Нэг өдөрт зам тээврийн осолтой холбоотой 246 дуудлага

Мэдээ мэдээллийн www.еagle.mn сайт долоо хоног бүр “Нэг километрт" цуврал  сурвалжилгаа  уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Тээврийн цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ажиллалаа.

Тээврийн цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өдөрт дунджаар 200-300 дуудлага, мэдээлэл ирдэг ажээ. Бид энэ сарын 14-нд буюу өнгөрсөн баасан гаригт тус төвд ажилласан юм.Учир нь баасан гариг болон амралтын өдөр, олон нийтийг хамарсан баяр наадмын үеэр хамгийн олон дуудлага ирдэг аж.

Зургаадугаар сарын 14-ны баасан гаригт 04.30 минутаас 15-ны 04.30 минут хүртэл зам тээврийн осол, гэмтэлтэй холбоотой 246 дуудлага хүлээн авчээ. Ажлын өдрийн оргил цаг буюу 17.00-22.00 цагийн хооронд нийт 77 ослын дуудлага ирснээс 22 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой зөрчил байлаа.

Манай сурвалжлах баг тус төвөөс нийслэлийн хэмжээнд авто замын ачаалал ихтэй бүсэд тооцогддог Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийг зорьсон юм.

-Замын цагдаагийн нэг албан хаагчид 3000 тээврийн хэрэгсэл оногдож байна-

Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа.

-Танай хэлтэс хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ямар хуваариар ажилладаг вэ?

-Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс нийт 58 хүний бүрэлдэхүүнтэй гурван ээлжээр ажилладаг. Үүнээс гудамж, замд 20 гаруй цагдаа, 6 офицер ажилладаг. Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс цаг үе, улирлын байдлаас шалтгаалан түлхүү ачаалалтай байдаг.

Хөдөлгөөний нягтрал ихэссэн, гадаад, дотоодын зочид төлөөлөгчидтэй үед манай алба хаагчид уртасгасан цагаар үүргээ гүйцэтгэдэг.

-Дулааны улиралд ямар дуудлага, мэдээлэл зонхилон ирэх үү?

-Өвлийн улиралд их ачаалалтай байдаг. Хамгийн ачаалал ихтэй цэг бол 11 дүгээр бүс буюу 25 дугаар эмийн сангаас Энхтайваны өргөн чөлөө, Барс, Нарны зам, Амарсанаагийн гудамж буюу Модны 2 гэсэн хэсэгт осол их гардаг. Осол гаргуулахгүй байх чиглэлээр манай алба хаагчид уулзваруудад хөдөлгөөн зохицуулахын зэрэгцээ ойр орчимдоо хяналт, шалгалт тавьж ажилладаг.

Энэхүү хяналт, шалгалтын ажлыг иргэд цагдаагийн алба хаагчид торгох гэлээ гэж буруу ойлгоод байдаг. Учир нь хяналт шалгалтаар маш олон зөрчил илэрдэг. Ихэвчлэн эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их байна. Мөн насанд хүрээгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдох ч байна. Тэр бүү хэл эцэг, эх нь насанд хүрээгүй 12 дугаар ангийн хүүхдэдээ машин авч өгсөн явдал гарсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, үзлэг оношилгоонд ороогүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, гэрэл дохио зөрчсөн зөрчлүүдийг цагдаагийн алба хаагчдын хяналт, шалгалтаар илрүүлдэг. Мөн хулгайн эд зүйл авсан тээврийн хэрэгслүүд байна. Түүнчлэн шүүхээс оргон зайлсан гэмт этгээдүүд тээврийн хэрэгсэл жолоодоод явж байна.

Монгол Улсад гарч байгаа гэмт хэргийн 80-90 хувь нь тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа байдаг учраас яах аргагүй хяналт шалгалт хийх нь чухал байгаа.

Ингэж хяналт шалгалт хийснээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж чадаж байгаа. Өнгөрсөн даваа гаригт гэхэд л сэтгэл зүйн өөрчлөлттэй гэсэн оноштойгоор СЭМҮТ-д эмчлэгддэг хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсныг манай алба хаагчид таслан зогсоосон.

Автотээврийн үндэсний төв энгийн ачаалалгүй үедээ өдөрт 180-230 тээврийн хэрэгсэл шинээр дугаар олгодог. Зургаа, долоодугаар сард баяр наадам дөхөхөөр өдөрт 300 гаран тээврийн хэрэгсэл шинээр дугаар авдаг байна. Монгол Улсад жолоочийн тоо сая гарсан. Энэ их ачаалал дунд нэг албан хаагчид 3000 тээврийн хэрэгсэл оногдож байгаа юм.

