“Говийн сайхан”

Сэмжин цагаан үүлс тэнгэрийн хаа нэгтээ л үзэгдэх. Холын зэрэглээ баянбүрдийн  ус бялхаж  харагдах шиг нүд сэтгэлийн цангааг  тайлж зэрэглээн дундаас сүрэг тэмээ  явж харагдана.  Амьсгалахад ч бэрх  тос даасан шаргал говийн  зах руу нь ороод л  хонин гүрвэл  аахилж, голио царцаа  час час  дуугарахыг хараад  тэсгэл алдмаар. “Говийн сайхан” гэж энэ л байхдаа.

 Хот суурин газар баяр наадмын амралт гээд хөдөө орон  нутгийг зоригсод олонтоо.  Амарч зугаалах, аялж  газар үзэх гээд   ид  амралтын үе эхэлдэг байна.  Гэвч хөдөөний малчин түмний хувьд амрахаасаа илүүтэйгээр ид ажлын  үе таардаг.  Тэр тусмаа говийн хүмүүсийн хувьд   хонь хурга  ноослох эсгий  хийх гэх мэт зав чөлөө ер үгүй. Ажилч хөдөлмөрч ард түмнийг харахад үнэхээр бахадмаар. Төв суурингийн хүмүүст  бол  гайхмаар санагдах хэдий ч тэдний хувьд бол өдөр тутамдаа л хийдэг энгий л зүйлсийх нь нэг хэмээж байна. Дундговь аймгийн  Сайхан-Овоо сумын  хоёрдугаар багийн малчин  Ц.Хүрэлбаатар “Баяр наадмын амралт гээд гадаад дотоодын жуулчин их л явж байгаа бололтой. Гэхдээ малчин бидний  хувьд  ажил энэ үед л  өрнөх юм даа. Бид чинь цаг наргүй л борви бохис хийлгүй   ажиллаж хөдөлмөрлөж байдаг улс шүү дээ. Ойрын өдрүүдэд ойр хавийн хамаатан садны болон өөрийн 2000  гаруй хурга 3, 4 өдөр  хяргаж байна. Бид чинь хамтраад л нэгнийхээ  хургыг хяргаад явдаг улс даа” хэмээн ярив.  

Говийн зон олны зочломтгой зан  сайхан яриа хөөрөө юунд ч нэг л зангаараа  гүндүүгүй  байх нь ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Айл өрх нь  хэдэн ч хоног гэрээ орхиод хол замд явсан цоож цуурга зүүхгүй  аяны хүн аяншиж ядархаараа орж цай  хоол хийж идэж уугаад л мордоод явдаг заншил зэргээс нь  монгол ахуй монгол түмний  сайхан чанар зочломтгой зан тархийг харж болмоор  санагдсан шүү. Говийн ард түмэн гэдэг цаанаа л онцлогтой ажилч хичээнгүй  тэвчээртэй ард түмэн юм. 30 градусын халуунд  найман настай балчираас авхуулаад 80 настай  буурлууд нь хүртэл зүгээр суухгүйг хичээж хонь тэмээ ноослоод хэн нь ч “Даралт ихэслээ” “Наршлаа” гэж  ажлыг хойшлуулахгүй  айл хотлоороо хамжаад л хийж дуусгана.  Долоон настай Бадамаа охин хурга хяргаад хээв нэг том хүн шиг сууж байхад нь  таараад  ярилцахад “Хичээл амарсан  аав ээжийгээ ядарч байгаадаа гэж бодоод ирж тусалдаг”  гээд л гэнэхэн инээмсэглэх нь өхөөрдмөөр. Жаахан хүүхэд болохоор нь “Хайчаа болгоомтой бариарай” гэхэд “Зүгээрээ сурчихсан юм. Харин хурганыхаа биеийг л хяргачихгүй байх хэрэгтэй.  Тэгвэл өтөж, өвдөнө. Тийм ээ, ааваа”  гээд л хүмүүсийг инээлгэж хэвлүүхэн загнаж суусан даа.

 Их ажил дууссаны дараа хорхог хийж айл саахалтаараа  цуглан баяр наадмаа тэмдэглэн эрчүүд бөх үзэж хүүхэд хүүхнүүд гадаа  харилцаж тоглоно. Хэнч ядраагүй юм шиг л шуугиж тоглож харагдана. Гэвч гэр дотор хөгшид “Манай  нутгаар бороо ногоо жаахан тааруухан байна даа.  Ноосны ажлаа дуусгаад   отор нүүдэл хийх  сайхан ногоотой газар  буугаад унагаа уях, айраг  цагаа намрын сааль сүүний ажил эхэлнэ дээ” гээд л бас л цааш цаашдын ажлаа төлөвлөж сууцгаана даа.  Хавар аажуу их цас орж эрт ногоо идсэний  буянд мал  сүрэг эсэн мэнд  онд орлоо. Одоо бороо орж  л өвөлжих өвөлжөөтэй болгоосой  хэмээн  хууч хөөрцгөөнө.  Хэрвээ Дундговь нутгийн ихэнх хэсгээр бороо орохгүй намар өвөл нь их цас орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс  нутгийн зон олны дараагийн ажил хадлан тэжээлээ бэлтгэх  хороо саравчаа засахаас авхуулаад тэдний ажил их аж. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл л тэдний ажил үргэлжлэх юм.

Х.Умаахан

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. setgeld ih oirhon bichijee

    0 0 Хариу бичих
  2. Сайхан бичиж байна

    0 0 Хариу бичих
  3. Сайхан бичсэн байна

    0 0 Хариу бичих
  4. Baigaa baidliig iim saihnaar nairuulj bichne gedeg mundag bnshuu. Ulam hicheegeerei mundag bn.

    0 0 Хариу бичих