи хэлний шалгалт авна. Хэлний шаардлага хангасан хүүхдүүд ЭЕШ-ын математик, физикийн оноо 650-иас дээш бол шууд бакалаврын ангид элсэх боломжтой. Харин англи хэлний В1 түвшин хангасан, ЭЕШ-ын математикийн шалгалтанд 600 оноо авсан бол нэг жилийн инженерийн бэлтгэл хөтөлбөрт орох боломжтой. Бэлтгэл хөтөлбөр нь манай сургуулийн хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд бакалаврын оюутнуудын адил оюутны байранд байрлан, математик, компьютер, байгалийн ухааны, софт скил, англи хэлний хичээлүүдэд хамрагдаж, бакалаврын хөтөлбөрт элсэхэд бэлтгэгддэг. Бэлтгэл ангид суралцсан оюутнууд цаашид суралцахад илүү давуу талтай болдог.

Шалгалтын бүртгэл зургаадугаар сарын 20-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://campus.gmit.mn/registration холбоос болон 70232086, 70232090, 99905443 утаснаас лавлана уу.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих