“Ливерпүүл”-ийн амжилтын нууц: Дампуурлын ирмэгээс алдрын оргилд хүрсэн есөн жил

Хөлбөмбөгт гоёмсог тоглолт, амжилт хоёр нэг багт цогцлох нь ховор. Өнөөдрийн “Ливерпүүл”-д энэ бүхэн цогцлоод байна. Эртний уламжлалтай энэ баг сүүлийн хоёр жил Европын хөлөмбөгийн тавцанд гайхамшигтай гоёмсог тоглож, үзэгдэл болсныхоо ачаар амжилт, алдар нэр, мөнгө гээд бүхнийг өөрийн болгож, дэлхий даяар хөгжөөн дэмжгчдийн бүхэл бүтэн шинэ үеийг буй болгож чадсан билээ. Энэ удаа спортын ертөнцийн хамгийн халуун сэдэв байсаар буй энэхүү багийн амжилтын нууцыг уншигчиддаа нээж байгаадаа таатай байна.

“Заримдаа чи ганцаар алхана”

2010 оны аравдугаар сар.

“Ливерпүүл” “Энфильд”-дээ “Блэкпүүл”-д хожигдож (1:2) хасагдах бүс рүү унав. “Ливерпүүл” сүүлийн 50 жилд гараалсан нь энэ байв. Дараахан нь дөрөвдүгээр дивизионы “Нортхэмптон” хэмээх сураггүй багт хожигдож (2:2, пенальтиар), “Лигийн цом”-ын тэмцээнээс хасагджээ. “Коп”-уудын хувьд энэ нь хар дарсан зүүд байлаа. Гэхдээ харамсалтай нь, энэ бүхэн багийн туулах шавар балчгийн дөнгөж эхлэл байжээ.

АНУ-ын бизнесмэн Том Хикс Жорж Жилетт нар багийг 2007 онд 220 сая фунтээр худалдаж авснаас хойш багийн амжилт уруудаж, өр ширэндээ баригджээ. Тэр жил ганц Шотландын “Royal Bank of Scotland” банкинд тавьсан өр нь л гэхэд 2010 оны нэгдүгээр сард 280 сая фунтэд хүрч, харж үзэхийг гуйснаар эхлээд гуравдугаар сар хүртэл, дараа нь дахин долоон сарын хугацаа авсан байв. Гол нь шинэ улиралд багийн амжилтаа ахиулж, санхүүгийн байдлаа дээшлүүлнэ гэж найдсаны үндсэн дээр ийнхүү гуйж гувшсан аж. Гэтэл улирал эхлээд байдал дээрдсэнгүй. Эхэнд өгүүлсэн бүтэлгүйтэл ээлж дараалан тохиож, өрөө төлөх ямар ч боломжгүй болжээ. Дахиад жаахан л азнахад “Энфильд” гаднын удирдлагад очих нь ойлгомжтой болсон бөгөөд энэ нь ч удалгүй биелэв.

Т.Хикс, Ж.Жилетт нар захирлуудын зөвлөлд нөлөөгөө алдаж, саналын эрхээ хураалган өдгөө “Fenway Sports Group” гэж нэрлэгдэх болсон АНУ-ын компанид багийн удирдлагыг шилжүүлэв. Жон Хенри хэмээх спортод элэгтэй эзэн “Ливерпүүл”-ийг авч, Том Хикс, Жорж Жилетт гэсэн хөлбөмбөгийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж хардаг хүмүүс холдож зайлжээ. Жон Хенри болон түүний хамтрагчид багийг эзэмшихийн тулд 300 сая фунтын өрийг дарсан тул Том Хикс, Жорж Жилетт нар наймаанаас сохор зоос ч авсангүй. Тэр бүү хэл олон жилийн дараа Том Хикс “Ливерпүүл”-тэй холбоотой нэгэн зээлийг төлөхийн тулд сард 125 мянган паунд төлсөөр байсан гэдэг.

2019 оны тавдугаар сар.

“Ливерпүүл” дампуурлаас алсалж холджээ. Ливерпүүлийн баг хөлбөмбөгийн түүхэнд нэг улиралд 100 сая фунтээс дээш цэвэр ашиг хийсэн анхны баг (Тодруулбал 106 сая фунт бөгөөд дараахан нь “Тоттенхэм” 113 сая фунт болгож ахиулсан) болов. Сүүлийн улиралд “Премьер лиг”-ийн 27 жилийн түүхийн 25-д нь түрүүлэх хэмжээний өндөр оноо авч аман хүзүүдэж, “Аваргуудын лиг”-т түрүүлэв.

