“Үндсэн хуулийг одоо л өөрчлөхгүй бол шүүх засаглал хэзээ ч босохгүй”

“Үндсэн хуулийг одоо л өөрчлөхгүй бол шүүх засаглал дахин хэзээ ч босохгүй” гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан хэлэв. Учир нь, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх олон заалтыг тусгажээ. Товчхон хэлбэл, одоогийн олны хэл амны бай болоод байгаа шүүх засаглалын гажуудлыг арилгах заалтуудыг хуульд тусгасан байна.

Шүүгчид ямар шаардлага тавив

Энэ төсөлд ерөнхийдөө шүүх эрх мэдлийн өнөөгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхийн тулд томилох явц хийгээд тухайн хүнд тавих шаардлагыг өндөрсгөсөн байна. Түүнээс гадна тухайн шүүгчийг эрх мэдэлтний нөлөөнд автахгүй байх үүднээс хугацааг уртасгажээ. Жишээлбэл, улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр  жилийн хугацаатайгаар нэг удаа томилохоор тусгасан. Ингэхдээ дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэн байх юм байна. Энэ заалтын арван хоёр жил, нэг удаа томилох, дөчин нас хүрсэн гэдэг дээр анхаарлаа хандуулцгаая. Дөчин нас хүрсэн хүн дээд шүүхийн шүүгчээр томилогдоод 12 жил буюу тэтгэвэрт гартлаа ажиллана. Тэгээд дахин томилогдохгүй гэхээр нөгөө шүүгч харьцангуй тогтвортой, амьдралын баталгаатай байх тул хараат бус байдал бий болох нь.  Хэрэв ажиллах жилийг зургаа болговол тухайн шүүгч зургаан жилийн дараа дахин сонгогдох, эсвэл карьерээ хадгалахын тулд өөрийн эрх ашгаа бодсон шийдвэр гаргах эрсдэлтэй. Мөн дахин сонгогдохоор байвал дараагийн сонголтдоо бэлдээд хэн нэгэнд таалагдах шийдвэр гаргаж, өөр нэгний эрх ашгийг хөсөрдүүлнэ. Тиймээс дээрх заалтыг оруулжээ. Цэцийн гишүүдийг ч  энэ жишгээр ажиллах хугацааг уртасгаж, нэг удаа томилж, 40 нас хүрсэн байхыг заасан байна.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн тухайд гучин нас хүрсэн гэж босгыг өндөрсгөжээ. Тэгвэл давж заалдах шатны шүүхийн шүүгч нь шүүн таслах ажлын төрлөөрөө анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил ажилласан байх хэрэгтэйг тусгасан байна.

Шүүгчийг хэрхэн томилох вэ

Шаардлагын тухайд ийм байгаа бол томилох эрх, үйл явцын дараалал ямар байхыг харцгаая. Өмнө нь шүүгчийг томилоход Ерөнхийлөгчийн эрх мэдэл илт давамгай байсан бол төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлээд, Ерөнхийлөгч эл саналыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор  батламжлахаар оруулсан байна. Мэдээж батламжлахад хугацаа заахгүй бол одоогийн шүүгчийг томилохгүй уддаг тогтолцоо үргэлжилж болзошгүйг харгалзан үзжээ. Нөгөөтэйгөөр, Ерөнхийлөгч батламжлахаас татгалзвал үндэслэлээ нийтэд мэдээлэх үүрэг хүлээх нь. Энэ хуулийн төсөлд тусгасан томилгоотой холбоотой бас нэг онцлог заалт нь шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулах тухай юм. Ингэх нь тухайн шүүгчийг “шүүгч байх шүүлтүүрээр шүүх явдал” гэж ойлгож болно. “Эрх ашгийн зөрчил бий юу”, “Хараат бус байж чадах уу” гэх мэт. Ийнхүү томилгооны сонсголд оруулаад, УИХ-д танилцуулснаар шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргэх нь. Энэ бол дээд шүүхийн шүүгчийг томилох дараалал. Ингээд харахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх мэдэл, үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа юм. Тэгвэл ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэх вэ, зөвлөлийн хараат бус байдлыг хэрхэн бий болгох вэ гэдэг нь шүүх эрх мэдлийн тэргүүн асуудал болж байгаа юм. Товчхон хэлэхэд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийг “эрүүл” болгох бүх зорилтын гол “утас” нь Шүүхийн ерөнхий зөвлөл гэж ойлгох нь. Тэгвэл Ерөнхий зөвлөлийг хэрхэн бүрдүүлэхийг сонирхцгооё. Зөвлөлийн хараат бус байдлыг бий болгохын тулд 10 гишүүний тавыг УИХ-ын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлж, сонсгол хийнэ. Мэргэжлээрээ 10-аас доошгүй ажилласан Монгол Улсын иргэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилохоор заажээ. Зөвлөлийн даргыг гишүүд өөрсдөө сонгоно.

Энэ хуулийн төсөлд орж ирж буй дараагийн онцлох зүйл нь Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах юм. Есөн гишүүнээс бүрдэх эл зөвлөл шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ноогдуулж, чөлөөлөх шийдвэр гаргана. Хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бус байх үүднээс нь гишүүдийн тоог ес гэжээ. Тэдний гурав нь шүүн таслах ажиллагааны туршлагатай, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байхаар оруулсан байна. Зөвлөлийн гишүүн зургаан жилийн хугацаагаар томилогдоно. Шат шатны сонгогдох гишүүдэд тавих шаардлага бүрд “Хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэдгийг мөн оруулжээ. Өмнөх хуульд “хууль зүйн” гэдэг үгийг орхиж, “өндөр боловсролтой” гэж заасан нь шүүх эрх мэдэлд хуулийн мэдлэггүй хүн шургах гажуудал байсныг мөн засжээ. Ийнхүү оруулсан өөрчлөлтүүд нь өнөөгийн шороонд хутгалдаад буй шүүх засаглалыг “босгох”, хараат бус байдлыг бий болгож, эрүүлжүүлнэ үзжээ.

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)