Нийслэлийг чимсэн ногоон байгууламж

Орчин үеийн томоохон хотуудын хөгжлийн гол үзүүлэлтийн нэг нь ногоон байгууламж. Хэдийгээр манай улсын нийслэл Улаанбаатарын хувьд хүн амын тоотой харьцуулахад ногоон байгууламж шаардлагатай хэмжээнээс хэд дахин бага ч жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр холбогдох байгууллагууд ажилласаар байгаа.

Ногоон байгууламж нь хүчилтөрөгч ялгаруулж, нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн агаар цэвэршүүлдэг. Тиймээс хүйтний улиралд утаа гамшгийн хэмжээнд хүрдэг нийслэл хотод амьдарч байгаа айлууд төдийгүй албан байгууллагууд өөрсдийн эзэмшлийн талбайдаа мод тарин ногоон уушгийг дэмжих нь нэн чухал болоод буй. Үүнийг зөвхөн төр засаг хийх ёстой гэж харалгүйгээр иргэн бүрийн оролцоо, амьдран буй орчноо гэх сэтгэл хэрэгтэйг холбогдох албаныхан ч онцолсон. Учир нь нийслэлийн төсөв мөнгөөр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломж, бололцоо дутмаг аж.

Их хотын хүн амын эрүүл мэнд ногоон  байгууламжаас  ихээхэн хамааралтай. Хотын захиргааны зүгээс нийт 98 га талбайд зүлэг тарьдаг байна. Үүнд явган хүний замын хажуу тал, автомашины замын дундах ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн замын дундах ногоон байгууламж хамаардаг. Мөн сул шороог зүлэгжүүлэх, хүний хөлд талхлагдсан газрыг хатуу хучилттай болгох бүтээн байгуулалтын ажлын үед мод, бутыг шилжүүлэн суулгах ажил хийгддэг аж.

-Нийслэлийн ногоон байгууламжийг тордоход 2017 онд 5.8 тэрбум, 2018, 2019 онд 7.5 тэрбум төгрөг төсөвлөжээ-

Өнгөрсөн жил ногоон байгууламжид нэлээд хөрөнгө зарцуулж анхаарсан. Тэгвэл энэ жил ямар ажил хийхээр төлөвлөсөн, хэдэн төгрөгийн хөрөнгө мөнгө төсөвлөсөн талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сүхбатаас тодрууллаа.

-Өнгөрсөн онд ногоон байгууламжийн чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?

-Захирагчийн ажлын албанд харьяа есөн дүүргийн Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн 60 аж ахуйн нэгжтэй хамтран ажилладаг.

2018 онд бид “Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө” дунд хугацааны төлөвлөгөөний бодлогын бичиг баримтыг НИТХ-аар батлуулсан. Ингэснээр Улаанбаатар хотын хаана ямар ногоон байгууламж байгуулах уу, үүнийг яаж барилга бүтэн байгуулалтад өртүүлэхгүйгээр авч үлдэх үү, бүтээн байгуулалтын гадна орчны тохижилт, ногоон байгууламжийг хэрхэн хийлгэх вэ зэргээр алсыг харсан бодлоготой ажиллаж байгаа.

-Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

Ногоон байгууламжид бид хаврын цэнэг усалгаанаас намрыг цэнэг усалгаа хүртэл бордох услах, мод шохойдох, ургамлын өвчин хортонтой тэмцэх, хэлбэржүүлэх зэрэг нийт 22 ажилбарыг хийдэг. 

Хийж хэрэгжүүлэх гэсэн ажил төсөв мөнгөөр хязгаарлагдаж байгаа учраас магадгүй бидний өнөөдөр хийж байгаа ажлууд чамлагдахаар байгаа байх. Нийслэлийн төсөв хөрөнгөөр нийт эзэмшлийн 98.3 га 7.5 тэрбум төгрөгийн ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Үүнийг иргэд маш их мөнгө гэж ойлгодог. Гэтэл энэ төсөвт бүх ажилчдын цалин, тээвэр, шатахуун, мод бутны бараа материал, усалгаа, арчилгааны ажилбар шингэдэг.

