Өрхийн эмнэлгүүдэд тэмбүүгийн эмчилгээ хийнэ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүртлээ бэлгийн замын халдварт өвчиндөө нэрвэгдлээ гэх мэдэгдлийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн.  Тиймээс үүний эсрэг хоёр хэлбэрээр арга хэмжээ авч ажиллах болсноо зарласан. Үүний бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн гэх мэдээллийг салбарын сайд хэллээ.

Монгол улсад жилдээ дунджаар 50-55 төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байна. Тэдний дийлэнх нь дутуу төрөх, амьгүй болох зэргээр хорвоогоос хальдаг байна. Үүний гол шалтгаан  нь жирэмсэн эхчүүд жирэмсний хяналтдаа цаг тухай бүрт нь орж, шинжилгээ оношилгоонд хамрагдаж чадахгүй байгаа явдал гэж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн ажилтнууд, мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоо судалгаагаар төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд ихэнхдээ дутуу төрөх, зулбах, амьгүй төрөх эсвэл төрсний дараа хувь тавилан нь их бүдэг, амьдрах нас нь богино байгаа нь тодорхой байгаа. Үүнийг жирэмсний хяналтыг сайжруулснаар бүрэн устгах боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Хагас жилийн дотор энэ асуудлын ард гарч чадна гэж ХӨСҮТ-ийн энэ чиглэлээр 20-30 жил ажилласан эрдэмтэн, докторууд хэлж байгаа. Нөгөөх нь хүн амын дундах бэлгийн замаар дамжих халдварын асуудал юм. Хүн сэтгэл зүйн хувьд айх ичих асуудал байна. Тиймээс бид өрхийн болон сумын эрүүл мэндийн төв дээр шинжилгээ авч хариуг нь хэдхэн минутын дараа гарган эхний эмчилгээг шууд хийх тогтолцоог бүрдүүлэхээр мэргэжлийн хүмүүс маань ажиллаж байгаа” гэв.

Энэ өвчин нь ердөө хувь хүний ухамсар, ёс зүйтэй шууд холбоотой өвчин. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн сайжруулах, хүн амыг соён гэгээрүүлэх ажиллагаа үүний хажуугаар хийгдэх ёстой гэгдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)