М.Саакашвилигийн нам Дээд Радад суудалтай болох боломж бүрдлээ

Украины шүүх М.Саакашвилийн үүсгэн байгуулсан намыг бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг дахин хянаж үзэхийг Сонгуулийн төв комисстоо даалгажээ. Гүржийн Ерөнхийлөгч асан Михайл Саакашвили Украинд суурьшиж, иргэн нь болон хотын даргаар ажиллаж байсныг уншигчид санаж буй байх. П.Порошенкогийн зарлигаар иргэншлээ хасуулсан түүнийг шинэ Ерөнхийлөгч В.Зеленский ивээлдээ авч, иргэншлийг нь буцаан сэргээсэн юм. Тэрээр Украинд буцаж ирсэн даруйдаа  өмнө нь байгуулчихаад байсан “Михайл Саакашвилигийн шинэ хүчний хөдөлгөөн” хэмээх намынхаа үйл ажиллагааг сэргээж, Парламентын ээлжит бус сонгуульд өрсөлдөхөөр болсон ч Сонгуулийн төв хороо энэ сарын 23-ны өдөр “Бичиг баримтын бүрдэл дутуу” гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм. Парламентад нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өчигдөр дууссан бөгөөд дараа нь М.Саакашвилийн намын гишүүд дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, М.Саакашвили өөрөө Ерөнхийлөгч В.Зеленскийд хаягласан ил захидал бичсэн аж. Үүний нөлөөгөө гарсан ч юм уу, ямартай ч Дээд шүүхээс түүний бүрдүүлсэн бичиг баримтыг дахин хянаж үзэхийг Сонгуулийн төв Комисстоо даалгаж байна.  

Ингэснээр түүний нам сонгуульд өрсөлдөх, улмаар Дээд Радад суудал авах боломж бүрдэж байгаа юм. М.Саакашвили намаа 2017 оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч П.Порошенкогийн бодлогод шүүмжлэлтэй хандаж, сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)