“XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

“XXI зууны Буддын өв соёл,үнэт зүйлс” сэдвээр эрдэмтэд, хутагтууд  оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал  болж өнгөрлөө.  Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар БНЭУ-ийн Вивекананда сангийн тэргүүн Арвинд Гүпта, Олон улсын буддын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гэвш Жанчүв Чойдон нар мэндчилгээ дэвшүүлэв.

Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы хүрээнд, “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганд хоёр өдөр үргэлжилсэн юм.  Эрдэм шинжилгээний хурлыг  хамтран зохион байгуулагчаар ШУА, МУИС, ШУТИС оролцлоо.  Хуралд ОХУ-ын Буриад, Тува, Энэтхэг, Шриланка, Балба, Япон, Лаос, Камбож зэрэг улсаас ирсэн зочдод өнөөдөр Монголын эрдэмтэн судлаачид илтгэл  хэлэлцүүлсэн байна.  

Тухайлбал, “Буддизмын оюуны үнэт зүйл ба хүн төрөлхтний хөгжил дэвшил”, “Нийгмийн өөрчлөлт ба Азийн буддистуудын энх тайвны бага хурлын чиг хандлага”, “Дэлхийн бурханы шашны өв соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр” зэрэг 18 илтгэлийг эхний өдөр хэлэлцүүлжээ. Мөн энэ үеэр АБЭТБХ-ын Азийн бүсийн үндэсний төвөөс ирсэн төлөөлөгчид бүс нутаг бүртээ тулгамдаж буй асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагаа, ирээдүйн зорилт зорилгынхоо талаар үзэл бодлоо  хуваалцаж байлаа.  Тэд бас Монгол Улс нь Буддын өв соёлыг хамгаалах, өвлүүлэх, үндэсний төвийн хувьд  эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан 50 жилийн турш явуулсан энхийн үйлс, цаашдын үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох зорилгоо ч ил тод тайлбарлажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)