Хөгжлийн бодлогыг Үндсэн хуулиар “хашъя”

Энэ парламентын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ барьж авсан том сэдэв нь Үндсэн хууль яах аргагүй мөн. Эхэн үедээ эдийн засгаа сэргээх чиглэлд ажилласан УИХ яг одоо бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр бол төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараагаас хийж эхлэх Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь олонхийн бүлэг хүлээн авчээ. Тэр хүртэл УИХ-ын долоон Байнгын хороо болон дэд ажлын хэсгүүд дээр гарсан 100 гаруй зарчмын зөрүүтэй саналыг “цэгцлэх” чиглэлд УИХ ажиллаж буйг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.

Нэгэнт өргөн баригдсан төслийг тасралтгүй хэлэлцэх хуультай учраас УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хааж, ээлжит бус чуулган мөн л өнөөдөр эхлэх нь. Тиймээс ч Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ганц санааг энд өгүүлье.

1992 оны шинэ Үндсэн хуулиар монголчуудын олж авсан онцгой нэг зүйл зах зээлийн эдийн засаг. Хүн бүр хувьдаа өмчтэй, улс нь зах зээлийн зарчмаар хөгжих бодлоготой байхыг зөвшөөрсөн хууль эрх зүйн орчин бүрэлдээд удаж байна. Гэвч том зургаар нь харвал эдийн засгийн өнөөдрийн сулбагар байдал ч эргээд Үндсэн хуультай зарим талаар холбогдоод байгаа юм. Шулуухан хэлэхэд, Үндсэн хуулиас гэхээс илүүтэй Үндсэн хуулиар нарийвчилж хашиж өгөөгүй нь улстөрчдөд олз болоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Засгийн газар солигдох болгонд, шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжих бүрт өмнөх бодлогоо үгүйсгэсэнгүй, үгүйдээ л “засвар” оруулдаг байдал явсаар ирлээ. Энэ нь эргээд Монгол Улсын хөгжлийн дунд, урт хугацааны зорилтууд алдагдахад хүргэсэн гэдэг ч үнэн. Тиймээс ч УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлттэй холбогдуулан эдийн засгийн урт, дунд хугацааны чиглэлд тогтвортой бодлого хэрэгтэй байгааг өгүүлсэн юм. Энэ талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэж огт байдаггүй. Иймд бид төслийн 25.1.7-д Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг агуулгыг оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан бүтцийг бий болгохоор томьёолол дээр нь ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлон ямар нэг Засгийн газар, улс төрөөс үл хамааран УИХ-аар батлуулдаг бүтэцтэй байх шаардлагатай байна” гэсэн байна лээ. УИХ-ын нэр бүхий гишүүд ч Үндсэн хуулийн төсөлд тусгуулахаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжлийн урт болон дунд хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой, залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагатай байна” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжээд байгаа юм.

Хэрэв ийм агуулгатай заалт Үндсэн хуульд тусчихвал эргээд улс төрөөс болж төрийн бодлого гацдаг, зогсдог, өөрчлөгддөг байдал үгүй болох сайн талтай. Учир нь, сонгууль бүрийн дараа засгийн эрх нэг намаас нөгөөд шилжих, үгүйдээ л нэг намын хоёр дахь Засгийн газар байгуулагдах болгонд “асуудал” дагаж байгаа нь нуух аргагүй үнэн. Мега төслүүд дээр энэ нь бүр илүүтэй мэдрэгдэж, том төслүүд хөдлөх биш хөшчихөөд байгааг монголчууд “арьсан” дээрээ мэдэрч байгаа ард түмэн. Тиймээс ч Үндсэн хуульд хэрвээ дунд, урт хугацааны хөтөлбөрийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөнө гээд заагаад өгчихвөл, нэг ёсондоо дунд, урт хугацааны хөтөлбөрөө хамгаалаад “хашаа”-д өгчихвөл улстөржилтөөс хамаарч хөгжил “зогсдог” байдал үгүй болох сайн талтай юм.

Үндсэн хуулийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар ганцхан санаа өгүүлэхэд ийм байна. Үүнээс гадна УИХ улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нэмэлт, өөрчлөлт оруулах санал төсөлд бий. Энэ заалт ч бас УИХ-аар төсөл хэлэлцэх бүрт тойрог руугаа хөрөнгө татах гэж төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулдаг байдлыг алга болгох сайн талтай. Үүнээс гадна Үндсэн хуулийн эдийн засгийн ойлголтын талаар судлаач, хуульчид өмнө хийгээд одоо юу өгүүлж байсныг эцэст нь цухас хүргэе.

БАЙР СУУРЬ

Хуульч О.Мөнхсайхан:

-Сангийн яаман дээр тооцоо, судалгаагаа хийгээд төсвийн төсөл оруулаад ирэхээр гишүүд тойрог руугаа татаж бужигнуулдаг. Үрэлгэн, хөгжлийн бодлоготой уяагүй төсвийн гол шалтгаан энэ л дээ. Үүнийг зогсоохын тулд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлага нэмэгдүүлэх, зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглож өгч байгаа. Энэ мэт өөрчлөлт батлагдвал нийгэм, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ямар ч олонх, эвсэл УИХ-д гарч ирсэн бодлогын хэрэгжилт алдагдахгүй гэсэн үг.

/2019.06.29/

Хуульч Д.Оросоо:

-Үндсэн хууль, эдийн засаг хоёр салшгүй уялдаатай. Бид Үндсэн хуулийн эдийн засгийн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна. Ер нь Үндсэн хуулийн эдийн засгийн онолд улс орны төсөв, татвар, өр зээл, байгалийн баялагтай холбоотой эдийн засгийн гол асуудлыг шийдвэрлэх зарчим, стандарт, хязгаарлалт, зохицуулалтыг Үндсэн хуульд заавал тусгаж өгөх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар төрийн эдийн засгийн эрх мэдлийг хянаж, хязгаарлах ёстой гэдэг юм. Төрийн эдийн засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хянаж хязгаарлаагүйгээс төр дур зоргоор ажиллах үндэс бүрдэж, улмаар улсын төсвийг алдагдалтай батлах нь хэвийн үзэгдэл болж хувирдаг, чөлөөт зах зээлийн зарчмаар явж буй бизнесийн үйл ажиллагаатай төр хутгалдаж, хувийн хэвшилтэй өрсөлдөнө, байгалийн баялгаа өөрсдөө ашиглаж чадахгүй даяаршлын эргүүлэгт алдчихна, өрийн дарамтад орох өндөр эрсдэл учирдаг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Ийм үр дагавар бий болдог учраас Үндсэн хуульд эдийн засагтай холбоотойгоор төрийн эрх мэдлийн хязгаарлалт, стандарт, зарчмыг тусгах шаардлагатай.

/2017.01.13/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)