Лаг цэвэрлэж, усгүйжүүлэх байгууламж ирэх сард ашиглалтад орно

Барилга, хот байгуулалтын яам салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл арга хэмжээний талаар танилцууллаа.  Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ. Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс Барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 322.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл мөн тусгасан. Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна.

Манай улсын импортын бараа бүтээгдэхүүнд барилгын материал жин дардаг. Тэгвэл сүүлийн  үед барилгын материалын дотоодын үйлдвэрлэл нэмэгджээ. Сүүлийн таван жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон гэж мэдээллээ. Тухайлбал, цементний үйлдвэрлэл зургаа дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл дөрөв дахин, тоосгоны үйлдвэрлэл 1.5  дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл хоёр дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн гэнэ.

Мөн энэ үеэр цэвэрлэх байгууламжтай холбоотой мэдээлэл өгсөн юм. “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээг 2018 оноос хэрэгжүүлж  эхэлсэн одогоор  хоногт  2500 куб метр лаг усгүйжүүлэх  байгууламжийг шинээр  барьж  ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, дүүрсэн лагийн картуудыг үнэргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгох ажлыг хэрэгжүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)