Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байна

НҮБ-ын Ерөнхий тогтоолоор  жил бүрийн зургаадугаар сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр мансууруулаас ангид байх олон улсын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьсон юм.
Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгчид байна. Тэдний 6.6 сая нь ДОХ-ын халдвартай амьдардаг. Манай улс хар тамхи хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч хоёр улс болох ОХУ, БНХАУ-ын дунд оршиж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэнэ. Энэ тухай өнөөдөр болсон “Эрүүл мэндэд -Эрх зүй, Эрх зүйд – эрүүл мэнд” хэвлэлийн хурлын үеэр танилцуулав.
Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байгааг мөн энэ үеэр танилцууллаа. Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд эрх зүй ба эрүүл мэнд нь уялдаатай чухал гэнэ. Тиймээс хүн бүрт шаардлагатай эмчилгээг хүртээмжтэй хүргэдэг байх, эрүүл мэнд, эрх зүйн талаарх судалгаа шинжилгээнд суурилсан хүн амын мэдлэгийг нэмэгдүүлэх, мансуурлаас сэргийлэлт, нийгмийн оролцоо, нийгмийн хамгаалал нэгдмэл байхыг чухалчлан авч үзжээ. Мөн хууль сахиулах, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах гэнэ. Түүнчлэн хувь хүн, төр, хувийн хэвшлийн  байгууллагуудыг мансуурлын эсрэг дэлхийн өдрийн кампанит ажлын хүрээнд боловсруулсан дээрх багц мэдээллийг нийтэд түгээхийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уриалав.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)