С.Батбаатар: УИХ-ын дарга шүүгчид 125 сая долларын авлига авсан тухай яриагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ талаар тайлбар хийсэн юм. Тэрээр  "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаад 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр шүүгчид авлига авсан баримт байгаа учраас ийм шийдвэр гаргасан юм. Үүний найман шүүгч нь Салхитын мөнгөний ордтой холбоотой. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгахаас өөр арга байхгүй" гэсэн юм. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Долоон шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь баримтаар нотлогдсон" гэж хэлсэн мэтээр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийлээ. 

Тэрээр "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг УИХ-ын гишүүд тойрогтоо зохион байгуулж байна. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх олонхи нь өөрчлөлтийг хугацаа алдаж, хойшлуулалгүй хийх нь зөв гэж дэмжиж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ үеэр төрд хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, засаглалын институцүүдийн харилцан хяналт-тэнцэл, төрийн тогтвортой байдлыг хангах талаар голлон тайлбарласан. Түүн дотроо УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, шүүх эрх мэдлийн байгууллагад шударга ёсыг бэхжүүлэх, хараат бус байдлыг хангах чиглэлээр асуултад хариулах үеэрээ онцолж ярьсан юм. Иргэдээс шүүх байгууллагыг шинэчлэх, шүүгчийн ёс зүйг зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх талаарх асуудлыг олонтаа хөндөж байгааг тэрбээр хэлж, эдгээр саналыг дэмжиж байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн. Түүнээс Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдүүдээс долоон шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай яриагүй болно. Ийнхүү зориуд санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж байгаад харамсаж, албан ёсны няцаалт хийж байна. Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмтэн, буруутан гэж үзэх ёсгүй" гэлээ.

    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Би авсан. Одоо жаргаж байна.

    0 0 Хариу бичих