“Никитон” хамтлагийнхан 25 жилийн бэлгүүдээ дэлгэсээр байна

Монголын рок, попын ертөнцөд туурвисан уран бүтээлээрээ хэдийнээ өөрсдийгөө “тамгалж”, тод мөрөө үлдээж чадсан уран бүтээлчид бол "Никитон" хамтлагийнхан. Энэ жил тус хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа. Тэд ойдоо зориулан сонсогч, фенүүддээ олон бэлгүүд зэхсэнээ эхнээс нь дэлгэсээр байгаа юм.

Бэлэг-1

“Никитон” хамтлагийн өнгөрсөн тавдугаар сарын 11-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд монголын рок, подын оддын хамт 100 мод тарин төгөл байгуулсан.

Бэлэг-2

Зургаадугаар сарын 1-9-нд “Никитон” хамтлагийнхан Европын орнуудаар аялан тоглолтоо хийсэн. Тэнд Берлин, Женев, Стокгольм, Дюссельдорф хотод амьдардаг монголчуудаа уран бүтээлээрээ хөглөсөн.

Бэлэг-3

Зургаадугаар сарын 15-наас “Боловсрол” телевизээр үдэш бүр “Никитон” хамтлагийнхан уулзах болсон. “Никитон 25 жил” реалити  нэвтрүүлэгт хамтлагийн ахлагч, дуучин Баачка, бөмбөрчин Билгүүн, даралтат хөгжимчин Чинбаа, гитарчин Өөжгий, аргил гитарчин Цогоо болон гурван вокалист, дууны найруулагчийнхаа хамт есүүлээ “Aрцат виллаж”-д амьдарч байгаа. Уг реалити шоу энэ сарын 28 хүртэл үргэлжлэх бөгөөд ажлын өдрүүдэд 21.00 цагт, амралтын өдрүүдэд 23.00 цагаас үзэгчдэд хүрнэ. Тэд “Никитон 25 жил” тоглолтын өдөр хүртэл хэрхэн бэлтгэлээ базаан байгаагаа шоу нэвтрүүлгээрээ дэлгэсээр байгаа бөгөөд тэднийг зорих ирэх гэнэтийн зочид ч тасрахгүй гэсэн шүү.  

Бэлэг-4

Зургаадугаар сарын 21-нд буюу маргааш 19.00 цагт Үндэсний соёл амралтын төвд байрлах “Никитон клуб”-т “Чи минийх” нэртэй шинэ цомгийн баяр болно. Цомгийн баяр хэн бүхэнд нээлттэй бөгөөд хамтлагийнхантай гэрэл зургаа татуулан, гарын үсэгтэй шинэхэн цомог худалдан авах боломжийг фенүүдээ бүрдүүлж өгч байгаа.

 Бэлэг-5

Зургаадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12.00 цагт “Никитон-25 жил” тоглолтоо хийнэ. Тоглолт 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл 12 цаг үргэлжлэх бөгөөд тоглолтод "Харанга" хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire хамтлаг”, “The Lemons” хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б. Амархүү, Ука, Ана, хийлч Дээгий оролцох бөгөөд шилдэг DJ нар сор бүтээлээсээ тоглох тоглолтын үнэ 10 мянган төгрөг.  Энэ үдэш Монголын рок попын оддын хит дуунуудыг нэгэн тайзнаас сонсох ховор боломж тохиох нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бачка Бумбаарайгаа мартдаг муу л байна даа

    0 0 Хариу бичих