А.Өлзий-Орших: “Legend” шоу язгуур болон орчин үеийн урлаг, бүжгэн жүжгийг хослуулсан өвөрмөц тоглолт болно

“Nomadic ballet” продакшныхан удахгүй болох Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  бүрэн хэмжээний цогц “legend” энтертайнмэнт шоугаа толилуулах гэж буй юм. Үндэсний язгуур урлаг, орчин үеийн модерн балет, циркийн урлагийг нэг дор нэгтгэн хослуулсан энэхүү шоу “Дотоод нүүдлээ сэрээ” уриатай ажээ. Уг шоуны уран бүтээлчид нь Монгол Улсдаа төдийгүй хилийн чанадад нэр хүндтэй язгуур урлагийн болон орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгчид байгаа аж.

Дэлхийн жишиг энтэртайнмэнт тоглолтуудтай дүйцэхүйц шинэлэг, өвөрмөц найруулга, орчин үеийн шийдэлт тайз, гэрлийн хослол бүхий брэнд шоуг “Nomadic ballet” продакшныхан Монголд авчирч буй нь энэ юм. Энэхүү шинэлэг, өвөрмөц шоуны талаар “Nomadic ballet” продакшны захирал А. Өлзий-Оршихтой ярилцлаа.

-Танай продакшн контемпорари, модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Сонгодог урлагийг орчин үеийн урлагтай хослуулах санаа хэрхэн төрөв?

-Манай продакшн ихэвчлэн контемпорари, модерн чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Сонгодог урлаг бол нэг хэвшмэл зүйлд баригдсан байдаг. Хөдөлгөөнүүд нь л гэхэд яг ийм байх ёстой, алхаа гишгээ, дүрээ гаргаж байгаа байдал нь ч гэсэн баригдмал. Харин контемпорари бол тийм зүйл байхгүй, маш чөлөөтэй. Энэ бол хувь бүжигчний дотоод сэтгэл хөдлөлийг илүү сайн гаргадаг урлаг. Тиймээс бид энэ чиглэлээр уран бүтээлээ туурвидаг.

-Та удахгүй болох тоглолтынхоо гол дүрийг бүтээж байгаа юм байна. Домгийн сэдэвтэй бүтээл байх аа?

-“Legend” гэж энэ төсөл бол домгийн сэдэвтэй. “Бэрцэцэг” гэж зохиолийг илүү баяжуулж хийж байгаагаараа онцлог. Миний хувьд эрэгтэй гол дүрийг бүтээж байгаа. Бэрцэцэг гэдэг гол дүрийн эмэгтэйн сэтгэлт залуугийн дүрийг гаргах гэж хичээж байгаа. Тэгээд зохиол дээр гол дүрийн залуу дайнд яваад, дайнаас эргэж ирэхгүй амь үрэгддэг юм. Амь үрэгдсэн баатар эр сэтгэлт бүсгүй дээрээ хун шувуу болж ирж байгаагаар энэ балетад гарна.

-Тавилт, дэглэлт мэдээж модерн... Сонирхолтой байна гэдэгт эргэлзэх юм алга?

-Манай продакшн эрэгтэй, эмэгтэй хоёр мэргэжлийн бүжиг дэглээчтэй. Залуучуудад сонирхолтой зүйлийг хүргэе гэдэг утгаараа сонин шийдэлтэй, мэргэжлийн ур чадварыг харуулсан, нэг зүйлд баригдахгүйгээр чөлөөтэйгээр сэтгэдгээрээ илүү онцлог.

“Legend”  шоунд маань манай “Nomadic ballet”-ын чадварлаг бүжигчдээс гадна “Enhee boy” циркийнхэн, үндэсний хөөмий, ардын урт богинын дуу, бүжиг нэгдэн нийлэн өвөрмөц цогц тоглолтыг үзүүлнэ.

-Үндэсний домгоос сэдэвлэсэн юм чинь хувцаслалт нь монгол хэв маягтай байх уу?

-Зохиол маань цэвэр үндэсний монгол биш, контемпорари чиглэлийнх болохоор энэхүү урсгалын онцлогыг хадгалсан байгаа. Үндэснийхээс арай өөр өвөрмөц, илүү эрч хүчтэй, өнгөлөг байдлыг гаргасан гэж болно.

-Танай продакшн нийт хэдэн уран бүтээлчтэй вэ?

-Манай продакшн 5 эрэгтэй, 5 эмэгтэй гишүүдтэй. Бүгд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчид.

-Модерн, контемпорари бүжиг Монголд хэр дэлгэрч байна вэ?

-Бид анх продакшнаа байгуулахдаа, бүр байгуулахаасаа өмнө ч энэ зүйлээ ярьж байсан. Монголд сонгодог урлаг хөгжсөн. Харин нэг зүйл хоцрогдоод байдаг нь контемпорари чиглэл.  Биднээс өмнө зөндөө олон бүжгийн жүжиг, бүжгийн зүйлүүд зэрэг номерууд тоглогдож байсан. Бидний зорилго бол контемпорари чиглэлийг хөгжүүлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах. Энэ урлагийг олон хүн үздэг болоосой гэдэг сэтгэлийн үүднээс, залуучуудыг бүжгийн урлагт сонирхолтой болгох зорилгоор байгуулагдсан.

-Тоглолтдоо ч гэсэн залуу уран бүтээлчдийг түлхүү хамруулж байгаа гэлүү?

-Залуу бүжигчдийг хамруулж байгаагийн цаад утга нь илүү хурд, хүчийг харуулсан үсрэлттэй элементүүдийг оруулъя гэж бодсон. Энэ өнцгөөс харж уран бүтээлчдээ сонгож авсан байгаа.

-Уран бүтээлээрээ дамжуулж хүмүүст юу хүргэхийг чухалчилдаг вэ?

-Манай продакшн хүүхэд, залуучуудад чиглэсэн маш олон уран бүтээл хийдэг. Бүжгийн тэмцээн уралдаан, хүүхдэд зориулсан уран бүтээл, сонгодог урлагаас орчин үеийн урлаг  руу хөрвүүлж нийлэгжүүлэх гэх мэт. Бүжгэн жүжгээс хүмүүс сайхан энерги, эрч хүч авдаг байх нь бидний туйлын хүсэл.

-Хамгийн анх ямар тоглолт хийж байсан бэ?

-Хамгийн анх сентиментал буюу мэдрэхүй гэдэг тоглолтыг “Corporate”-д хийж байсан. Энэ тоглолтын онцлог нь Майкл Жексоны дуунууд дээр хүн болгоны мэддэг, хүн болгоны таньдаг үе үеийн уран бүтээлчдийн дуун дээр өөрсдийн баримталдаг чиглэлийн, орчин үеийн модерн, контемпорари төрлүүдээс оруулж жүжиглэсэн.

-Үүн шиг онцлог өөр тоглолтууд хийж байсан уу?         

-Түүнээс хойш нэлээн тоглолтууд хийсэн. Анхны тоглолт маань энтертайнмэнт шоу талдаа байсан бол дараагийн тоглолт маань энтертайнмэнт гэхээсээ илүү бүжигчний ур чадварыг харуулсан тоглолт байсан.

-Модерн, контемпорари чиглэлээр үндэсний онцлогийг илэрхийлэхэд хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Манай үндэсний урлаг, тэр тусмаа үндэсний бүжиг бол маш олон жилийн түүхтэй. Манай бий биелгээ үндэсний монгол бүжиг маань илүү модерн, контемпорари чиглэл рүү дөхөм, ойрхон шүү дээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)