Станбулын сонгуульд сөрөг хүчин ялсан нь Р.Т.Эрдоганд хүнд цохилт болов

Туркийн сөрөг хүчин Станбулд болсон нөхөн сонгуульд ялж, хяналтаа тогтоосноор Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганд хүнд цохилт өглөө. Станбулын сонгуулийн үр дүн Р.Т.Эрдоганы “Ялагдашгүй” гэсэн сэтгэл зүйд том цохилт болсны дээр явуулж буй бодлогод нь ард түмний сэтгэл дундуур байгааг ухааруулснаараа ач холбогдолтой юм.   

Сонгуульд сөрөг хүчин Ардын бүгд найрамдах намын нэр дэвшигч Экрем Имамоглу 54.21 хувийн санал авч ялсан байна. Тэрээр гурван сарын өмнө болсон сонгуульд өрсөлдөгчөөсөө бутархай саналын илүүгээр ялж байсан бол энэ удаа бараг 10 хувиар илүүрхсэн гэж “Анадолу” агентлагаас ирүүлсэн мэдээлэлд дурдсан байна.

Гурван сарын өмнө болсон сонгуульд Э.Имамоглу ялсан ч санал хураалтын үеэр хууль зөрчсөн үйлдэл олон гарсан хэмээн эсэргүүцсээр дахин сонгууль явуулахаар болсон юм. Р.Т.Эрдоганы намын илт хүчин чармайлтаар ийнхүү дахин сонгууль явуулахаар болсныг тухайн үед баруун олон улсууд шүүмжилж, Туркт ардчилал хүнд байдалд орсон гэсэн утгатай мэдэгдлүүдийг хийж байсан билээ.   

Сөрөг хүчний нэр дэр дэвшигч Э.Имамоглу Р.Т.Эрдоганы ойрын хүн болох Бинали Йылдеримыг бараг 800 000 саналаар илүүрхэж ялсны дараа ням гаригийн орой Станбулын гудамжинд хэдэн арван мянган дэмжигчид нь гарч ирж баяраа тэмдэглэсэн байна. Ялагч Э.Имамоглу “Өнөөдөр энэ хотод та бүхэн ардчиллыг бэхжүүллээ. Баярлалаа Стамбул” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ. “Бид бүхнийг өөрчлөхөөр ирсэн. Энэ хотод ардчилал, шударга ёсыг бий болгоно. Энэ гайхалтай хотод би амалж байна, бид ирээдүйг бүтээх болно” хэмээн тэрээр амалсан байна.

 Сонгуулийн төв комисс албан ёсны дүнг зарлаагүй байгаа ч Р.Т.Эрдоган Э.Имамоглуд баяр хүргэж, өрсөлдөгч Б.Йылдерим нь хотын даргын ажилд нь амжилт хүссэн байна.

Р.Т.Эрдоган нь одоогоос 100 шахам жилийн өмнө М.К.Ататюркийн үндэслэн байгуулсан Турк улсыг 2003 оноос хойш удирдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд байхдаа ч, Ерөнхийлөгч болоод ч хамгийн нөлөөтэй улстөрч байсаар ирсэн юм.    

Түүний үндэслэн байгуулсан Шударга ёс, хөгжлийн нам хуучинсаг үзэлт иргэдийн дэмжлэгийг ихээр хүлээдэг бөгөөд дээр нь сүүлийн 15 жилд гаргасан эдийн засгийн өсөлт дэвшил нь Р.Т.Эрдоганыг том жижиг 10 гаруй сонгуульд дараалан ялахад гол нөлөө үзүүлж ирсэн юм.  

Харин эдийн засгийн өсөлт буурах үед тэрээр засгийн эрхэнд хүчээр үлдэх оролдлого хийж эхэлсэн нь сонгогчдын дэвшилтэт үзэлтэй хэсгийн санаанд нийцээгүй гэж хэлж болох юм.

Гуравдугаар сард явагдсан сонгуулийг хүчингүй болгосных нь дараа Туркийн Үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш унаж, энэ оны байдлаар 8 хувиар урууджээ.

Экрем Имамоглу хотын харьцангуй чинээлэг, боловсролтой хэсгийнхний дэмжлэгийг авсан нь ялалтад хүрэх гол нөхцөл болсон юм. Сонгуулийн үр дүнд иргэд сэтгэл хангалуун байгаа нь сонгогчдын сэтгэгдлээс харагдана.

Тухайлбал, Кагитане дүүргийн оршин суугч, 48 настай гэрийн эзэгтэй Гулкан Демиркая “Энэ удаагийн дахин сонгууль дарангуйлалд цэг тавилаа” хэмээн сонгуулийн талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.  

Туркийн эдийн засаг, санхүүгийн төв болсон гурван том хотын удлирдлага сөрөг хүчний хяналтад очсоноор тус улсын улс төрийн байдалд өөрчлөлт орох нь дамжиггүй юм. Тэр бүү хэл 2023 онд товлогдсон бүх нийтийн сонгуулийн товыг наашлуулах нөлөө үзүүлж болохыг ч ажиглагчид үгүйсгэхгүй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Bolj dee. Yalchaad baihad ichihgui ahij songuuli yvuulj zavaaraad bsiim aa Erdogan. Hohi ni

    0 0 Хариу бичих
  2. haha uneheer tiim sain uls turch bsiin bol tiim saihan hugjil soyoltoi uls odoo ingeed uimeentei bh gj

    0 0 Хариу бичих
  3. Diktatoruudiin tugsgul bugd adilkhan baidag.

    0 0 Хариу бичих
  4. Ердаганы төгсгөл ойртож байна!!

    0 0 Хариу бичих
  5. diktatoruudiin tugsgul bugd.adilkhan.baidag.

    0 0 Хариу бичих