Ц.Батнайрамдал: “Legend” Монгол дахь соёлын аялал жуулчлалын брэнд болно

"Legend" төслийн найруулагч Ц.Батнайрамдалтай ярилцлаа.

-Зунд соёлын арга хэмжээний тоо ихэсдэг. Эдгээрээс  “Legend” төсөл юугаараа онцгой вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Сүүлийн үед Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Гэхдээ жуулчдад үзэж, харж үнэлэх зүйл ховор байдаг. Жилийн жилд нэг л зүйлээ үзүүлдэг. Жуулчдаас манай судалгааны баг асуулга авахад нэг жуулчин Монголд 4-5 удаа ирдэг. Тэгээд нэг үзсэн юмаа л үздэг тухайгаа ярьсан. Зарим дуунуудынх нь аяыг хүртэл тогтоогоод, ингэж эхлээд ингэж дуусдаг гээд бүр мэддэг болтлоо үзсэн байна. Ингэхээр жуулчдад шинэ зүйл хэрэгтэй байна. Тиймээс бид шинэ зүйл хийж жуулчдыг татъя гэж төслөө санаачилсан. “Legend” төслөөрөө Монголын үндэсний урлагаа орчин үеийн урлагтай хослуулаад шинэлэг тоглолт хийхээр зорин, ажиллаж байна. Энэ тоглолт нь жуулчдыг татахаас гадна үндэсний урлагаа синтез хэлбэрт оруулж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд дөхөм болно. Мөн Монголчууддаа ардын урлагынхаа хөгжил, гайхамшигийг гайхуулах зорилго ч бий. Бид энэ шоундаа ЮНЕСКО-д бүртгэлтэй хөөмий, морин хуур, цуур, бие биелгээ, уртын дууг түлхүү оруулж, сурталчлан таниулна6

-Тоглолтын жанр их сонирхолтой харагдсан?

-Монгол урлагийн урсгал чиглэлүүд нэгдэж, нэг зохиол дээр зангилагдаж, үзэгчдэд хүрэх нь манай тоглолтын бас нэгэн онцлог. Бид билгүүн номч Б.Ринчений “Бэр цэцэг” зохиолоос тоглолтын санаагаа авсан. Ерөнхийдөө эхлээд дуусталаа тэр зохиолын өгүүлэмжээр явна. Харин дотроо урлагийн маш олон төрлийг агуулна. Дундаа зөрчил, тайлал гээд бүх үйл явдал хөвөрнө. Тухайлбал, ардын дууны цаадах гүнд буй утгад “Бэр цэцэг”-ийн үйл явдлыг уялдуулах л тухай. Энэ бол цоо шинэ зүйл.

-Оролцогчдын хувьд ямар уран бүтээлчид байгаа вэ?

-Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа. Нийт 120 уран бүтээлч нэгдсэн. Манай уран бүтээлчид бол Монголынхоо урлагт өөрийн гэсэн байр сууриа олсон хүмүүс байгаа. Ер нь дэлхийн жишиг нэгдэн нийлж, үндэсний урлагаа өөр түвшинд хүргэхэд чиглэсэн. Бид ч энэ жишгийг сонгосон. Хөгжмийн удирдаачаар Морин хуурын чуулгын удирдаач Түвшинсайхан ажиллаж байгаа. Хөгжмийн багийг тэр хүн хариуцна. Дээрээс нь дуучид үүнд багтаж байгаа. Үндэсний хэмжээний шоу хийхэд техник хэрэгсэл маш чухал байдаг. Тэгээд хамгийн нийцтэй бөгөөд тохирох нь “Корпорейт” юм билээ. Мөн манай шоуны хувцас их сонин. Өмнө нь театрт ерөнхий зураач зурагны скиз гаргаад хувцасаа хийдэг байсан бол одоо хувцас дизайны түвшинд хүрсэн. Манай шоунд дизайны бүрэн баг ажиллаж байгаа.

-Урлаг бол хэлгүйгээр ч ойлгогддог гэдэг. Монгол хэл мэдэхгүй ч хөгжмийн ая, эгшиг, бүжгийн хөдөлгөөнөөр тухайн агуулгыг ойлгодог. Гэсэн хэдий ч дууны үгийг ойлгох хэрэгцээ, хүсэл хүнд байдаг шүү дээ. Тэгэхээр жуулчдад ойртуулах шийдлын тал дээр яаж ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Аливаа нэгэн ардын дууг Монголчууд үгээр нь дамжуулж ойлгоод, “Энэ яасан зовлон нь дуусдаггүй хүүхэн бэ” гээд л яриад мэдэрдэг шүү дээ. Харин гаднынхан үүнийг ойлгоход хэцүү л дээ. Тиймээс биеийн хэлэмжээр гаднынханд ойлгуулна. Шоуны 90 орчим хувь нь биеийн хэлээр илэрхийлэгдэнэ. Тиймээс ямар ч гаднын хүн түүнийг орчуулгагүй ойлгох боломжтой.

-Аялал жуулчлалын компаниудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Нийслэлийн аялал жуулчлалын газар, холбоо болон Гадаад харилцааны яам жуулчидтай холбож өгч байгаа. МИАТ манай танилцуулгыг мөн жуулчдад түгээх тал дээр дэмжлэг үзүүлж байна. Мөн үндэсний хөрөнгө оруулагчид маш их дэмжиж байгаа. Үндэсний урлагаа хөгжүүлэхэд ийнхүү тал талаасаа нэгдээд зүтгэж байна. Түүнчлэн бид ийм сайхан шоу хийж болохуйц орчин үетэй хөл нийлүүлсэн сайхан театр байгаад бахархалтай байна. Хэрэв “Корпорейт” ийм гоё орчин үеийн шийдэлтэй байгаагүй бол шоугаа хаана хийх билээ дээ.

-Аялал жуулчлалын салбарт урлагийн оролцоо их шүү дээ?

-Тийм шүү. Азийн орнуудад үндэсний өв соёлоо ийм шоу хэлбэрт оруулж, жуулчдыг татах жишиг дэлгэрсэн. Энэ нь эцэстээ том том брэнд болоод явж байна. Жишээлбэл, хэнч мэдэхгүй зүгээр нэг ойд “Аватор” киног хийгээд танигдангуут, Хятадын Засгийн газар түүнийг нь соргогоор хүлээж аваад жуулчны том брэндийг босгосон. Тэгээд түүнийг дагасан Хятадын суурин соёл иргэншлээс гадна бөглүү ойд амьдардаг байсан хүмүүсийн соёлыг харуулахын тулд тэр ойд нь шоу хийгээд жуулчидаа татаж байна. Үүн шиг томоохон шоуг Монголчууд хийх цаг нь болсон. Тэгэхгүйгээр жуулчдаа хэчнээн мянган км давхиулаад нэг чулуун дээр аваачаад үүний хажууд улс байсан юм гэж яриад байж болохгүй л дээ. Тэнд ямар улс гүрэн, ямар соёл байсан юм гэдгийг босгож ирж,  орлуулсан интертайнмэнт хөтөлбөрөөр таниулж байж л соёлоо түгээнэ. Тэгээд тэр нь дараа нь ирэхэд нь сэтгэлийг татах зүйл болдог. “Legend” Монгол дахь соёлын аялал жуулчлалын брэнд болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ene nuhur bytehgui dee harjil bharai

    0 0 Хариу бичих