ЦЕГ: Хар тамхины хэрэг орон нутаг руу хүрээгээ тэлж байна

Хар тамхины хэрэг тойрсон асуудлууд сүүлийн үед манай улсаас салахаа байсан. Дипломатчид нь хил дамжуулж, дотоодод нь гадныхан төдийгүй өөрсдөө сүлжээ үүсгэн хэрэглэж байна.

Насан хүрээгүй есөн хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

 Олон нийт хар тамхины хэрэглэгч нь тодорхой байдаг тул илрүүлж чадахгүй байгаад цагдаагийнхныг буруутгадаг. Цагдаагийнхан илрүүлэлт сайжирсан тул сүүлийн үед хар тамхины хэргийн статистик нэмэгдэж байгаа гэдэг. Өнгөрсөн онд энэ төрлийн 199 гэмт хэрэг бүртгэгдэж, 412 хүн холбогджээ. Тэгвэл он гарснаар өнөөдрийн байдлаар 89 хэрэгт, 189 хүн холбогдсон байна.  Энэ талаарх мэдээллийг өнөөдөр ЦЕГ-ийн Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд мэдээлэл хийх үеэрээ танилцуулав. Түүний хэлснээр дээрх тооны хэргийн 65 нь худалдаалах зорилгогүйгээр хадгалж, бэлтгэсэн, 24 хүн худалдан борлуулах, нэг нь зохион байгуулалттай бүлэглэл байжээ. Тэгвэл хууль бус хил дамжуулсан хэрэг 16 бүртгэгдсэн байна. Хууль бус хил нэвтрүүлж буй хар тамхины хэрэг нь ихэвчлэн олон улсын шуудан, илгээмжээр ирдэг гэнэ. Дээрх хил дамжуулсан 16 тохиолдлын 11 нь шуудан илгээмжээр иржээ. Улсаар нь ангилан харвал, Испаниас гурав, Герман, АНУ, Недерландаас тус бүр хоёр, Тайланд, Англиас тус бүр нэг ирснийг илрүүлсэн байна. Хар тамхины гэмт хэрэгтэй холбогсод насны хувьд залуучууд байдаг. Өөрөөр хэлбэл, 18-35 насны залуучууд энэ оны гэмт хэрэгт холбогсдын 86 хувийг эзэлж байна. Тэгвэл 4.7 хувь нь буюу ес нь насанд хүрээгүйчүүд гэнэ. Мөн гэмт хэрэгт холбогсдын 54.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгааг тэрбээр хэллээ. Түүнчлэн гадаадын долоон иргэн энэ онд хар тамхитай холбогдсон байна. Тодруулбал, Нигерийн дөрөв, БНСУ, Энэтхэг, Францын тус бүр нэг иргэн байгаа гэнэ. Хар тамхины хэрэг зөвхөн нийслэл гарч байсан бол сүүлийн үед орон нутаг руу хүрээгээ тэлж байгаа юм байна. Он гарснаар орон нутагт 12 хэрэг бүртгэгдсний долоо нь Орхон аймгийнх аж.  

Аливаа өвчин хийгээд, нийгэмд болж буй бугшсан зүйлийг эмчилж, эрүүлжүүлэхийн тулд учир шалтгаантай нь эхлээд тэмцдэг. Түүнчлэн анхан шатлалаас нь таслан зогсоох нь зүйтэй байдаг. Энэ жишгийн дагуу Цагдаагийн ерөнхий газраас урьдчилан сэргийлэх, мэдээлэлжүүлэх ажлыг эрчимтэй хийж байгаа юм байна. Тухайлбал, гаалийн ажилтнуудад энэ талын сургалт явуулж, тодорхой кейсүүд дээр жишээ болгон тайлбарлаж, сургаж байгаа аж. Түүнчлэн олон нийтэд мэдээллэж, хор уршгийг нь таниулах үүрэг бүхий сэтгүүлчдийг ч энэ чиглэлд сургаж байгаа нь хар тамхитай тэмцэх эхний алхамууд гэдгийг ЦЕГ-ийн Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд чухалчлав.

Сэтгэцэд нөлөөлөх эмийг энгийн эмийн жороор олгох зөрчил илэрчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс нь хууль бус мансуулах сэтгэцэд нөлөөлөх зүйл буюу хар тамхи, түүний төрлийн бодисоос гадна хууль ёсны буюу албан ёсны зөвшөөрөлтэй Монгол Улсын хилээр орж ирдэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодист хяналт тавьдаг. Энэ чиглэлийнхээ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналт болон Прокурорын газартай хамтран эм ханган нийлүүлэх, эмийн сангуудад гэнэтийн шалгалт хийсэн байна. Нийслэлийн 62 эм ханган нийлүүлэх болон, эмийн санд хийсэн шалгалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисынхоо орлого, зарлагыг гаргадаггүй, энгийн эмийн жороор олгож байсан зэрэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн зарим төрлийн эм дутжээ. Тухайлбал, морфин гэхэд 10 ширхэг, трамадол 2000 гаруй дутжээ. Мөн эмийн сангуудын эл эмнүүдээ хадгалах, худалдаалах тогтолцоо буруу байгаа нь шалгалтын явцад илэрсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)