Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй барилгын 3 компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ

-Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөнөөс 2018 онд 13 хүн амиа алджээ-

Энэ оны эхний хагас жилийн байдлаар барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй 48 гомдол мэдээлэл ирсэн байна. Мөн барилгын ажил эрхэлж байгаа 335 аж ахуйн нэгжид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийжээ. Шалгалтаар 360 гаруй зөрчил илрүүлж, 49 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 62 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Энэ талаар болон үерийн далангийн ашиглалтын төлөв, баригдаж байгаа барилга байгууламжид хийсэн шалгалтын дүн зэрэг асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэл өглөө.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөнөөс 2017 онд таван хүн, 2018 онд 13 хүн нас барсан.  2019 он гарсаар барилгын салбарт  дөрвөн  осол гарч дөрвөн хүн гэмтсэн. Осол гарсан компаниудыг зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.  Энэ онд  144 зөрчил илрүүлж, 30 орчим сая төгрөгийн торгуулийг ногдуулсан байна.

-Аж ахуйн нэгж, байгууллагууд нийт зардлынхаа 1,5-аас доошгүй  хувийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой-

НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажлын байранд учирч болох зөрчлүүд, эрсдэлийн үнэлгээг хийлгэхгүй байгаа. Өмнөх жилүүдийг бодвол харьцангуй сайжирч байгаа хэдий ч, нийтлэг энэ асуудлыг бүх нийтээрээ хийж чадахгүй байгаатай холбогдуулаад энэ зөрчил осол, эндэгдэл тодорхой хэмжээгээр гарч байгаа. Дараагийн асуудал бол аж ахуйн нэгж, байгууллагууд нийт зардлынхаа 1,5-аас доошгүй  хувийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой гэсэн үүрэгтэй. Энэ зардал төсвийг гаргахдаа ААН байгууллагууд хармын сэтгэлээр хандаж байгаа ийм тохиолдлууд байна. Энэ төсөв хөрөнгийг гаргахгүй байгаа асуудал нь өөрөө хүний амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг зүйл. Ийм учраас 1,5-аас дээш хөрөнгийг гаргаагүй ААН байгууллагуудыг мэргэжлийн хяналтаас арга хэмжээг авч хатуу ажиллаж явна” гэв.

-Улаанбаатар хотод 750 гаруй айл өрх үерийн аман дээр амьдарч байна-

Нийслэлийн нийт нутаг дэвсгэрт нийт 33 км урт үерийн далан байдаг. Гэхдээ нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байгаа юм. Мөн 100 жилд нэг удаа тохиох үер болох болзошгүй байгааг салбарын байгууллагууд мэдээллэсэн. Тиймээс Улаанбаатар хотод үерийн аман дээр амьдарч байгаа 750 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Нийт Улаанбаатар хотод байгаа далан сувгийн 60 орчим хувьд нь арчлалт хамгаалалт, дахин сэргээлт хийгдэж байгаа.  Үерийн осолд орж болзошгүй айлуудын судалгааг гаргаж дүүргийн Онцгой байдлын алба, газрын алба, Засаг даргад хүргүүлсэн. Эдгээр айлуудын зөвшөөрөлтэй газруудыг харилцан тохирч өөр газар руу нүүлгэх, зөвшөөрөлгүй газарт байрлаж байгаа айл, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн албадан буулгах арга хэмжээг авахаар холбогдох газруудад бичиг хүргүүлж ажиллаж байгаа” гэлээ.

Түүнчлэн Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа 254 иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Нөхөн сэргээлт хийгээгүй, зөвшөөрөлгүй хайрга дайрга олборлож байсан зэрэг 165 зөрчил илрүүлж, 46 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, заримынх нь зөвшөөрлийг цуцлах саналаа холбогдох байгууллагуудад өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)