Эмэгтэйлэг бус эмэгтэйчүүд

Би феминист биш, антифеминист бүр ч биш

Философийн ухааны доктор Б.Батчулуун

Хүйсийн тэгш эрх, феминизмийн талаар ам нээсэн хэн бүхний өмнөөс монгол эмэгтэйчүүдэд тулгарсан ноцтой асуудал байхгүй, бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад харин ч эрчүүдээ базсан, атгасан, барууны үзлийг дэлгэрүүлэх гэлээ гэхчилэн шүүмжлэх, үл тоомсорлох, ад үзэх нь ч бий. Монголд ч бус дэлхийд эмэгтэйчүүддээ тулгамдсан асуудлаа бүрэн шийдсэн орон гэж үгүй. Эрэгтэйчүүдийн хувьд архидалт, дундаж наслалт богино байх, боловсролын хоцрогдол, сэтгэл гутрал, сэтгэлзүйн хүчирхийлэл гэхчилэн олон асуудлуудтай тулгардаг шиг, хөгжлөөрөө тэргүүллээ ч эдгээр асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа шигээр эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх төлөөлөл бага байх, соёл уламжлал хийгээд шашин дахь ил, далд ялгаварлалууд, хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт, эмэгтэйчүүдийн ядуурал гэхчилэн асуудлуудаа шийдэж чадсан улс байхгүй. Яагаад охидын тоглоом гэхээрээ цэвэрлэгээний иж бүрэн хэрэглэл байхад хөвгүүдийнх нь эвлүүлдэг тоглоом, машин, эсвэл танин мэдэхүйн ном байдаг юм бэ гэж эгдүүцэх нь зөрүүд, өөлөх юмаа олж ядсан завтай хүний зан биш. Энэ бол эмэгтэйчүүдийг дутуу үнэлэхийг, эмэгтэй хүн эрэгтэйгээсээ бүхий л зүйлээрээ дутуу гэж боддог балар, бурангуй үзлийг хүлээн зөвшөөрдөггүй, эр эм хүйсийг тэгш гэдгийг мэддэг, ойлгосон хүний л эсэргүүцэл. Энэ бол феминизм.

Үндэсний статистикийн хорооноос Цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд хийдэг. Тэгвэл дөрвөн жилийн өмнө буюу 2015 оны судалгаагаар монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага унтаж, өөрийгөө хөгжүүлэхэд бага цаг зарцуулж, цалин хөлстэй ажил бага эрхэлж бусдад үйлчлэх, асрахад ихээхэн цагаа зориулж байна гэсэн дүн гарчээ.

Монгол Улсын нийт 3990 өрхийн 13626 хүн хамрагдсан уг судалгаанаас монгол эмэгтэйчүүдийн бодит амьдралын зах зухыг харж болохоор байгаа юм. Жишээлбэл, Монгол Улсын хөдөлмөрийн насны эрэгтэйчүүд долоо хоногийн нэг өдөрт хөлстэй хөдөлмөрт 7 цаг, эмэгтэйчүүд 5 цагийг зарцуулж байгаа нь өмнөх судалгаа (Цаг ашиглалтын судалгаа-2011)- ны үеэс тус бүр нэг цагаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэхдээ хөлстэй ажил эрхлэхэд долоо хоногийн нэг өдөрт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр цагаар, хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гурван цагаар илүү цагийг зарцуулж байгаа гэж судалгаанд оролцогчид хариулжээ. Үүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүд өдрийн нийт цагийнхаа 14.2 хувь буюу 205 минутыг зөвхөн гэрийн ажилд зарцуулж байхад, эрэгтэйчүүд ердөө 4.7 хувь буюу 67 минутыг л зарцуулж байсан нь эрчүүдээс даруй гурав дахин их гэсэн үг юм. Хэдийгээр жижиг мэт боловч энэ зөрүүнээс феминизмийн тэмцээд буй асуудлууд урган гардаг. Хүний эрхийг эрэгтэй ба эмэгтэй хүний гэж ялгасантай ижил ийм буруу бодол, үзэл, хандлагаа өнөө ч гээж чадахгүй байгаа бурангуй тогтолцоо өөрчлөгдөхгүй байгаа, “ялгаатай байдал”-ыг өөрчлөх нь феминизмийн гол зорилго гэж хэлж болно.

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч А.Анударь

Монголын феминистууд нэгд, жендэрт суурилсан бүх төрлийн хүчирхийллийн эсрэг дуу нэгтэй ажиллаж байгаа. Ингэхдээ өөр өөрсдийн аргаараа тэмцэж яваа гэж хэлж болно. Мөн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч Х.Номингэрэл