Тээврийн цагдаагаас “Бяцхан зорчигч” аяныг хэрэгжүүлж байгаа. Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед бага насны хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртдөг. 2018 онд 135 хүүхэд зам тээврийн осолд орсон. Энэ тоог бид буулгах гэж зорилт тавьж ажиллаж байна.

-15 минутад есөн зөрчил-

Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дэслэгч С.Болдбаатартай 18.00-20.00 цагийн хооронд 11-р бүсээр хамт яван хэрхэн ажиллаж байгааг нь сурвалжиллаа.

С.Болдбаатар ээлжээ авснаас хойш зургаан дуудлага дээр ажиллав. Гурван дуудлагын дагуу асуудлыг нь шийдвэрлэсэн бол гурван дуудлага нь эзэн бие нь тодорхойгүй байсан учраас тэрээр камер шүүж ослын хэргийг тодруулсан юм.

18.30 минут албан байгууллагуудын ажил тарж байсан учраас Баруун дөрвөн зам болон Төмөр замын удирдлагын урд талын зам, Нарны гүүрнээс хойш чиглэх зам ачаалал ихтэй байлаа. Цагдаа нар ослын дуудлага мэдээлэл ирээгүй үед замын хөдөлгөөн зохицуулан хөдөлгөөнийг нягтаршлыг саармагжуулдаг аж.

Дэслэгч С.Болдбаатар замын цагдаагийн албанд зургаан жил ажиллаж байгаа туршлагатай алба хаагч.

18.55 минутад дотоод холбоогоор түүнд ослын дуудлага ирсэн юм. Баруун дөрвөн замаас ослын дуудлага ирсэн ч Нарны зам руу явах замд уг дуудлага цуцлагдсан. Учир нь зам тээврийн осол гаргаж мөргөлдөж, шүргэлцсэн жолооч нар хоорондоо зохицсон учраас ийнхүү уг дуудлага цуцлагджээ.

19.20 минутад бид Барс худалдааны төвийн урд талын зам дээр хяналт, шалгалт хийж ажилласан. Ингэхэд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг зориулалтын суудал, бүсгүйгээр тээвэрлэсэн болон жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон гээд 15 минутад 9 зөрчилд арга хэмжээ авч торгууль ногдуулсан.

Жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний тээврийг хэрэгслийг журамлан 200 нэгжтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулсан. Тэрээр эхнэрийнхээ хамт замын цагдаагийн алба хаагчид “Манай ах өөртэй чинь ярья” гэж байна хэмээн утсаа өгөх гэж зүтгэсэн. Тээврийг хэрэгслийг нь журамласан замын цагдаагийн алба хаагчийг ёс бус үгээр доромжлон “Чи бусад зөрчилтэй жолооч нараа адилхан торгооч” хэмээн уцаарласаар эхнэртэйгээ такси барин явлаа.

20.00 цагт дэслэгч С.Болдбаатар хэлтэс дээрээ ирэн өрөөндөө зөрчил гаргасан жолооч нарыг авч уулзсаар үлдсэн юм.

Замын цагдаатай хамт ажилласан хоёр цаг нүд ирмэх зуурт л өнгөрсөн. Замын ачааллын тодорхой хувийг соёлгүй, дүрэмгүй жолооч нар үүсгэдэг учраас дүрмээрээ нэг нэгэндээ хүлээцтэй хандан “Та би” уриатайгаар зам тавин оролцохыг уриалж байна.

Түүнчлэн жолооч бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалган, дүрмээрээ бяцхан зүрх болон хүүхдээ зөв тээвэрлэн аюулгүйн бүсээ дэргэдээ суугаа зорчигчдодоо ч зүүлгэж хөдөлгөөнд оролцохоо бүү мартаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Замын ачааллын ихэнх хувийг соёлгүй, дүрэмгүй, утсаа оролдсон жолооч нар үүсгэж байгаа нь үнэн. Жолооч нар өөрсдөө ёс зүйтэй, ухамсартай, авхаалжтай замын хөдөлгөөнд оролцчихвол түгжирч гацахгүй яваад л байна!

    0 0 Хариу бичих
  2. Emegtei jolooch naras ern xol yawaarai chutgur shig aimaar myyxai orilod dairchid baile

    0 0 Хариу бичих