Шургаж ордог сургууль минь

Яг жилийн өмнө. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гадаад, дотоод орчинд үнэлгээ хийж үр дүнг нь танилцуулсан юм.  Сургуулийн гадаад орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдал, орчны ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, зам талбайн тохижилт, гарч, орцны хүрэлцээ, гэмт хэрэг зөрчилд эрсдэл байгаа эсэхийг үнэлэхэд оролцогчдын дийлэнх нь хангалтгүй, ихэнх үзүүлэлтэд дунд болон дундаас доогуур үнэлгээ өгсөн байжээ.

Энэ судалгаанд тулгуурлан сургуулийн орчны стандартыг хот, хөдөө, хотын төв болон гэр хорооллын онцлогийг харгалзан боловсруулж, батлуулахаар болсон юм.

Мөн жилийн өмнө. Төрийн өмчийн 654 сургуульд эрсдэлийн үнэлгээ хийхэд тэдний 11.9-13.5 хувь нь их эрсдэлтэй, 71-75 хувь нь дунд зэрэг, 12-18 хувь нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарсан байдаг. Тиймээс БСШУС-ын сайдын зөвлөлийн хурлаар “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт”-ын төслийг хэлэлцэж, батлуулахаар Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлээд байгаа юм.

Манай улс өнөөг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандартгүй байсан бөгөөд 1997 онд анх ийм төсөл боловсруулсан ч эцэслэн батлаагүй өнгөрсөн гэдэг.

Ерөнхий боловсролын сургуулийн орчны стандартгүй явж ирснийгээ сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүү амиа алдсаны дараа л гэнэт мэдэж, ухаарсан гэж болно.

Бидний үр хүүхдүүдийн сурах орчин аюулгүй байдлын стандартгүй, өөрөөр хэлбэл сургуулийнхаа хашаанд гүйж яваад л бэртэж гэмтэх эрсдэлтэй нөхцөлд байгаа гэсэн үг. Гэтэл өдрөөс өдөрт сургуулиудын орчны талбай, ногоон байгууламж устаж, зай талбай нь хумигдсаар байна. Хотын төвийн олонхи сургууль биеийн тамирын талбайгүй болсон. Шинээр баригдсан орон сууцнуудад шахагдаж, тал  талаасаа авто замаар хүрээлэгдсэнээс болоод багш, сурагчид сургуульдаа очихдоо өндөр байшингуудын хоорондуур шургаж, өргөн замууд дээгүүр харайх энүүхэнд.

Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын талбайд барилга барихаар болсон тухай мэдээллүүд шил шилээ даран гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 56 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайг нурааж сургуулийн өргөтгөл барихаар газар шорооны ажлыг нь эхлүүлсэн.

Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж “SURUGA DEVELOPMENT” гэх компани барилга барихаар болсон тухай мэдээлэл хоёр сарын өмнө гарсан. Түүнчлэн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хөлбөмбөгийн талбайг нурааж сургуулийн өргөтгөлийн барилга барьж байгаа.

Хамгийн сүүлд ердөө арав хоногийн өмнө тавдугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайг нурааж сургуулийн өргөтгөл барихаар болсон нь тэр хавийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан. Хүүхэд багачуудынхаа сургуулийн орчныг хамгаалж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг стандартад нийцсэн тохижилт бүхий хөлбөмбөгийн талбайг нь нураалгахгүй гэж байгаа эцэг, эхчүүдийг буруутгах аргагүй.

Сургуульд өргөтгөл хэрэгтэй ч, сурагчдад хөлбөмбөгийн талбай хэрэгтэй. Төлөвлөлтгүйн улмаас сургуулийн орчинд хувийн орон сууц, үйлчилгээний газрууд олноор баригдан, өргөтгөлөө хийх талбайгүй болсны эмгэнэлтэй дүр зураг энэ юм. 

Ийнхүү энэ хавар, зун л гэхэд хэд хэдэн сургуулийн биеийн тамирын талбай устаж алга болов. Цөөн хэдэн цогцолбор сургуулийг эс тооцвол орчиндоо хүүхэд тоглох талбайтай сургууль үгүй болов. Хөл тавих зайгүй шахам баригдсан барилгууд дундах эрдмийн өргөөгөө хүүхдүүд маань “шургаж ордог сургууль минь” хэмээн дуулах л үлдэж дээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бид нар юм юмаа сүйдэлж устгахдаа сайн юм аа даа.Энэ хэдэн сургуулийнхаа тоглоом, хөлбөмбөгийн талбайг бусниулна. Туул голынхоо бургасыг хэдэн халтар төгрөг олохын төлөө хядна. Усгүй бол УБ оршин тогтнох уу.Ерөөсөө ирээдүйгээ бодохгүй, одоо өнгөрсөндөө л байгаад байна.Коммунизмаас гарсны дараа брэндлэг хувцаслаж амьдрах гэсэн сэтгэлгээ нь хэвээрээ л байх юм.Хэзээ энэ шилжилтийн үе нь дуусах бол оо.

    1 0 Хариу бичих