Сүйрлийн ирмэгт байсан багийг ийм богино хугцаанд амжилт, алдрын оргилд хэн, хэрхэн гаргав аа.

Авралын од буюу хөгжөөн дэмжигчийн бичсэн захиа

“Коп”-ууд жил бүрийн наймдугаар сарын 9-ний өдрийг баярын өдөр болгож тэмдэглэвээс зохилтой. 2010 оны чухам энэ өдөр нэгэн хөгжөөн дэмжигчийн бичсэн захианы ачаар дампуурлаас аврагдаж, өнөөгийн амжилтын эхлэлийг тавьсан учраас тэр юм.

Бейсболын “Бостон Ред Сокс” багийн хамтын ажиллагаа, худалдааны хэлтсийг хариуцаж ажилладаг Жо Янушевски гэгч эр “Ливерпүүл”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд албан газартаа ч улаан өнгийн хувцас өмсөж явдаг нэгэн байжээ. Тэрээр хайртай баг нь дампуурлын ирмэгт ирснийг мэдээд сэтгэл нь ихэд зовж, багийн эзэн Жон Хенри рүүгээ боломж гарсан дээр нь багийн хувьцааг худалдаж авахыг зөвлөсөн цахим захидал бичсэн байна.

Эзэн нь Европын хөлбөмбөгийн талаар ойлголт багатай тул зөвхөн “Миний хайртай баг дампуурах гээд байна, авраач” гэж хашгирах нь хангалтгүй гэдгийг Жо ойлгож байсан юм. Тиймээс захиандаа “Ливерпүүл”-ийн ялгуусан замнал, хөлбөмбөгийн ертөнцөд эзлэх байр суурийг нь дурдаад ийм боломж дахиж гарахгүй гэх мэтээр сайтар ятгасан үгсийг урсгасан аж.

Хожим Жо Янушевски энэ үеийг “Би захиандаа ийм боломжийг алдаж болохгүй гэдэг санааг илэрхийлэхийг хичээсэн. Хэрвээ санаснаар болж гэмээ нь, маш яаралтай Ливерпүүл нисэх хэрэг гарна хэмээн горьдож, чемодандаа хамаг зүйлсээ бэлэн зэхээд байлгаж байлаа. Гэхдээ үнэн хэрэгтээ бол багийг худалдаад авах боломжтой хэн нэгэн гарч ирнэ гэдэгт итгэхгүй байсан юм. Энэ бол биелэшгүй мөрөөдөл байв. Би захиагаараа зүгээр л сэтгэлийн шаналлаа гаргасан юм” хэмээн дурссан байдаг. Гэтэл гайхалтай зүйл болж, биелшгүй мөрөөдөл нь биелжээ.

Жон Хенри захидлыг уншсан даруйдаа менежерүүддээ нөхцөл байдлыг судлахыг үүрэгдэж, захидал бичигдсэнээс 66 хоногийн дараа гэхэд 300 сая фунтын гэрээнд гарын үсэг зураад сууж байв.

“Энэ мөчийг юу гэж илэрхийлэхээ би мэдэхгүй юм. Гайхалтай... Галзуурмаар... Гэрээнд гарын үсэг зурсны ердөө маргааш нь Жонтой хамт Мелвүүд дэх бэлтгэлийн баазад давхиад оччихсон, бие биеэ хараад “Энэ үнэхээр болчихлоо гэж үү” хэмээн сэтгэлдээ ярилцаж байж билээ” хэмээн өдгөө бейсболын “Техас Рейнжерс” багийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг Жо Янушевски дурсаж байна. Түүний хувьд энэ бол баяр байлаа. Харин Жон Хенри болон багийн хувьд 2010 оны намар баярламаар зүйл юу ч байгаагүй юм. Баг өргүй л болсноос бус санхүүгийн байдал муу, тоглолт тааруу хэвээр байлаа. Том Хикс, Жорж Жилетт нараас үлдсэн өв гэвэл ердөө хөгширч буй тоглогчид, элит бус дасгалжуулагч Рой Хожсон, хуучирч муудсан цэнгэлдэх, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх алдагдал л байв.

Премьер лигт “Мөнгөний бөмбөг” бүтээхоролдлого

Спортын ертөнцөд Жон Хенри үнэхээр аз, од дагуулсан эзэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр тэр өмнө нь хөлбөмбөгтэй огт “орооцолдож” байгаагүй ч урьдын ялгуусан түүхээ “Ливерпүүл”-д ч давтана гэсэн мэдрэмж олон хүнд төрж байсан нь гайхалтай юм.

