"Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-ний хэрэгжилтийг түр зогсоох тухай хуулийн төслийг баталжээ

ОХУ-ын Холбооны зөвлөл өчигдөр “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-ний хэрэгжилтийг түр зогсоох тухай хуулийн төслийг баталсан байна. Энэ хуулийн төсөлд ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

ОХУ-ын Холбооны зөвлөлийн Үндэсний батлан хамгаалалт, аюулгүй байдлын комиссын дарга Виктор Бондарев мөн өдөр хэлэхдээ "Оросын тал аргагүйн эрхэнд энэхүү хуулийн төслийг баталж байна. Мэдээж энэ бол зэвсэглэлийг хорогдуулах салбарын өнөөгийн нөхцөл байдалд гаргаж буй хариу үйлдэл юм" гэжээ.

ОХУ урт хугацааны турш “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г зөрчсөний улмаас АНУ тус гэрээг хэрэгжүүлэхээс түр татгалзаж, 6 сарын хугацаатай гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлнэ хэмээн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хоёрдугаар сарын 1-нд мэдэгдсэн юм. Үүний дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зарлигт гарын үсэг зурж, тус гэрээг хэрэгжүүлэхээ түр зогсоосон бөгөөд тавдугаар сарын 30-нд Төрийн ДУМ-даа хуулийн төсөл хүргүүлж, төрийн ДУМ уг хуулийн төслийг зургадугаар сарын 18-нд баталсан юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)