Худалдааны дайнд хэн хожиж байна вэ?

Худалдааны дайнд ялагч үгүй. Энэ үгийг дорныхон байнга хэлж буй. Америкийн худалдаа эрхлэгчид ч мөн хохирол амсч байгаа тул төрийн тэргүүндээ элдэв төрлийн татвараа зогсоох өргөх бичиг бариад байна.  ОУВС-гийн гаргасан тайлангаар, дэлхийн экспорт 2009 оны хямралын өмнөх шиг үнэмлэхүй бага төвшинд очжээ. Ялангуяа дэлхийн эдийн засагт эзлэх жин ихтэй өндөр хөгжилтэй орнуудад энэ байдал илүүтэй ажиглагдаж байгааг тайланд тэмдэглэсэн байна. “Bloomberg Economics”-ийн шинжээчдийн тооцоолсноор, АНУ-БНХАУ-ын худалдааны бараа эргэлт нь дэлхийн нийт бараа, үйлчилгээний худалдааны 1 хувь. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн барааны 4 хувь нь АНУ руу экспортод гарч байна. БНХАУ-д үйлдвэрлэл доголдож гэмээ нь тэдэнтэй холбоотой Азийн бусад улсууд, ялангуяа БНСУ, Тайвань хүртэл том хохирол амсах гэнэ. АНУ ч ялгаагүй.

Нийт дүнгээр нь харахад бага юм шиг хэрнээ тодорхой нэг салбаруудаар авч үзвэл БНХАУ-аас багагүй хамааралтай байдаг. Тухайлбал, дэлхийн хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 5.1 хувь нь БНХАУ руу гардаг байна. Ирээдүйн хувьд иймэрхүү төсөөллүүд байгаа бол дайн яг болоогүй ч сургаар нь өнгөрсөн жилийн хугацаанд гарсан үр дагавар ч байна. Тухайлбал, БНХАУ-д үйлдвэрлэлийн өсөлт удааширчээ. Өнгөрсөн жил 8.5 хувьтай байсан өсөлт энэ оны эхний гурван сард 5.4 хувьтай гарсан байна. Энэ удаашрал түүхий эд олборлолт болон боловсруулах үйлдвэрлэлийн аль алинд ажиглагдаж байгааг “Bloomberg Economics” тэмдэглэсэн байна. БНХАУ хэдэн жилийн өмнө эдийн засгийн бодлогодоо томоохон өөрчлөлт хийж, дотоодын буюу үйлчилгээ, хэрэглээний салбараа илүү хөгжүүлэх болсон. Өөөрчлөлт нь одоо ч үргэлжилж байгаа. Гэсэн ч одоохондоо экспортоос маш их хамааралтай байгаа учир үйлдвэрлэлийн бууралт жижиглэн худалдааны салбарт нь ч нөлөөлсөн байна. Энэ салбар оны эхний гурван сард 7.2 хувиар л өссөн нь сүүлийн 16 жилд байгаагүй муу үзүүлэлт аж. Гэтэл өнгөрсөн жил 8.7 хувьтай байжээ. БНХАУ-ын энэ сөрөг байдал Евро бүсийн орнуудаас ХБНГУ-д хамгийн ихээр нөлөөлжээ. Хятадаас болоод эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эгээтэй л хасах руу орчихоогүй гэнэ. Еврокомиссын гаргасан дүгнэлтээр 2019 онд тус улсын эдийн засаг 0.5 хувиар л өсөхөөр байгаа нь чухам БНХАУ-тай холбоотой юм. АНУ-ын хувьд байдал арай дээр ч хохироогүй гэсэн үг биш. ОУВС- гийн гаргасан тооцооллоор, хоёр тал нэг нэгнийхээ импортын бүх бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулбал АНУ-ын эдийн засаг 0.3-0.6, БНХАУ-ынх 0.5-1.5 хувиар буурах аж. Худалдаанаас хамааралтай улсуудаас хөрөнгө гадагш урсаж байна. “Jeffer­ies”, Олон улсын санхүүгийн институт (IIF) судалгааны байгууллагын гаргасан тайлангаар, дэлхийн хөрөнгийн зах зээлд баялгийн томоохон шилжилт хийгдээд эхэлжээ. “Худалдааны дайн” болох магадлал нэмэгдсэнээс хойш буюу сүүлийн хоёр долоо хоногт нийт 22.6 тэрбум ам.долларын хөрөнгө нэг улсаас нөгөөд шилжсэн байна. Ингэхдээ худалдаанаас илүү хамааралтай улсуудад хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал идэвхжих байдал ажиглагдсан байна. Энэ нь зах зээлд оролцогчид “Худалдааны дайн”-ы аюул илүү бодитой болсныг ойлгож, арга хэмжээ авч эхэлсний илрэл гэж дээрх тайланд дүгнэжээ.