Түүний “New England Sports Ventures” (Одоогийн “Fenway Sports Group”) цом хүртэлгүй 84 жил болоод байсан бейсболын “Бостон ред сокс” багийг 2002 онд худалдаж авчээ. Тэгээд хоёрхон жилийн дараа Дэлхийн цувралд түрүүлж, дараагийн 15 жилд амжилтаа гурвантаа бататгасан юм. Энэ гайхалтай түүхийг та бүхэн “Moneyball” буюу “Мөнгөний бөмбөг” хэмээн уран сайхны киноноос үзчихэж болно.

Жон Хенри хожим нэгэн ярилцлагадаа энэ талаар “Ливерпүүл”, “Бостон” хоёрын гарааны нөхцөл байдал надад их адилхан санагдаж байлаа. Хөгжөөн дэмжигч олонтой, хүчирхэг байсан уламжлалтай гээд л...” хэмээн дурсаж байв. Сайтар тунгаасны эцэст тэрээр “Ливерпүүл”-д зөвхөн АНУ-ын спортын зах зээлд туршигдсан, хуучин, уламжлалт аргуудыг (”Бостон ред сокс”-ыг босгоход ашигласан аргуудаа хэлж байна) хэрэглэх нь хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр аргууд нь юу вэ гэдгийг “Money­ball” буюу “Мөнгөний бөмбөг” киноноос тодорхой үзэх боломжтой.

“Бостон”-ыг авсны дараа Хенригийн хийсэн эхний алхам нь киноны гол дүр,

Билли Бинийг авчирсан явдал байсан. Чухам энэ хүн бейсболд хандах хандлагыг нь өөрчилж, амжилтын эхлэлийг тавьж өгсөн байдаг. Тиймээс “Ливерпүүл”-ийг авснаасаа хэд хоногийн дараа Жон Хенри Билли Бин рүү утас цохиж, зөвлөгөө хүсчээ. Цаадах нь хөлбөмбөгийнх л болохоос спортод хандах хандлага, үзэл бодол нэгтэй хэмээн Дэмьен Комолли хэмээх мэргэжилтнийг зааж өгөөд утсаа салгасан аж. Ингээд 2010 оны арваннэгдүгээр сард Дэмьен Комоллитой гэрээ байгуулснаар багаа өөд нь татах ажлыг эхлүүлсэн байна. Гэхдээ амжилт “Бостон ред сокс”-ынх шиг амархан ирээгүй гэдгийг хэлэх ёстой.

Д.Комолли багийн стратегийг барьсан гурван жилд багийн тоглолт дээрдсэн ч амжилт ахисангүй. 2010-11 оны улиралд 38 тоглолтод харьцангуй цөөн буюу 58 гоол оруулсан тул нэгэн зэрэг гурван ч тоглогчийг худалдаж авчээ. Багийн тоглолт дээрдэж, гоолын боломж үүсгэсэн тоогоороо лигтээ эхний байруудад гарч ирсэн ч ашигласан нь хангалтгүй хэвээр байсан тул 2012 онд Д.Комоллиг явуулжээ.

Статистикт хандах шинэ хандлага буюу Ю.Клоппыг сонгосоны учир

Жон Хенри статистикийг их шүтнэ. Яагаад гэдэг нь цаанаа учиртай. Тэрээр их сургуулийн гүн ухааны факультетийн оюутан байхдаа рок хамтлагт тоглохын тулд өөрөө ач холбогдол багатай гэж үзсэн хичээлийг тасалчихдаг байж. Гэтэл эцэг нь гэнэт нас барж, гэр бүлээ тэжээхийн тулд Арканзас дахь буурцгийн аж ахуйгаа хөтөн явуулахаас өөр аргагүй болсон аж. Салан задгай амьдралаа энэ үеэс орхиж, нухацтай хүн болж төлөвшжээ. Буурцагийн фермийн тухайд босгож сүйд болсон юм байсангүй. Харин санхүүгийн тал дээр амжилт олжээ. Жон Хенри эрдэнэ шиш, буурцагийн зах зээл дээр амжилттай ажиллаж, биржийн үнийг урьдчилан таадаг өөрийн гэсэн системийг боловсруулсан аж. Улмаар 1981 онд хөдөө аж ахуйн бирж дээр зөвлөгөө өгдөг хувийн компаниа үүсгэн байгуулжээ. Энэ бүх ажил нь статистик дээр суурилдаг учраас Жон Хенри их ач холбогдол өгдөг юмсанж. Д.Коммолиг явах үед багийн үзүүлэлт статистик тал дээр бол гуниглаад байх шалтгаангүй болсон байлаа. Зөвхөн түүнд нухацтай хандах л чухал гэж Жон Хенри үзэв. Ингээд “Тоттенхэм”-ээс Иэн Грэхэм гэх эрхмийг авчирч, Спортын захирлаар тавьжээ. Иэн Грэхэм нь Кембрижийн их сургуулийг онолын физикчээр дүүргэсэн ч хөлбөмбөгт илүү сэтгэл татагдаж буйгаа мэдэрч үндсэн мэргэжлээрээ ажиллаагүй нэгэн. Гэхдээ хөлбөмбөгийн спортод ороод их сургуульд сурсан мэдсэнээ бүтээлчээр хэрэгжүүлж, дэлхий даяар 100 мянган хөлбөмбөгчийг хамруулсан мэдээллийн баазыг бүрдүүлсэн байна. Түүний өөрийн зохиосон схем тоглогчдыг нарийн судалж, мэдээллийг боловсруулаад хэн гэдэг тоглогчид өсөн дэвших нөөц бололцоо ахиу байгааг тогтоодог.

