О.Солонго: "Legend" шоуны хувцас Монгол гэдэг утга агуулгыг өнгөөр илэрхийлнэ

Үндэсний урлагийг орчин үетэй, дэлхийн сонгодогтой уясан  “Legend” тоглолт наадмын үеэр буюу энэ сарын 7-12-нд “Корпорейт”-ын тайзнаас үзэгчдэд хүрэх юм. Энэ тоглолтоор нүүдэлчдийн язгуур урлаг орчин үеийн хэлбэрт уусан шингэж театр, хөгжим, дуу, шинэ үеийн бүжиг, балет, уран нугаралт, акробат хослон зохирсон цогц хэлбэрийн энтертайнмент шоу тоглолт болон мэндэлнэ. Энэхүү шоу тоглолт Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, эрдэмтэн Б.Ренчиний ариун сэтгэл, хагацашгүй хайрын бэлэгдэл  “Бэр цэцэг”-ийн домгийг өгүүлж үзэгчдийн мэлмийг нээнэ. Шоуны  ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн найруулагчаар Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан тэргүүтэй 100 гаруй уран бүтээлч хамтарна. Энэ удаадаа бид эдгээр уран бүтээлчдээс шоуны хувцасыг урлаж буй дизайны багийг онцолж байна. Шоуны дизайныг “Art couture” загварын холбооны дизайнерууд урлаж байгаа юм. Тус холбооны дизейнер М.Баярцэцэг, О.Солонго  нартай ярилцсанаа хүргэе.

-“Legend” бол үндэсний урлагийг орчин үетэй хослуулж буй шоу. Тэгэхээр шоуны, уран бүтээлийн утгыг илэрхийлэх хувцас ямар хэв маягтай байх нь сонин байна л даа. Энэ талаар сонирхуулаач?

-М.Б: Хувцасны тухайд ер нь үндэсний  хэв маягтай. Гэхдээ үндэсний хэв маягийг агуулсан өмнө нь гарч байгаагүй загвар байх юм. Өмнө нь бол үндэсний хэв маягийг агуулсан модерн загварууд гарч байсан л даа. Бид түүнийг давтахгүй. Товчхон хэлэхэд, харахад үндэсний юм шиг хэрнээ уламжлалт сэтгэлгээнээс нэлээн холдсон гэж ойлгож болно.

- О.С: Хувцасаа орчин үеийн буюу энэ цагийн хүмүүсийн сэтгэлгээнд нийцсэн байдлаар хийж байна . Мэдээж ингэхдээ өмнө нь давтагдаагүй шинэ загварыг гаргахыг хичээн ажиллаж байгаа. Дээрээс нь бид хувцас урлахдаа Монгол гэдэг утга агуулгыг өнгөөр илэрхийлнэ. Өнгө бол үндэстний далд ухамсарт байдаг. Манай тоглолтын бүх тавилтууд хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлөхийг зорьж байгаа болохоор хувцасаараа дамжуулж ч энэ байдлыг бий болгохоор ажиллаж байна. Бид маш их судалгаа хийсэн. Дүр бүр дээр судалгаа хийж хувцасны загвар гарсан.

-Жишээлбэл ямар байх вэ. Аливаа нэгэн дүр дээр ангилан тайлбарлабал?

-М.Б: Манай шоун дээр гарах олон арван дүрээс Бадарчингийн дүрийг онцолж яръя. Бадарчин бол үлгэрт ч, кинонд ч тэр ер нь нэг хэвшсэн дүрээр хүмүүст буудаг. Өнөөх л лам малгай тавьсан, улаан, шар хосолсон дээлтэй ч юм уу. Бадарчин гэхээр санаанд нь нэг тийм л хувцастай хүн буудаг шүү дээ. Харин бид энэ удаад тэр хэвшмэл ойлголтыг “эвдэх”-ийг хүсэж байна. Арай өөр Бадарчинг хүмүүст харуулна. Энэ мэт хувцасаа хийж байна. Гол дүрийн хоёр, мөн зохиолын хамгийн утга учиртай дүр болох удган, зайрангийн гэх мэт дүрүүд байгаа. Бүжигчид, жүжигчдээс гадна дуучдын хувцасыг тоглолтод зохицсон байдлаар урлаж байна.

-Дизайны бүрэлдэхүүнд хэчнээн хүн багтаж байна вэ?

-М.Б: Манай дизайны баг дөрвүүлээ ажиллаж байна. Салбар салбарын өөр өөр үзэл бодолтой хүмүүс нийлээд энэ шоунд ажиллаж байгаа. Анхнаасаа маш сайн ойлголцож, ажил урагштай байгаа.

- Баг болж ажиллахад ямар байв?

-М.Б: Бид маш амархан ойлголцож цөм болж чадсан. Гар ч сайхан нийлж байгаа.

-О.С: Яг нэг зүйлийг бодож, дотроо хүсэж явдаг хүмүүс энэ шоун дээр нэгдэж чадсан гэж бодож байна.

-Бэлтгэл ажил нь ямар шатандаа явж байна вэ?

-М.Б: Одоо бол хувцас урлах ажил дуусах шатандаа явж байна. Хугацаа богинохон байсан тул бүгд шаргуу ажилласан.

-О.С: Хосын хайр сэтгэл, хагацаж буй гунигт байдлыг бүжгээр бол хөдөлгөөнөөр илэрхийлээд хүмүүст ойлгуулна. Тэгвэл энэ байдлыг мөн хувцасаар шууд илэрхийлж болох юм.

-Монголын хувцас урлалын салбарын өнөөгийн байдал, зах зээлийн талаар дта хоёроос асуухгүй өнгөрч болохгүй байх?

-О.С: Миний бодлоор бол залуучууд аливаа хийх гэж буй зүйлийнхээ талаар сайн судлах хэрэгтэй байх. Дан худалдааны чиглэлд анхаарахаас гадна уран бүтээлч хандлагатай байгаасай гэж хүсдэг. Гэхдээ нэг хэсэг нь шүү дээ. Миний харж байгаагаар бол Монгол дизайнууд дотооддоо хэрэглээгээ хангаж чадахгүй байж, тус тусдаа дэлхийд гарах гээд байгаа нь шүүмжлэлтэй санагддаг. Дотоодод үйлдвэрлэх хүчин чадал сайн биш л дээ.

-М.Б: Хувцас урлалын энэ салбарт орсноосоо хойш би Үндэсний хувцаснаас салаагүй. Уламжлалт хувцасаараа л дагнасан. Хувь дизайныхаа хувьд бол үндэсний хэмжээний томоохон бүтээл хийж, салбартаа хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог.

-Манайх импортын хувцасны хэрэглээгээ хангадаг болохоор магадгүй энэ салбарынханд боломж хомс байна уу?

-О.С: Дотоодод зах зээл хангалттай байгаа. Хүмүүс худалдаж авна. Харин хүмүүсийн хэрэглээнд нийцүүлэх талаас нь нэгж бүтээгдэхүүний үнийг тааруулах л асуудал дутагдаад байгаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Amjilt husey! Uneheer ih sonirhoj baina. :-)

    0 0 Хариу бичих