МСҮТ-ийн багш нарын нийгмийн асуудалд анхаарна

Монгол Улсын Засгийн газар, 2019 оныг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хэрэгжүүлэх зарим арга хэмжээг баталсан юм. Засгийн газрын 145-р тогтоолын дагуу дээд болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих төв байгуулах. Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарыг компьютержуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын төлөөлөлтэй уулзаж, хот хөдөөгийн МСҮТ, ПТК-ийн багш нарт суурин болон зөөврийн компьютер гардуулахаар болсон байна. Мөн энэ үеэрээ МСҮТ болон ПТК-д суралцагсдын тэтгэлэг, багш нарын нийгмийн хамгаалал, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэх юм байна. Багш нарын төлөөлөлтэй хийх уулзалт Монгол Солонгос Политехник коллежид болох юм.

Монгол Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролыг 84 сургалтын байгууллага олгож байна. Өөрөөр хэлбэл ийм тооны төрийн болон төрийн бус хэвшлийн МСҮТ, Политехник коллеж мэргэжлийн боловсрол олгож байна гэсэн үг. Үүнээс  51 нь төрийн өмчийн, 33 нь төрийн бус өмчийнх байна. Эдгээрт  2018-2019 оны хичээлийн жилд статистик мэдээгээр 38.526 суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 2018-2019 оны хичээлийн жилд  24.999 суралцагч шинээр элссэн нь өмнөх жилийнхээс 28.1хувиар өссөн.Өөрөөр хэлбэл, 2018 онд 3 жилийн өмнөх хичээлийн жилээс даруй 5 мянга гаруй суралцагч мэргэжлийн боловсролын салбарыг сонгосон гэсэн үг. Өнөөдөр залуус өөрийн сонирхол, авьяас чадвараа хөгжүүлж баялаг бүтээгч байхыг эрмэлзэх болж. Энэ нь ч мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа залуусын сонголтоос харж болохоор байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт жил бүр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г хийж байна. Энэ судалгаагаар, Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, бодлого боловсруулагчид, судлаачид болон хэрэглэгчдэд хүргэдэг.  Энэ судалгаанаас харахад, 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна. Ажиллах хүчний эрэлтийг салбараар тодруулбал барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зарим МСҮТ Боловсролын яаманд, зарим нь Хөдөлмөрийн яаманд харьяалагддаг. Хөдөлмөрийн яаманд харьяалагддаг МСҮТ.ийн багш нар олон жил ажилласаныхаа мөнгийг авах эсэх нь тодорхойгүй байдаг. Жнь: ШУТИС-ийн харьяа Механик тээврийн сургуулийн дэргэдэх МСҮТ -ийн багш нарын цалин, нийгмийн асуудал гэх мэт.

    0 0 Хариу бичих