Тэрээр 2008-2012 онд “Тоттенхэм”-д ажилласан ч дасгалжуулагч нар зөвлөгөөг нь огт хэрэгжүүлдэггүй байдлаас залхаж, статистикийг ашиглах шинэ тогтолцоо бүрдүүлж байгаа гэдэгт нь татагдан “Энфильд”-эд ирэхийг зөвшөөрсөн юм. Энд түүнийг яг хүссэн орчин нь угтан авсан нь өнөөгийн амжилтын маш том нөхцөл байсныг хэлэх хэрэгтэй. “Энфильд”-эд ирээд Иэн өөрийн схемээрээ байрлал бүрт тоглогчдын чадвар нөөц бололцоог тооцоолж гаргаад Дасгалжуулагчдын штаб, солилцоо наймаа эрхэлсэн зөвлөлд танилцуулдаг болжээ. Ингэхдээ аль болох зэрэглэл доогуур “хямд” лигээс үнэтэй ховор авьяасыг олж илрүүлэхийг эрмэлздэг.

Тэрээр ажлаа сайн хийхийн хэрээр баг нь хүчирхэгжиж, мөнгөжиж байв. Жишээ нь, 2016 онд Австрийн лигийн “РБ Зальцбург”-аас төвийн хамгаалагч Наби Кейтаг “олж” дасгалжуулагчийн штабтаа санал болгож байв. Эзэн нэгтэйгээрээ түрий барьсан “РБ Лайпциг” тэр жил Набиг “Ливерпүүл”-ээс өрсөж аваад ямар амжилт гаргасныг хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Гэсэн ч Иэн Грэхэмийн судалгаа жил бүр өндөр коэффициент харуулж, дасгалжуулагчдын зөвлөлдөө танилцуулсаар дараа жил нь “Энфильд”-эд авчирч чадсан.

“Челси”-д бүтэл муутай тоглосноосоо болоод дасгалжуулагч болгонд “Англид идээшиж чадахгүй” гэсэн бодол суулгаж орхисон Мо Салахт итгэж болно гэдгийг тэр л дасгалжуулагч нартаа ойлгуулсан байдаг. 13 саяар худалдаж аваад 145 саяар зарж өндөр ашиг олсон Фелипе Коутиньог ч Иэн Грэхэм, түүний схем олж нээсэн байдаг. Энэ мөнгө орж ирээгүй бол Виргил ван Дейк, Аллисон хоёрыг авч чадахгүй байсан гэдгийг Жон Хенри өөрөө ярьсан байдаг билээ.

Үнэндээ Иэн Грэхэмийн оюун ухаан, мэдрэмж “Ливерпүүл”-ийг хөлбөмбөгийн солилцоо наймааны зах дээрх хамгийн ашигтай тоглогч болгосон юм. Сүүлийн дөрвөн жилд Премьер лигт хамгийн ашигтай ажилласан багуудыг жагсаавал дараах байдал харагдана. Тэгээд хамгийн гол нь Иэн Грэхэм, түүний статистик тооцоолол үгүй байсан бол Юрген Клопп “Ливерпүүл”-д ирэхгүй байх байв. Үүнийг Юрген Клопп өөрөө ч ил тод хэлж байсан удаатай.

