Авах хүнд архинаас аяга нь, аяганаас хадгаламж нь дээр л дээ!

Юу ч гэмээр юм бэ дээ. Улстөрчдийг “поп, попорлоо” гээд л байдаг. Цахим сүлжээнд тийм хүмүүс зөндөө амьдардаг болчихсон байна. Өчигдрөөс нэгэн сайтад гарч, үе үе харагдаад байгаа нэг “пост”-ын тухай саналаа хэлэх гэсэн юм. Ингэхийн тулд сарын өмнө болсон нэг үйл явдлыг сануулъя. МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Б.Эрдэнэдалай нар “Улстөрчдийн гарын бэлэг” нэртэй үзэсгэлэн гаргасан юм. 2000 оны сонгуулиас хойш улстөрчдийн тараасан 100 гаруй бэлгийг тэд цуглуулсан байв. Түүнийгээ дэлгэж үзүүлсэн хэрэг. Тэдний үзэсгэлэн дэлгэсний шалтгаан нь тэдгээр бэлгийг “сонгуулийн хахууль” гэж үзсэнтэй нь холбоотой байв.

Яг үнэндээ энэ “улстөрчдийн бэлэг” гэдэг чинь харьцангуй ойлголт шүү. Тийм ч биз, үгүй ч биз гэсэн үг. Нөгөө талаасаа хууль нь болоод, улстөрчид нь өгөөд, ард түмэн нь авсаар ирсэн байдаг. 1992 онд ардчилсан сонгууль анх хийхэд л бэлэг байсан. Бүгдээрээ л мэднэ. Одоо хүртэл навсайтал бэлэг тараасаар байгаад гараад ирдэг зартай нэг гишүүн байж л байна. Түүнийг нийтээрээ л мэддэг.

Харин улстөрчдийн бэлэг гээчийг “онигоо” болгоод байгаа нэг том асуудал бий. Тэнэглэл л дээ. Юу гэвэл, өнгөрсөн парламентын үед Д.Ганбат бидон дээр, энэ парламентад Г.Тэмүүлэн шанаган дээр, М.Билэгт данхан дээр нэр зурагаа “наагаад” бэлэг болгочихсон. Тэр ч бүү хэл, Өмнөговийн Л.Энхболд сонгогдсон жилийнхээ наадмаар билүү дээ, өөрийнхөө жаазтай зургийг Далай ламын хөрөг шиг тарааж дуулиан шуугиан болгож байв шүү. За тэгээд аяган дээр зургаа “наадаг” явдал бол гаарсан. Бас өөрийнхөө нэртэй цагийг ч тараацгаадаг юм. Тэр нь авч ч болохгүй, хаяж ч болохгүй хэцүү л бэлэг болдог.

Үүнээс гадна тухайн хүндээ хэрэг болоод байдаг архи, гурил, будаа, хэвийн боов, нүүрс, хичээлийн хэрэгсэл гээд түшээдээс сонгогчдод өгдөг “бэлэг” гэхээр зүйлүүд байдаг л юм. Дээр хэлснээр, хууль зөрчихгүй байгаа болохоор байсаар байгаа эд шүү дээ.

Тэгтэл “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тойргийнхоо буюу Увс аймгийн иргэдэд хадгаламжийн дэвтэр нээж өгчээ” гэсэн мэдээг зарим хүн түгээсэн байгаа юм.

Тэнд “...Чойжоо гишүүн энэ түвшинг ахиулж “Голомт” банкны хадгаламжийн дэвтэр тарааж эхэлсэн байна. Хамгийн хачирхалтай нь иргэд өөрсдийгөө хадгаламжтай гэдгээ мэдээгүй явахад регистерийн дугаарыг нь ашиглан ийн 50 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтэртэй болгожээ. Тойргийнхоо иргэдийг хадгаламжийн “дэвтэржүүлэх” энэхүү сонгуульт үйл ажиллагаагаа тэрбээр аль хоёрдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 18-нийг хүртэл хийсэн нь түүний нээж өгсөн дэвтрүүдээс тодорхой харагдана” гэж бичжээ.

Уг нь муулах гэсэн юм шиг байгаа юм. Гэтэл хууль нь зөвшөөрч байгаа хойно ингэхийг хорьж болохгүй шүү дээ.

Өнөөдөр ард түмний амьдрал янз бүр л байна. Өдөр хоногоо аргацаасан хүмүүс байхад, хадгаламж хуримтлалтай болох гээд амжиж өгөхгүй нь олон байгаа байх. Тэдэнд дэм бус уу. Олигтой нь хуримтлалаа хураагаад, олиггүй нь дор нь дуусгаад л хаяна. Энэ бол тухайн хүний л эрх.

Бас дээр дурсан бэлэгнүүдтэй Б.Чойжилсүрэн гишүүнийхийг харьцуулаад үзэх хэрэгтэй. Яасан байна, 50 мянган төгрөг дээр “Б.Чойжилсүрэн” гээд биччихсэн байна уу гэх хүн ч байна.  

Тэгэхээр бэлэг тараадаг дээр бол ганц Б.Чойжилсүрэнг нь цохолж аваад “ноолох”-ын оронд бэлэг тараадаггүй болох хууль, эрх зүйн орчноо өөрчлөхийг шаардах ёстой юм биш үү.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тиймэрхүү утгатай хуулийн төслийн талаар ярьж байсан санагдана. Тэрийг л УИХ зоригтойхон баталчихъя. Тэгвэл өөрсдөд нь ч амар.  Учир нь УИХ-ын бүх гишүүн л янз бүрээр, жижиг томоор бэлэг сэлт тарааж л байна. Тараагүйгээсээ тараасан нь олон гэж ярих ч хэцүү. Бүгд л тараадаг. УИХ-д горилогчид ч бас тэгж “ажиллаж” байна.

Улстөрчдийг хараад байхад архи тарааж байгаа нь ч байна. Аяга тараасан нь ч бий. Одоохондоо бол авч байгаа сонгогчдод архинаас аяга нь, аяганаас хадгаламжийн дэвтэр нь дээр л дээ. Ядаж л хадгаламж ямар үр ашигтайг бодох хэрэгтэй юм. Харин тэр саналаа худалдах, худалдахгүйн тухайд бол дараагийн асуудал байх.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)