Үзэл баримтлал, улс төрийн түвшинд олон төрлийн феминизм оршдог. Гэхдээ суурь үзэл баримтлал нь эмэгтэй хүний эрхийг эдлүүлэх тухай юм. Эм хүйстнүүд хүний эрхээ эдлэхэд манай хууль зөвхөн формаль түвшинд л байгаа. Гэтэл бодит байдал дээр эмэгтэйчүүд хүний эрхээ эдэлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хүний эрх болон эмэгтэй хүний эрх гэдгийн хооронд зөрүү гарчихсан. Бид энэ зөрүүг алга болгож хүний эрхээ л эдлэх тухай асуудал яриад байгаа юм. Түүнээс бус хүний эрхээс давсан зүйл, эрэгтэйчүүдийн эрхийг үл хүндэтгэсэн зүйлс огт ярьдаггүй. Хүчирхийлэлд эрэгтэйчүүд ч өртөж байгаа. Гэхдээ хүчирхийллийн хохирогчдын 98 хувь нь эмэгтэйчүүд. Цалингийн ялгааг харвал эрчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд дунджаар 100 мянган төгрөгөөр хөдөлмөрөө дутуу үнэлүүлж байна. Эмэгтэйчүүд цалин багатай үйлчилгээний салбарт төвлөрсөн байгаа нь үүгээр нотлогдоно. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловсрол эзэмшдэг гэдэг ч энэ чинээгээр орлого олж чаддаггүй. Цөөхөн эрчүүд өндөр технологи, манлайллын ажлын байрууд дээр илүү төвлөрдөг бол олон эмэгтэйчүүд нэг газар ажиллаж буй мэт боловч дундажлахаар цалингийн зөрүү үүсдэг.

Феминизм гэхээр нийгмийг талцуулах гэлээ гэж шүүмжлэгчид ч гарч ирдэг. Хөгжлийн онолоор эмэгтэйчүүдийг бүрэн ашиглагддаггүй нөөц гэж үздэг. НҮБ-аас хийсэн нэгэн судалгаагаар хэрвээ эмэгтэйчүүд нийгэм болоод эдийн засгийн харилцаанд бүрэн оролцоод, хөдөлмөрөө бүтнээр нь бас шударгаар үнэлүүлдэг болбол дэлхийн эдийн засаг 22 их наяд ам.доллароор нэмэгдэх боломжтой гэдгийг тооцоолон гаргасан байдаг. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг энгийн юм шиг хэрнээ ноцтой олон зөрчил бий. Хөдөлмөрийн тухай хуульдаа зааж өгсөн ч гэлээ эмэгтэй ажил горилогчийн нас, хүүхдийн тоо, гэр бүл төлөвлөлт буюу ойрын хугацаанд хүүхэдтэй болох эсэх тухай асуудаг ажил олгогчид байсаар, ажлын байрны бэлгийн дарамт ил, далд явагдаж байгаа ч тоглоом шоглоом гэж, өөрт нь ингэж хандахыг хүлээн зөвшөөрөхгүй бол тоглоом даадаггүй “хүүхэн” гэж хүлээн авах нь элбэг байгаа нь харамсалтай.

Арабын баян орнууд гэхэд ДНБ- ээрээ өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцдэг хэрнээ хүний хөгжлийн үзүүлэлтээрээ сүүл мушгиж байгаа үндсэн шалтгаан нь ч эмэгтэйчүүдийг дутуу үнэлдэг, хүйсийн тэгш бус байдалтай нь холбоотой. Хэрвээ тэд эмэгтэйчүүдийн ухаан, чадвар, оролцоог эрчүүдийнхтэй тэгшитгэж чадвал эдийн засгийн ч, хүний хөгжлөөрөө ч манлайлах боломжтой. Саудын Арабт эмэгтэйчүүд машин жолоодох эрхтэй болсон, тус улсад аялахаар эсвэл жуулчиж буй бусад улсын 25 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд харгалзах эрэгтэй хүний шаардлагагүйгээр ганцаараа зорчих боломжтой болсон нь жил хүрэхгүйн өмнөх шинэтгэл. Хэдий алгуур, жижиг зүйлээс эхэлж буй мэт боловч араб эмэгтэйчүүдэд олдож буй дээрх боломжууд эмэгтэйчүүдийн эрхийн хувьд бол том алхам билээ. “Феминист онолын гол шүүмжилдэг тогтолцоо болох эцгийн эрхт ёсны үзэл санаа, соёл, уламжлал, хандлага, хэвшмэл ойлголтыг бэхжүүлж ажилладаг эмэгтэйчүүд ТББ-ууд байдаг хэдий ч тэднийг феминист гэхгүй. Эцгийн эрхт ёсны эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг хүйсэнд нь тулгуурлан ялгаатай үзэж, хэрхэн яаж амьдрахыг номлодог бичигдээгүй хууль шиг тэр хэм хэмжээ, тогтсон хандлагуудыг жендэрийн хэвшмэл ойлголтоос улбаалаад эмэгтэй хүний эрхэм зорилго нь хүүхэд тээж, төрүүлээд өсгөх, ар гэрээ авч явах, халамжлах, эр хүндээ туслагч нь байх гэсэн хоёрдогч этгээдийн байр суурьтай гэдэг. Эмэгтэй хүний энэ уламжлалт дүрийг бэхжүүлээд “Саран ээж”-ээр өргөмжилдөг ч юм уу, дархан, уран бэр шалгаруулаад байгаа бол эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа болохоос феминист үйл ажиллагаа болохгүй. Монголд тоотой хэдэн феминист үзэл санаагаа олон нийтэд илэрхийлдэг судлаач, паблик фигур, ажилладаг активист, байгууллагууд бий. Монголын хувьд эмэгтэйчүүдийн хөдөлгөөний арвин түүхтэй ч нийгэмд цөөнхийн дуу хоолой” гэж “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг А.Анударь ярьсан юм. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ бол шинэ үеийн байгууллага. Монгол Улсад феминизм яг ийм түвшинд гээд шууд хэлэхэд ярвигтай. Дарагдаж, хүлээн зөвшөөрөгдөхгүй тал ч бий , бас хүмүүст хүрээд бодлогод ч нөлөөлөөд амжилт гаргаж байгаа туршлага ч бий. Ер нь феминист эмэгтэйчүүдийг сэдэв, сэдвээс нь хамаарч л сайшааж, эсвэл ад үздэг. Нөгөө л нэг жендэрийн хэвшмэл дүрдээ таарсан, халамжлагч дүрдээ таарснаар хүүхдийн эрх, нийгмийн халамж ярьвал зөв зүйтэй гэнэ. Улс төр яривал илүү харж, билүү долоолоо, байрандаа байсангүй гэх нь ч бий гэдэг хэмээн А.Анударь хэллээ.