“Тэнэсэн суманд өртөгсөд”

“Oxford Economics” цахим хуудсанд өгүүлснээр худалдааны дайны улмаас дэлхийн нийт ДНБ 0.5 хувиар хасагдана гэж тэмдэглэжээ. Мөн АНУ-ын ДНБ 0.5 хувиар, Хятадынх 1.2 хувиар багасна гэсэн байна. Мөн л Япон, Солонгосын электроникийн компаниуд худалдааны дайны “тэнэсэн суманд” өртөж байгаа аж. Урд хөршийн жижиг үйлдвэрүүдэд татвар хамгийн хүндээр тусна гэж эдийн засагчид хэлж байна. Учир нь эдгээр үйлдвэр экспортоос ихэд хамааралтайн дээр санхүүгийн зах зээл чангарч байгаагийн улмаас зээлийн хүртээмж муудсан нь хүндээр тусах шалтгаан болж байгаа гэжээ. Монгол Улсын хувьд мөн л эерэг гэхээсээ сөрөг тал илүү гэсэн дүгнэлт байна. Америк Хятадын худалдааны дайн гүнзгийрэх нь манай улсад гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний экспортын бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ буурах байдлаар эхний нөлөөллөө үзүүлж байна. Улмаар эдийн засгийн бүхий л салбарт тодорхойгүй байдал, хүлээлт, эрсдэл үүсгэж байгаа нь ганц манайх гэлтгүй дэлхий даяараа амсаж буй үр дагавар.

Хамгийн сүүлийн байдлаар гэхэд, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо Төвбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргаад байна. Гадаад зах зээл дээр тодорхойгүй байдал, худалдааны дайн өрнөж байгаа тул санхүүгийн нөөцөө арвижуулахыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд нэр бүхий эдийн засагчид зөвлөж байна.

АНУ-ын Холбооны Нөөцийн банкны Мөнгөний бодлогын хороонд Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс бодлогын хүүгээ бууруулах ёстой гэсэн шаардлага тавьж, хэрэв бодлогын хүүг бууруулах алхам хийхгүй бол захирал Ж.Пауллыг өөрчлөх асуудлыг ч хөндөж магадгүй гэж судлаачид үзэж буй юм.

БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч  Гао Фэн Вашингтоны зүгээс үзүүлэх ямар ч дарамтад хятад улс буулт хийхгүй

Америкийн Сангийн сайд  Стив Мнучин

Хэрэв Хятад улстай хийж байгаа худалдааны хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсад дахин нэмэгдэл татварын цохилт өгөхөд бэлэн байгаа.

ОУВС-гийн гүйцэтгэх захирал К.Лагард

Тулгарч байгаа эрсдэлүүд: Үргэлжилж байгаа худалдааны маргаан, хоёрт хэт нам түвшинд байгаа зээлийн хүү, өндөр хөгжилтэй орнуудад нэмэгдэж байгаа өрийн түвшин, хөгжиж буй орнуудын санхүүгийн байдал эмзэг байгаа зэрэг эрсдэл байна. Эдгээр эрсдэлийг зохистой удирдахын тулд юуны өмнө хурцдаад байгаа худалдааны маргааныг намжаах, тогтоогоод байгаа татварыг хүчингүй болгох, шинээр нэмж татвар ногдуулахаас сэргийлэх явдал юм.

Худалдааны дайнд хэн хожиж байна вэ?

Худалдааны дайнд ялагч үгүй хэдий ч ашиг орлого нь нэмэгдсэн улс орнуудыг Японы нэр хүндтэй “Номура” сайт нэрлэжээ. Худалдааны дайнаас хамгийн их хожиж байгаа орноор Вьетнам тодроод байна. Удаах нь Тайвань, Чили, Малайз, Аргентин. Тухайлбал, Вьетнам, Тайвань Америкийн зах зээл дээр бараагаа борлуулах нь ихэссэн бол Чили, Малайз, Аргентин улсууд БНХАУ-ын зах зээл рүү экспортоо нэмжээ. Чили гэхэд л зэсийн хүдрийн экспортоо нэмэгдүүлснээр тухайн улсын ДНБ-ий өсөлтөд нөлөөлсөн. Чили урд хөрш руу зэсийн хүдрийн экспортоо нэмэгдүүлсэн нь манай улсад лав сайн мэдээ биш юм.

Худалдааны дайнаас хожоо олж буй таван орны экспорт эдгээр нэр төрлөөр нэмэгджээ:

1. Вьетнам: гар утасны сэлбэг, тавилга, машины эд анги

2. Тайвань: бичгийн машин, албан тасалгааны хэрэгсэл, гар утасны сэлбэг

3. Чили: зэсийн хүдэр, шар буурцаг

4. Малайз: электрон эд анги

5. Аргентин: шар буурцаг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)