Уул уурхайн салбарынхан хариуцлагаар нэгджээ

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн санаачилгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг эхлүүллээ.Энэхүү санаачилгын зорилго нь хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлэх аргачлалын хүрээнд талууд хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг дэмжих, нэвтрүүлэх юм. Мөн сайн жишгүүдийг уул уурхайн салбарт  даган мөрдөж, бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах гэнэ.  Аяны нээлтийн ажиллагаанд өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Аспайр Майнинг” ХХК, “Багануур” ХК, “Саусгоби сэндс” ХХК, “Оюу толгой” ХХК, “Терра Энержи” ХХК, “Энержи Ресурс” ХХК-ийн удирдлагууд оролцлоо. 

Арга хэмжээний үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх асуудал бол манай яамны баримтлан ажиллаж буй гол стратеги зорилтын нэг бөгөөд хариуцлагатай, ил тод уул уурхайн олон улсын сайн туршлага, санаачилагыг хэрэгжүүлээд цөөнгүй жил өнгөрсөн. Энэ хугацаанд олсон амжилт байгаа боловч хариуцлагагүй, хууль дүрэм биелүүлдэггүй дутагдал манай салбарт байсаар байна. Энэ онд гэхэд орлогын төлөө хэт хөөцөлдөж, аюулгүй ажиллагааны дүрэм, журам баримтлалгүй хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсны улмаас хэд, хэдэн ноцтой осол гарч эрдэнэт хүний амь сүйдсэнд гүнээ харамсаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч байгаль орчныг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, уурхайн хаалтыг ном журмын дагуу хийдэг болох нь юу юунаас илүү чухал байна” гэлээ. Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексоор тодорхойлсон компанийн сайн засаглал ба ил тод байдал, Хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх, Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд, Байгаль орчны хамгаалал, Орон нутгийн хөгжил ба олон нийтинй оролцоо зэрэг таваг багц зорилт дэвшүүлсэн юм. Энэхүү кодексийг хэрэгжүүлэх үйлсэд уул уурхайн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 16 компани нэгдэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)