Улсын хэмжээнд 64 удаагийн усны осол гарчээ

Баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байдгийг Онцгой байдлын ерөнхий газраас дурдав. Үүнтэй холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан,  амарч, зугаалж буй иргэдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна.  Үүний 47 нь том хүн, 8 нь хүүхэд аж.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, нөгөөдөр баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Иймд, голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарахыг тус байгууллагаас мэдээллээ. Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байхыг сэрэмжлүүлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)