Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх бодлого барин ажиллаж байна

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын зүгээс өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж 2018-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх Хөгжлийн стратегиа танилцууллаа. Уг уулзалтад тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү,  Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа,  Санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд нарын газрын дарга нар оролцлоо.

 “Эрдэнэс Монгол” нэгдэл 2018 онд 264,6 тэрбум төгрөгийн орлого олж, 54,3  тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, эрчим хүчний зориулалтаар 6.2 сая тонн хүрэн нүүрс олборлож, экспортын зориулалтаар 18.2 сая тонн коксжих нүүрс тээвэрлэжээ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2019-2023 оны дунд хугацааны стратеги батлагдаж, энэ хүрээнд үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, Нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын ажил хийх, олборлох үйлдвэр байгуулах, Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын стратегийн зарим ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулахад компанийн бодлого чиглэж, шат дараатай арга хэмжээ авч буй юм. Засгийн газраас Асгатын мөнгө полиметаллын ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн бөгөөд одоогоор далд уурхайн чиглэлээр мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн багийг Асгатын мөнгө полиметаллын ордод ажиллуулж, ордын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай ажиллагааг хангах хүрээнд технологийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Хамтын ажиллагааны банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн хүрээнд тус уурхайнуудын техник, технологийн шинэчлэлийг хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр зорьж буйгаас гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай хүнд даацын авто замын хэвийн ажиллагааг хангаж байгаа гэлээ.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: Эрдэс баялаг дээр суурилсан дэлхийн жишигт нийцсэн компани болгож өөрчлөхөөр хууль эрхзүйн зарим асуудлыг боловсруулан ажиллаж байна. Компанийг байгуулахдаа, төрийн эзэмшлийн орд газруудыг зүгээр эзэмшээд яв гээгүй, эдийн засгийн эргэлтэд оруул гэсэн байгаа. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу монгол улсын иргэн бүх байгалийн баялгийг тэгш хүртээх шаардлагатай байгаа. Иргэн бүрт Эрдэнэс Монгол ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцаа байгаа. Бусдад зарж борлуулах, шилжүүлэх боломжгүй давуу эрхийн хувьцааг 2032 гэхэд нийт таван сая иргэндээ хүртээхээр төлөвлөсөн.  

Томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар орж ирэх орлогыг хэрхэн зарцуулахаа шинээр өргөн барих гэж буй Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тусгаад байна. Уг хуулийн төсөлд тусгаснаар, тодорхой хэсгийг томоохон бүтээн байгуулалтад зарцуулж, зарим хэсгийг ард иргэдэд тэгш хүртээмжтэй эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор бид Норвегийн сан шиг хуримтлалын санг иж бүрнээр нь байгуулах эдийн засгийн боломж тааруу байгаагаас ийнхүү зарим хэсгийг дээр бүтээн байгуулалтад зарцуулах бол хуримтлал үүсгэн ирээдүй хойчдоо үлдээх зорилготой.

ЗГХЭГ-ын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Баялгийн сан болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хууль эрх зүйн байдалтай холбоотой харилцааг зохицуулсан хуулиудыг боловсруулж байна. Тус ажлын хэсэг улс орны баялгийн сангийн хууль эрхзүйн орчин, туршлагыг судалснаас гадна Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байсан Хүний хөгжил сан болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ирээдүйн өв сантай харьцуулан судалгаа шинжилгээ хийсний үр дүнд Монголын хөрсөнд буух хэмжээнд хуулийн төслийг боловсруулан бэлэн болгов. Эдгээр хууль нь ажилтай орлоготой монгол иргэнийг дэмжиж, газрын баялгийн үр шимийг тэгш хүртээмжтэй, шударга хуваарилах, стратегийн хөрөнгө оруулалтыг зөв зохистой хийх тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой юм. Тус хуулийн төслийг Засгийн газрын түвшинд танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Цаашид “Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний томоохон хөрөнгө оруулалтын компани болох зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгыг хангах ажлын хүрээнд дунд хугацааны бизнесийн стратегийг батлан хэрэгжүүлж байгаа ба дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “Темасек Холдинг”, “Самрук Казына” зэрэг уул уурхай, ашигт малтмалын салбарт тэргүүлэгч компаниудын жишгээр үйл ажиллагаагаа өөрчлөн зохион байгуулахаар зорьж байна.

 “Эрдэнэс Монгол” нэгдэл нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Ашид” ХХК, “Эрдэнэс Стийл” ХХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК зэрэг охин болон хараат компаниудаас бүрдэх бөгөөд 34-100 хувийг эзэмшдэг. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замыг эзэмшиж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)