Шатахууны үнэ өнөөдөр буух ч, маргааш өснө

Монгол Улс шатахууны хувьд хойд хөршөөс хараат. Тэр ч утгаараа дотоодын жижиглэнгийн үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш, ОПЕК орнуудын “салхинаас” хамааралтай байдаг. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд л гэхэд Монгол Улсад шатахууны жижиглэнгийн үнэ 400 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Тухайлбал, 2017 оны арванхоёрдугаар сард 1630 төгрөг байсан иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууны үнэ өнөөдөр 1900 төгрөг давсан байгаа. Мэдээж Монголд шатахууны үнэ өсөх нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш, ОХУ-ын хилийн үнэ, ам.долларын ханш, дотоодын Онцгой албан татвараас хамаардаг. Сүүлийн хоёр сар дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш бууж байгаатай холбоотойгоор өчигдрөөс эхлэн дотоодод иргэдийн өргөн хэрэглээний Аи 92, 95 автобензиний үнэ 50 төгрөгөөр буурна гэдгийг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллэв.

Өөрөөр хэлбэл, оны эхэнд дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 54 ам.доллар байсан бол өнөөдөр 64 ам.доллар байна. АНУ-ын Иранд тавьсан хоригтой холбоотойгоор дөрөвдүгээр сард дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш огцом өсөж 74 ам.доллар хүрсэн. Ингэснээр манай улсад жижиглэнгийн шатахууны үнэ 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэн юм. Ханшийн өсөлт тав, зургаадугаар сард хэвээр хадгалагдаж байсан тул манайд жижиглэнгийн үнэ хэвээр байсан. Харин өнгөрсөн сарын сүүлчээр болон энэ сарын эхээр бууж байгаа тул ийнхүү өргөн хэрэглээний шатахууны үнийг буулгаж байгаа юм байна. Ингэснээр сүүлийн хоёр сард дотоодод жижиглэнгийн шатахууны үнэ 110 орчим төгрөгөөр бууна гэдгийг Газрын тосны газраас мэдээлж байгаа юм. Харин цаашид дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өсөх хандлагатай байна. Учир нь, энэ сарын эхэнд ОПЕК-ийн  орнуудын хурал болсон. Уг хурлаар газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан юм. Ингэхээр нийлүүлэлт багасаж, үнэ өсөх юм. Мэдээж энэ нь манайх шиг импортлогч улсад нөлөөлөх нь дамжиггүй ээ. Ингэхээр өнөөдөр шатахууны үнэ бууж байгаа ч, маргааш өсөх хандлагатай байна.

Дашрамд мэдээлэхэд, Уул уурхай  хүнд үйлдвэрийн сайдын даргалдаг Шатахууны үнийн зөвлөлийн хурал өнгөрсөн сард болсон. Уг хурлаар дөрвөн зөвлөмж гаргажээ. Түүнчлэн дизель түлшний үнийг үндэслэлгүйгээр 40 төгрөгөөр нэмсэн дөрвөн аж ахуйн нэгжид, сануулах бичиг явуулсан байна.

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Togloom tohuu hiij bh shiv dee ard olnoo

    0 0 Хариу бичих