“Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга  Г.Занданшатарт “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барилаа.

Терроризмтой тэмцэх асуудлаар нийт 19 олон улсын гэрээ, баримт бичиг байдгаас Монгол Улс нийт 13 олон улсын гэрээнд нэгдэн орсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсад терроризмтой тэмцэх чиглэлээр Терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам” зэрэг хэд хэдэн хууль, эрх зүйн акт хүчин төгөлдөр үйлчилж байна. Цаашид Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүссэн учраас уг хуулийн төслийг боловсруулсан тухайгаа Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Терроризмтой тэмцэх хорооны Гүйцэтгэх зөвлөлийн Ажлын хэсэг, Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага зэрэг олон улсын байгууллагууд манай улсад үнэлгээ хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн сул тал, дутагдлыг тодорхойлж, зөвлөмж гаргасан байна. Эдгээр байгууллагуудын зөвлөмжийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсчээ.

“Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төсөл 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дараах асуудлуудыг зохицуулахаар тусгажээ. Үүнд,

- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах;

- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх, террорист үйлдлийг таслан зогсоох;

- Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн үндсийг тогтоох;

- Үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалтын үндсийг тогтоох зэргийг тусгасан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)