Клопп Бундеслигт өнгөрүүлсэн сүүлийн улиралдаа “Борусси Д” багаа дөнгөж долдугаар байр эзлүүлсэн гэдгийг хөлбөмбөг сонирхогчид мэднэ. Гэхдээ Иэн Грэхэмийн схемээр бол Европтоо хамгийн шилдгүүдийн нэг байжээ. Хамгаалалтын чанар, тоглолтын үзүүлэлт, гоолын боломж үүсгэсэн тоо зэргийг тооцож үзвэл Бундеслигтээ долоо биш, хоёрдугаар байрт орох байсан гэсэн тооцоо гаргасан аж.

Иэн Грэхэм 2015 онд Юрген Клопптой хэлэлцээр хийж байхдаа энэ талаар ярихад герман эрийн сэтгэл ихэд хөдлөн ““Майнц”-тай хийсэн тоглолтыг үзсэн үү. Чи тэр тоглолтыг үзсэн юм уу” хэмээн сэтгэл догдлон асууж байсан гэдэг. Тэр тоглолтод “Борусси Д” бүх талаар илүүрхсэн ч гоол оруулж чадалгүй байсаар хожигдсон юмсанж. Харин тэр тоглолтыг нь Иэн Грэхэм үзээгүй байв. Тэрээр бүхнийг өөрийн зохисон математик модель дээрээ тооцоолон гаргаж ирсэн байсан юм. Тэрхүү ярианы дараа Юрген Клопп “Борусси Д” -д байхдаа төдийлөн тоодоггүй байсан математик тооцоололд ихэд итгэн биширсэн гэдэг.

Багийн эзэн Жон Хенри Юрген Клоппын талаар нэгэнтээ “Эцэст нь Клопп зөвхөн манай тоглогчдын төдий биш, клубт хайртай бүх хүний сэтгэлийг татсан нэгэн болж хувирсан юм. Тэр бол манай багийн маргаангүй лидер, жижигхэн мэт боловч хожим багийн амжилтад томоор нөлөөлж болох зүйлсийг гярхай олж хардаг авьяаслаг мэргэжилтэн” хэмээн бахархан ярьсан байдаг билээ.

Иэн Грэхэмийн нөлөөгөөр Юрген Клопп өдгөө Иэн Грэхэмээс гадна астрофизикч Тим Васкетт, шатарчин, математикч асан Дэфидд Стил, Харвардад цөмийн физик судалж байсан, Европын цөмийн судлгааны байгууллагын ажилтан асан Уилл Спирмэн зэрэг хүмүүстэй рисеч блогоороо дамжуулан байнга ярилцдаг болжээ.

Одоо тэдэнд хэр ихмөнгө байгаа вэ?

2010 онд “Ливерпүүл”-д 300 сая фунтын өр байсныг дээр өгүүлсэн. Тэгвэл өдгөө санхүүгийн хувьд хөл дээрээ найдвартай тогтоод байна. Сүүлийн таван жилийн дөрөвт нь ашигтай ажилласан. Нийлбэр дүндээ 204 сая фунтын цэвэр ашигтай ажиллажээ. Телевизээс олсон орлогоороо өнгөрсөн жил бүх Европын хөлбөмбөгийн багуудыг тэргүүлсэн. Багийн амжилт дээшлэхийн хэрээр ивээн тэтгэгчдээс орж ирэх мөнгө ч жил бүр өсч буй. Тухайлбал, жилд 30 саяыг өгдөг байсан “Standard Chartered” 40, жилдээ 45 саяыг өгдөг байсан “New Balance” 75 саяыг өгөх болжээ. “Энфильд” цэнгэлдэхийнхээ суудлыг 8500-гаар нэмж жил бүр 81 сая фунт илүү олох болсныг ч энд дурдах ёстой. “Deloitte”-ын санхүүгийн чансаагаар Европын хөлбөмбөгийн багууд дотроо долдугаарт эрэмбэлэгдсэн нь 2009 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт юм. 2010 онд энэ талаар мөрөөдөхөд ч хэцүү байсан билээ.

1. “Челси” 272 саяфунт

2. “Ливерпуль” 260.5 саяфунт (Мане, Вейналдума, Матип, Кариус, Клаваныг авчирсан Ю.Клоппын эхний улиралд ч багийн баланс 4.25 сая фунтын ашигтай гарч байсан юм)

3. “Арсенал” 158 саяфунт

4. “Манчестер Сити” 108 саяфунт

5. “Тоттенхэм” 88 саяфунт


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ugaasaa liverpool iin fanat bichsen n tod shd

    0 0 Хариу бичих
  2. сайхан мэдээ байна

    0 0 Хариу бичих
  3. үндэстний тойм дээр гарсан мэдээ байна

    0 0 Хариу бичих
  4. Өмнө нь уншиж байсан юм байна. Тэр чигээр нь копи паст хийжээ

    0 0 Хариу бичих