Улаанбаатарын хотын нийт эдэлбэр газрыг нийтийн эзэмшил, тусгай хэрэгцээний ногоон байгууламж буюу хувийн хэвшил аж ахуйн нэгж СӨХ-ны орчмын ногоон байгууламж, хязгаарлагдмал хэрэгцээт ногоон байгууламж буюу оршуулгын газар, төмөр замын ногоон байгууламж гэж гурван хэсэгт ангилдаг.

Ногоон байгууламжийн нэг хүн ноогдох хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр 2017 онд 6, 2018 онд 12, энэ жил 32 байршилд бичил ойн төгөл хийсэн. Мөн төмөр замын зурвасыг ойжуулах ажлыг 2017 оноос үе шаттайгаар хийж байгаа. Энэ жилээс хязгаарлагдмал ногоон байгууламж буюу Далан давхар, Алтан өлгий, Маахуур толгой гэсэн гурван газрыг ойжуулахаар 6 га газарт мод бут тарьж байна.

-Нийслэлд жил хэчнээн төрлийн мод, бут ургадаг вэ?

- Улаанбаатар хотод улиас, хайлаас, шар хайс гэсэн гурван төрлийн мод нийт мод , бутны 60-70 хувийг дангаараа эзэлдэг. Ер нь 50-аад төрлийн мод, бутыг нутагшуулах боломжтой. Энэ чиглэл дээр жил бүр тоо, төрлийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 9000 гаруй шилмүүст мод, гоёл чимэглэлийн 22 төрлийн 349 мянган ширхэг мод тарьсан.

Ногоон байгууламжийн арчилгаанд шинэ технологи, техникийг нэвтрүүлэх чиглэлээр модонд дусал залгаж байна.

2019 оныг ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийн жил болгосонтой холбоотой тусгай зориулалтын хэлбэржүүлэлтийг багаж төхөөрөмжийг нийслэлийн хөрөнгөөр авч гурван бригадын 30 ажилтан ажиллаж байгаа.

-Гэр хорооллын айл өрхүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэл дээр ямар ажлууд хийж байна?

-Энэ чиглэлээр “Манай хороо, Миний гудамж” аян энэ жил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа аж. Өнгөрсөн жил энэ аяны хүрээнд 16 мянган айл өрх 25 мянган ширхэг мод, бут тарьсан.

2017 оноос хотын ногоон байгууламжийн бодлого гэдэг зүйлийг нэгдүгээрт тавьж хэрхэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэн арчилдаг байх уу, эрх зүйн талаасаа ямар дүрэм журам, стандарт хэрэгтэй гэдэг дээр тулгуурлан ажиллаж байгаа.

2016-2020 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрт тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр олон улсын ISO9001 стандарт нэвтрүүлнэ гэсэн том заалт байгаа. Үүний хүрээнд ногоон байгууламжид стандарт нэвтрүүлэх, үндэсний стандарт дүрэм журам батлуулахаар ажиллаж байна.

Энд нэг зүйлийг нэмж дурдахад ногоон байгууламжийн тодорхой хувийг зам тээврийн осол, согтуу жолооч, нийтийн эзэмшилд хайр гамгүй ханддаг зарим нэгэн иргэдийн буруутай үйлдлийн улмаас тоо, ширхэг нь хорогдсоор байгааг албаныхан дуулгасан.

Бид аливаа зүйлийг чамлан хийж бүтээсэн хэн хүнийг шүүмжлэхийг урьтал болгодог зантай болжээ. Тэгвэл нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэн таны үүрэг оролцоо ч чухал юм шүү. Та нийслэлийг ногоон байгууламжгүйгээр төсөөлж үзсэн үү. Үнсэн саарал, шороо тоос бужигнасан нийслэлийг бус ногоон байгууламжаар өнгө зассан хотыг үр хүүхдэдээ өвлүүлэхэд өнөөдөр таны тарьж суулган арчлах нэг ширхэг мод ч гэсэн үр өгөөжөө өгөх юм. Ногоон уушги болсон зүлэг, бут, сөөг моддыг хайрлан хамгаалж үржүүлэх ажлыг та яагаад өөрөөрөө үлгэрлэж болохгүй гэж.

Нийслэлийг чимсэн ногоон байгууламж нүд баясган сэтгэл  сэргээсээр.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. зочин

    0 0 Хариу бичих