Брейк бүжиг олимпийн хөтөлбөрт багтлаа

2024 онд Парист болох Зуны олимпийн наадмын хөтөлбөрт брейк бүжгийг түр байдлаар оруулжээ. Олон улсын олимпийн хорооны цахим хуудсанд энэ талаар мэдээлллээ.

Брейк бүжгээс гадна серфинг, скейтборд, ханан хаданд авирах төрлийг мөн багтаасан байна. Гэхдээ ОУОХ дээрх шийдвэрийг “түр” хэмээн тодотгож байна. Эцсийн шийдвэр 2020 онд гарна гэдгийг уг мэдээлэлд онцолжээ. Гэхдээ нэгэнт багтсан л бол онцгой тохиолдол л биш бол албан ёсны хөтөлбөрт багтах нь бараг 100 хувь тодорхой гэнэ.

“Албан ёсны шийдвэр 2020 онд гарна. Олимпийн хөтөлбөрт багтсан спортын төрлүүд маш олон янз болж байна. Энэ нь бидэнд хөгжөөн дэмжичдийн шинэ төлөөлөгчдийг олимпизмийн хөдөлгөөнд татан оролцуулах боломжийг нээж байгаа юм” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.

Брейк бүжиг нь өнгөрсөн жил Аргентинд болсон өсвөрийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд хөгжөөн дэмжигчдийн тоо, оролцогчдын ур чадварын түвшин, зохион байгуулалтын чанараараа маш өндөр үнэлэлтийг ОУОХ-ноос авсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)