Монголчууд Б.Батчулуун докторын хэлсэн шигээр феминист биш, гэхдээ анти-феминист ч биш. Яахав одоо тулгараад буй эмэгтэйчүүдийн асуудал, нөхцөл байдлыг өөрчлөхөд саад болж буй гэх үү, тулгарч буй саад гэх үү нэг зүйл нь олон нийтийн стереотип. Америкийн алдартай нийтлэлч Уолтер Липпман “Нийгмийн санаа бодол”(1922 он) бүтээлдээ стереотипийг “Өмнөх нийгмийнхээ туршлагад илүүтэй үндэслэсэн хүрээлэн буй ертөнцийн тухай танин мэдэхүй, төсөөллөөрөө дамжуулан мэдээллийг тайлбарлаж, хүлээж авч буй нийтлэг түүхэн загвар” гэж тодорхойлсон байдаг. Стереотип нь бие хүний мэдрэмж, үйлдэлтэй үргэлж хамаатай байдаг учраас аль ч нийгмийн тогтолцоонд хүмүүс нь нэгдмэл стереотиптэй байх нь элбэг тохиолддог. Ялангуяа уламжлал, ёс заншлаа олон зуун жилээр хадгалж үлдсэн орнуудад, эсвэл шашны нэг урсгалыг хүн амын дийлэнх нь шүтдэг бол стереотип нь нэг байх нь энгийн зүйл гэж болно. Эр муу ч эмийн дээр, үс нь урт ухаан нь богино гэхчилэн өнөө ч бидний хэлдэг үгс бол олон арван, магадгүй олон зуун жилийн өмнөх эцгийн эрхт ёсны үед эмэгтэйчүүдийг үл тоомсорлодог байсны л улбаа стереотип болон үлдсэн хэрэг. Нийгмийн энэ тогтсон стереотипийг өөрчлөхөд про- феминистүүд буюу эрэгтэй феминистүүд бидэнд дутагдалтай байгаа юмуу даа гэж санагддаг.

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд

Эхнэр хүн гэхээр заавал өдөр бүр гэр цэвэрлэж, хоол хийдэг байх албагүй. Тэр хүн тогооч, цэвэрлэгч шиг ажиллах гэж хүний эхнэр болоогүй. Аз жаргалтай л байвал гэрээ хэн нь ч цэвэрлэсэн яадаг юм. Өдөр бүхэн аз жаргалтай байх болтугай, шинэхэн долоо хоногийн мэнд ...

Феминист эрэгтэй хүн байх нь сул талаа гаргаж байгаа эс бөгөөс ямар нэгэн гайхамшигтай зүйл мэтээр хүлээн аваад, онцгойлон талархаад байх шаардлагагүй. Зүгээр л тэд бол ердөө л байдлыг бодитоор харж чаддаг реалистууд юм. Хөвгүүд уйлдаггүй юмаа биш, хөвгүүд охидыг уйлуулдаггүй юм гэж хүүгээ сургадаг бол ирээдүйд эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй, тэд хэн нь ч хэнээсээ илүү болоод дутуугүй, ХҮН гэдгийг ойлгуулж буй нэн сайн хэрэг.

АНУ-ын үндэсний хөлбөмбөгийн багийн тоглогч асан Терри Крюс

Би та нарыг хамаг ажлаа орхиод эмэгтэйчүүдийг авар гэж уриалаагүй. Үнэндээ тэд хангалттай хүчирхэг, өөрсдийгөө хамгаалах чадвартай хүмүүс. Би та бүхнийг үзэл бодлоо өөрчлөхийг л уриалж байна. Та өөрийгөө эхнэр, охиноосоо дээгүүр тавьдаг бол жинхэнэ эр хүн мөн үү?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)